Монголд бизнес хийх “там” боллоо: Бүртгэлтэй ААН-үүдийн тал нь зогсжээ

Admin | 5 цагийн өмнө


Уг нь “Ажилгүй, залхуу ард түмэн” гэгдэх учиргүй болтлоо л монголчууд хөдөлмөрлөж байгаа юм байна. Хэд хэдэн статистик авч харвал, өнгөрсөн онд ажиллах хүч, яг тогтмол ажил хийдэг иргэдийн тоо өсжээ. Хувийн ААН, бизнес эрхлэгчид ч тогтмол нэмэгдсээр байна. Авчиг инфляц, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийнхээ араас босож ирдэггүй хэвээр. Монголд бизнес эрхэлнэ гэдэг ноён нуруугаа хэзээ хугарахыг хоног тоолон хүлээхийн нэр гэлтэй.

Бүртгэлтэй ААН-үүдийн 40 хувь нь л үйл ажиллагаа явуулж байна

2024 оны сүүлээр Монгол Улсад 247 мянган хувийн ААН бүртгэгдсэн байна. Гэвч тэдний 99.8 мянга нь л “Үйл ажиллагаа явуулж байна” гэсэн тэмдэгтэй. Ердөө 40 хувь нь. Харин 48.8 мянга (19 хувь) нь үйл ажиллагаагаа эхэлж ч амжаагүй байгаа. 85 мянга буюу бараг л тогтмол ажиллаж буй хэсэгтэйгээ дүйцэх хэмжээний ААН “Үйл ажиллагаагаа түр зогсоосон” ангилалд орчихсон.

Уг нь 2019 онд 176 мянга байсан хувийн ААН-ийн тоо дөрвөн жилийн дотор 1.6 дахин нэмэгдсэн байгаа юм. Атал тал хэсэг нь ч тогтмол үйл ажиллагаа явуулж чадахгүй байгааг дээрх статистик харууллаа.

Энэ юу гэсэн үг вэ?

Хөдөлмөрлөх, бизнес эрхлэх эрмэлзэл нь байв ч тэд дийлэхгүй байна.

Үүний шалтгааныг эрье гэвэл бизнесийн орчны судалгаа татаж харах шаардлагатай. Гэвч МҮХАҮТ хамгийн сүүлд 2023 оныг цар тахлын үетэй харьцуулж судлаад, түүнийгээ танилцуулаад орхижээ. Угтаа бизнес эрхлэгчдийн бодит нөхцөл байдлыг илчлэн тавьж, эрх ашгийг нь хангуулах, хууль эрх зүйн таатай орчин бий болгох чиглэлд жинхэнэ улалзаж ажиллах ёстой ганц байгууллага л даа. Судалгааны дорвитой эх сурвалжийг ч МҮХАҮТ-аас авч үзэх бололцоо бага юм байна.

Жич: Хуучин тогтмол, идэвхтэй ажилладаг байсан цаг бий. Сүүлийн жилүүдэд хэтэрхий мөлийсөн бөгөөд хийсэн судалгаагаа ч танилцуулахгүй, дардаг болсон гэгдэж байгаа.

МҮХАҮТ-ын тухай сэдвийг орхиж, хамгийн сүүлийн судалгаатай нь товчхон танилцаад үзье.

Ингэхэд хэд хэдэн дүгнэлт хийж болохоор буйн эхнийх “Бизнесийн орчин цар тахлын үеэс ч муудсан” гэдэг өгүүлбэр билээ.

Хоёрт, байгууллагын дотоод үйл ажиллагаа гэдэгт л “Сайжирсан” үнэлгээ өгөгджээ. Бусад бүх чиглэлд унасан.

Төвөг учруулж буй шалтгаан нөхцөл нь,

  • Засгийн газрын институц хоорондын тогтолцоо, уялдаа холбоо хүндрэлтэй
  • Төрийн байгууллагаас зөвшөөрөл авах, бизнесээ санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр олох боломж хомс
  • Гадаад худалдаа эрхлэгчдэд тусгайлан хандсан бизнесийн үйлчилгээ байхгүй
  • Валютын ханшийн хэлбэлзэл их зэргээр дүгнэгдсэн байх юм.

Сонирхолтой нь, татварын орчны төвөгтэй байдлын талаар тус судалгааны тайланд өгүүлээгүй байх юм.

Ерөөсөө л бизнес эрхэлье гэхээр төрийн зохицуулалт хангалтгүй байна гэдэг. Энэ бол “Төр бизнес хий” гэж байгаа хэрэг огт биш. Харин бизнес хийх орчинд бодлогын дэмжлэг үзүүлэх учиртай. Ядаж, томоохон төслүүдээ хувийн хэвшлээр хийлгэдэг болох хэрэгтэй.

Гэхдээ үүнийг хэзээ хүртэл улиглан давтах вэ, ер нь Монгол Улс бизнес эрхлэгчдээ хэзээ, хамгийн сүүлд харж үзсэн, тэдний төлөө бодлого шийдвэр гаргасан юм бэ?

Нийт ажиллагчдын 40 хувь нь л хувийн хэвшилд зүтгэж байна

Одоо ажиллах хүчинд төвлөрөөд үзье.

Өнгөрөгч 2024 оны гуравдугаар улирлын статистикаар, хөдөлмөрийн насны 2.3 сая хүн Монголд бий гэж гарсан. Тэдний 63 хувь нь ажиллах хүч болдог. Яг идэвхтэй ажил хийж байгаа нь ийнхүү 1.3 сая. Энэ нь өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад 48.3 мянгаар өссөн дүн аж. Мөн ажиллах хүчнээс гадуурх ангиллын хүн ам 2023 оноос хойш тасралтгүй буурсан нь харагдаж байна. Ингэхээр уг нь ажил хийдэг хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа.

Тэр дундаа,

  • Бөөний, жижиглэн худалдаа, машин, мотоцикл засвар үйлчилгээний салбарт ажиллагсад 26.4 мянгаар
  • Төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт 14.1 мянгаар
  • Тээвэр агуулахын салбарт 10.5 мянгаар
  • Хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн 10.1 мянгаар тус тус нэмэгджээ. Энд хүмүүст илүү их ажил олдож байна.

Нөгөө талаар, хөдөө болон ойн аж ахуй, загас, ан агнуурын салбарын ажиллах хүч нийтдээ 49.8 мянгаар буурсан үзүүлэлт харагдана.

Ер нийт ажиллагчдын 719.5 (52.9%) мянга нь үйлчилгээний салбарт, 308.1 (22.6%) мянга нь үйлдвэрлэлийн салбарт, 332.8 (24.5%) мянга нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа ажээ. Ингээд харахаар, жинхэнэ баялаг бүтээх үйлдвэрлэлийн салбар хамгийн сүүлд бичигдэж буй.

Дараагийн статистик. Нийт ажиллагчдын 41.7 хувь нь л хувийн ААН-д ажиллаж байна. 23.2 хувь өрхийн аж ахуйд, 13.5 хувь нь ХХК бус хувь хүний бизнест, 18.3 хувь нь төсвийн байгууллагад ажиллаж байна.

Төрийн албан хаагчийн тоо 1.3 саяас 226 мянга нь л гэсэн үг.

Ингэхээр нөгөө 1.3 сая ажиллагчдын маань бүр талаас бага хэсэг нь хувийн ААН-д байгааг харж болох нь ээ.

Базаад харъя,

  • Нийт ААН-ийн ердөө 40 хувь нь үйл ажиллагаа тогтвортой явуулдаг
  • Нийт ажиллагчдын дөнгөж 40 хувь нь хувийн ААН-д хөдөлмөрлөн, цалинжиж байна.

Энэ Монголд ерөөс хувийн ААН-ийг тойрсон хөдөлмөр эрхлэлтийн сэдэв хүндэрснийг илтгэж буй болов уу.

Даанч шалтгааныг нь эрж хайсан судалгаа цөөн, МҮХАҮТ-ын тайланг дээр дурдсан.

Татварын дарамт үндсэн шалтгаан

Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн сэдэв үнэндээ ажилтанд ч, ажил олгогчид ч хүндрэл учруулдаг.

2.5 сая төгрөгийн цалинтай хүн бараг 500 мянгыг нь НДШ болон ХХОАТ-т өгч буй. Цалингийнхаа 21.5 хувийг шууд “тушаадаг”. НДШ татвар биш л дээ (Эргээд хүндээ ирдэг өгөөж, тогтолцоо нь сул).

ААН-үүдийн хувьд бүр ч чанга давааг давдаг. Ерөөс улсын төсвийн орлогын дийлэнхийг энд бүрдүүлж буй.

Энэ оны төсөвт л гэхэд, орлогын 87 хувийг дан иргэн, ААН-ийн татвараар бүрдүүлнэ гэж тусгасан билээ. 2023 оныхоос 49 хувиар илүү буюу 10.5 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг иргэд, аж ахуй нэгжүүд төлнө гэсэн үг. Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн зүгээс 2025 онд ирэх татварын ачааллыг тэсвэрлэхэд маш хүнд байна гэдгээ илэрхийлсээр байгаа.

Ердөө татварын өртэй, энэ дарамтыг давж дийлэхгүй сөхрөхдөө л ААН-үүд үүдээ барьж буй. Нөгөө талаас, иргэд ч цалингаасаа татвар, НДШ суутгуулалгүй ажиллахыг илүүд үздэг болж, буруу жишиг рүү гулссаар. НДШ төлөлгүй цалинжуулж, овжин байдлаар энэхүү дарамтыг сөрдөг ААН-үүд ч бий.

Харамсалтай нь мөн л энэ чиглэлд судалгаа алга. 2016-2022 оны хооронд хийгдсэн, хуучирсан гэж болох тайлан харвал хамрагдсан ААН-ийн 83.4 хувь нь татварын акт тавиулсан байх аж. Ямар ч бизнес эрхэлж байгаа хүн эрсдэлд оръё, акт тавиулъя гэж хүсэж үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй.

Нэгдүгээр сарын 15-нд МҮХАҮТ уулзалт зохион байгуулсан талаараа жижигхэн албан мэдээ гаргажээ. Үүнд давхардсан татварууд хувийн хэвшлийнхэнд үндсэн дарамт болж буй талаар онцолсон байна.

Давхардсан татвар гэдэгт,

  • Хувь хүн болон аж ахуйн нэгж нэг үйл ажиллагааны орлогоос давхар татвар төлөх.
  • Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын шат дамжлага бүрт НӨАТ нэмэгдэж, үнийн өсөлтөд хүргэх хоёрыг дурдаж.

Иймд ерөөс бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлэх, дарамтыг бууруулах, холбогдох хууль эрх зүйн орчныг нь судлах, татварын хяналт, бүртгэлийг уян хатан болгох шаардлагатайг тухайн уулзалтад хувийн хэвшлийнхэн хөндөж тавьжээ.

Өнөөдрийн байдлаар хэдэн ААН “икс” тайлан гаргасан, акт тавиулсан, дансаа хаалгасан талаар статистик байхгүй ч хамгийн эмзэг цэг энэ гэдэг дефакто үнэн юм.

Төр ААН-үүдээ нүд үзүүрлэхээ болимоор байна

Орчныг нь бүрдүүлж өгөөгүй ч татвараар дарамталсан орчинд ААН-үүдийн нөхцөл байдал хүндэрсээр. Гэвч төр өөрөө хувийн хэвшлээ улс төрийн шийдвэрээр ч “намнадаг” үзэгдэл тасрахгүй байна.

Өндөр технологи шаардсан төсөлд гаднын компаниуд оруулахаас аргагүй. Гэвч өөрсдөө чаддаг болох л хэрэгтэй. Бидэнд боловсон хүчнүүд нь бий. Харин хийе гэж зориглосон дотоодын томоохон компаниуддаа төр заавал гар дүрэх юм. Уул уурхайн салбарыг бол ТӨХК-иуд базчихсан. Тэдний төсвийн орлого бүрдүүлэх хувь хэмжээ бага атлаа зарлагын хувьд дураараа туйлдаг.

Нөгөө талд, төрийн шийдвэр гаргалтад нөлөөлж ирсэн монополь групп компаниуд мөн л чөлөөт өрсөлдөөн бий болгохгүй байна. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэсэн ширэнгийн сэтгэлгээгээр өнөөг хэр хандаж, олон тоглогч бэлтгэгдэх бүх салбарт хөл тавьж, бизнесийг хамж хийж байгаа. Үүнийг бол “Улс төр, бизнесийн бүлэглэл”, “Зэрлэг капитализм” гэж нэрлэхээс бус яг жинхэнэ ААН, ЖДҮ хөгжих чөлөөт эдийн засгийн нээлттэй орчин огтхон ч биш юм.

Төр энгийн ААН-үүдээ эргэж хармаар байна. Тэд зээл тавья, санхүүжилт олъё гэсэн ч бодлогын хүү өндөр байгаагаас шалтгаалж, мөн л мөнгөө банкны салбарт “хүүлүүлж” буй. Энэ чиглэлд төр дорвитой алхам хийж, татварын орчинд анхаараасай. ААН-үүдийн татварын өрийг нэг удаа “өршөөх” алхмыг судлаасай. За, бүр том агуулгаараа, наад талдаа “Төр бизнес хийхгүй” гэж хэлдэг ч цаанаа хувийн хэвшлийн бүх ололт амжилтыг харлуулж, төрийн өмчит болгох гэж зүтгэдэг, амжилт гаргасан хойно нь “намнадаг” улс төрийн хандлагаа ч болих хэрэгтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: EGUUR.MN М.ТЭНГИС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)