Геополитикийн бодлогодоо тодорхойлох нь

Admin | 2024-08-06


Өдгөө дэлхий дахинд өрнөөд буй үйл явдалд манай улс идэвхтэй оролцож бидний хүсэл эрмэлзэл ч үр дүнгээ өгсөөр байгаа гэдэгт хэн ч  эргэлзэхүгүй.

Харин сүүлийн хоёр жилд дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал  биднээс сайтар  бодож боловсруулсан шинэ гадаад бодлоготтой болохыг шаардаж байгаа нь  манай хойд хөрш ОХУ болон барууны орнуудын  хоорондох  зөрчилдөөнтэй холбоотой. Монголыг тойрсон геополитикийн  “гурвалжин”  үүсчихээд байгаа нөхцөлд  бид цаашдаа яах ёстой вэ?  “Гурвалжин” гэдэг нь  Орос, Хятад хоёр, гурав дахь нь манай  гуравдагч хөрш буюу  мөн л  өөрийн гэсэн ашиг сонирхлын үүднээс Монголыг сонирхож буй, манайхтай хиллэдэггүй “гуравдагч хөршүүд”. Энэ бүхэн барууныг тууштай эсэргүүцэгч, дэлхий дахинд улам бүр нөлөөтэй болж буй  “шинэ ертөнц”  гэгддэг орнуудтай  холбоотой.  Тодруулбал, ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг хурдтай хөгжиж буй гүрнүүдийг Ази, Африк, Латин Америкийн орнууд ихэд сонирхоод зогсохгүй  БРИКС болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэхийг эрмэлзэх боллоо.

Монгол бол  нэлээд хэдэн жилийн өмнөөс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагч гишүүнээр элссэн. Гэхдээ эдгээр олон улсын байгууллагын жинхэнэ  гишүүн болохыг хүсч байгаа гэхгүй. Тэгээд ч манайх дэлхийн улс төрийн тулгамдсан асуудлыг шийдэдэхэд оролцож, чухал үүрэг  гүйцэтгэх хэмжээний нөлөөгтэй улс биш. Нөлөөтэй болж чадахгүй байгаа  нэг шалтгаан нь 30 жилийн өмнө баталсан гадаад бодлогын зарчимдаа баригдсаар байгаатай холбоотой. 30 жилийн тэртээх бодлогыг мөнхөд үйлчилнэ хэмээн бид  эндүүрсэн. Олон ургалч гадаад бодлогыг тууштай баримтална хэмээн тунхагласан тул  хувисан өөрчлөгдөж буй дэлхийн улс төрийн байдалтай зохицох амаргүй. Түүнээс гадна сүүлийн үед дотоодын улс төрийн асуудлууд, хээл хахуулийн  хэргүүд тасрахгүй байгаа нь гадаад бодлогын асуудлаас хөндийрүүлэх шиг.

 

Бид эргэн тойронд өрнөж буй үйл явцыг анхааралтай ажиглаж, нарийвчлан судалж, дүгнэлт хийх ёстой байсан.  Гэтэл судалгаа хийж дүгнэлт гаргах мэргэжлийн байгууллага манайд байгаа юу гэж асуумаар  байна. Харамсалтай нь одоогоор  мэргэжлийн судалгааны байгууллага байхгүй.

Дэлхий дахинаа тулгарч буй асуудлуудыг наривйчлан судалж, өөрийн байр сууриа  тодорхойлж чадахгүй бол  бүс нутагтаа ч байр сууриа илэрхийлж, нөлөөлж чадахгүй. Үүний нэг жишээ болгон Солонгосын хойгийн асуудал.

Зүүн-Хойд Азийн аюулгүй байдлыг хангах асуудлаар манай улс олон жилийн туршид  Солонгосын хойгийн асуудлыг хөндөж олон улсын анхаарлын төвд байсан. Гэтэл эцэстээ яав?  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин  саяхан БНАСАУ-д төрийн айлчлал хийж  энэ асуудлыг шйдэхэд  манай  оролцоо үндсэндээ  хэрэггүй болсон. Солонгосын хойгийн асуудал олон жил яригдаж байгаа боловч бидэнд овсгоо, санаачилга, зориг дутслаа. Ядахдаа зөөлөн бодлогын аргаар  БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригийг сулруулах асуудлыг хөндөж чадаагүй. ОХУ-ын төрийн тэргүүний хийсэн айлчлалын дараа БНАСАУ нь энэ хоригийг даван гарч чадна гэдэг нь тодорхой болсон. Хэрвээ бид алсын хараатай байсан бол бүс нутагтаа ёс суртахуунтай шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцлийг тэргүүлэх боломж байсан.  Харамсалтай нь Зүүн-Хойд Азид аюулгүй байдлыг тогтоохын төлөөх бидний олон жилийн хүчин чармайлт талаар нэг болсон. Орос, Хойд Солонгос, Хятад гурав бидэнгүйгээр асуудлыг  шийдчих бололтой. Бид хөршийнхөө  сөргөлдөгч Япон, Өмнөд Солонгосын талд зогссон. Гэхдээ ингэх шалтгаан бий. Учир нь  энэ хоёр улсын аль алинтай манайх найрамдлын гэрээ байгуулсан. Япон бол манай стратегийн түнш.Тэгээд ч  манайх олон талт гадаадын бодлого баримталдаг орон.

Сүүлийн үед Япон, Өмнөд Солонгосоос гадна  Австрали, Шинэ Зеланд хоёр  НАТО-д нэгдэхийг эрмэлзэх болсон. Манай улс ч НАТО-г дэмждэг Азийн орнуудтай хамтрах болсныг  зарим улс орнууд шүүмжилж төвийг сахина гэсэн бодлогоо баримталсангүй хэмээн буруутгах боллоо.

Бид Зүүн-Хойд Азийн түншүүдтэйгээ маш болгоомжтой харилцах болсон нь  шалтгаантай.  Жишээ нь Японыг авч үзье.Тус улсын түүхэнд өөрсдөд нь ч таалагддаггүй зүйл ч бий.  Жишээ нь 1904-1905 оны Орос-Японы дайны дараа Япон Оростой  нууц гэрээ байгуулж түүндээ  Монгол руу “хөдөлнө” гэдгээ  маш тодорхой илэрхийсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй үүнийгээ Хятадад үзүүлэх шахалттай  холбон тайлбарлаж байжээ.  Гэтэл орчин үеийн залууст зориулсан түүхийн номнуудад Япон  тэр үед Европын колончлогчдын эсрэг дайтаж,  бүс улс орны ард иргэдийг тэр дундаа тайванчуудыг гэгээрүүлэх үйлсэд зүтгэж байсан хэмээн бичжээ.

Халх гол руу довтолсноо ч үүнтэй холбон тайлбарласан байдаг. Үүнийг үзвээс Монгол, Зөвлөлт хоёр  Манж улсыг довтолсон болж таарна. Японы албаны хүмүүс мэдэгдэхдээ  АНУ нь  Японы хотуудыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн  явдалд АНУ-ыг буруутай гэсэн.  Гэтэл энэ  талаар дэлхийн улс орнууд юу ч дугараагүй. Үнэндээ энэ нь  маш аюултай бөгөөд түүхийг гуйвуулсан хэрэг.  Япон  дайн хийснээ өөрсдийгөө хамгаалах зорилгоор  довтолсон болгохыг завдана.

Дээрх жишээнүүдийг дурдсан учир нь гэвэл бид өрнөж буй үйл явдлуудад цаг тухайд нь дүн шинжилгээ хийж байх  ёстой. Харамсалтай нь манайхан ингэхгүй байна. Хоёрдугаарт, манай гадаад бодлого  зогсонги байдалд орсон, Тодруулбал, дэлхийн нөхцөл байдал хувисан өөрчлөгдөж байхад бид хөл нийлүүлж чадахгүй байна. Бүгдийг нь “найзынхаа” тоонд оруулах нь гадаад бодлогыг маань төөрөлхдүүлэх вий.

 Д.Цэрэнсамбуу

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)