Б.ЦЭЛМЭГ: Ээжийнхээ ном уншиж байхыг харахаар улам их ном уншмаар санагддаг

Admin | 2022-01-20


Ном шимтэн уншдаг 10 настай Б.Цэлмэг охин "Харри Поттер" зохиолын долоон цувралыг уншиж дуусгажээ. Тиймээс дараагийн цувралыг нь тэсэн ядан хүлээж суугаа хэмээн догдлон ярив. Ингээд Б.Цэлмэг охинтой ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Цэлмэг гэдэг. Би Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн 5д ангид сурдаг.

-Хэдэн настайдаа уншиж сурсан бэ. Хамгийн анх ямар ном уншиж байв?

-Анх зургаан настайдаа ном уншиж эхэлсэн. Үсэглэлийн баяраар аав ээж хоёр маань надад ном бэлэглэж эхэлснээс хойш баяр болгоноор ном бэлгэнд авдаг болсон. Түүнээс хойш ном унших дуртай болсон. Анх "Малгайтай муур" гэдэг нэртэй ном уншиж байсан. Би их сониуч. Тиймээс ном уншихаас гадна зураг зурж барималын шавраар ч баримал хийх дуртай.

-Уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтөлдөг үү?

-Би номын тэмдэглэл хөтлөж эхлээд удаагүй байгаа. Ном уншаад олон зүйлийг олж, таних чухал. Номноос их зүйл ойлгох чадвараа хөгжүүлж, номын гол утга санааг сайтар ойлгоход туслах хамгийн үр дүнтэй арга бол номын тэмдэглэл байсан. Номын тэмдэглэл яаж хөтлөх нь гоё вэ гэдгийг интернетээс судалж үзсэн. Миний хувьд эхлээд номынхоо зургийг зураад хажууд нь номынхоо тэмдэглэлийг хөтөлбөл илүү ойлгомжтой байх юм шиг санагдсан.  Харин тэмдэглэл хийж эхэлснээс хойш юманд илүү нухацтай хянуур хандахыг хичээдэг болсон. Миний тархийг илүү их ажиллуулж, яаж хийвэл гоё сайхан утга агуулгын алдаагүй болж болох вэ гэдэг талаар судалгаа хийдэг болсон.

-Ихэвчлэн ямар төрлийн номууд уншиж байна?

-Уран зөгнөлт болон адал явдалт агуулгатай  ном унших дуртай. Адал явдалтай ном уншихад илүү гоё байдаг. Үйл явдал нь цааш яаж үргэлжлэх бол гол дүрийн баатрууд хэрхэн шийдвэр гаргах бол гээд уншихад хүлээлт үүсгэдэг учраас гоё санагддаг.

-Уншсан номууд дундаас чинь хамгийн их сэтгэлд үлдсэн нь ямар ном байсан бэ?

-“Харри Поттер”, “Хилэн хар” гээд хоёр ном надад хамгийн их таалагдсан. Английн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн Харри Поттерын тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиол байгаа. Харри Поттерийн зохиолын дүрүүдээс түүний эмэгтэй найзын Гермион Грейнжерын дүр надад маш их таалагддаг. Сайхан сэтгэлтэй, тусч, хүнд буруу зүйл хийдэггүй тийм дүр. Харри Поттер цувралын долоон бүлгийг уншсан. Одоо наймдугаар бүлгийг тэсэн ядан хүлээж сууна.

-Одоо ямар ном уншиж байна вэ?

-Одоо "Гэсэр"-ийг уншиж байгаа. “Гэсэр”-ийн өмнө "Монголын нууц товчоо" номыг уншсан. Монголынхоо түүх, өв соёл, Чингис хааны ямар улсуудтай байлдаж, ямар ямар хүүхдүүдтэй байсан талаар болон түүний найз нөхдийнх нь талаар судалж мэдсэн. Энэ бүхнийг мэдэж авах надад бахархалтай санагдсан шүү.

Одоо монголын сор зохиолуудын төлөөлөл "Гэсэр", "Монголын нууц товчоо" номуудыг уншиж байгаа аж.

“Уншиж байгаа номынхоо дүрд нь орж өөрийнхөө төсөөллийн ертөнцөд аялах гоё байдаг”

-Ном уншихад чамд юу нь илүү сайхан санагддаг вэ?

-Ном уншихад цагийг үр бүтээлтэй өнгөрөөнө. Мөн уншиж байгаа номынхоо дүрд нь орж өөрийнхөө төсөөллийн ертөнцөд ороход гоё байдаг. Багаасаа ном уншихыг дадал болгочихвол алдаагүй бичдэг, үгийн баялаг сайтай үг яриа цэгцтэй болно. Ном өөдөөс үг хэлэхгүй ч хамгийн сайн найз болж надтай ярилцаад байх шиг санагддаг. Заримдаа номынхоо гол дүрд орсон мэт өөрийгөө төсөөлөх сайхан байдаг. Миний хувьд ном унших нь хэрэглээ болсон гэхэд болно.

-Ном уншихад чинь ямар орчин илүү тухтай байдаг вэ?

-Чимээгүй орчинд хамгийн сайн төвлөрч чаддаг. Мөн суухад эвтэйхэн байх нь чухал. Би буйдангийн буланд тухалж суугаад номоо уншдаг.

-Гэр бүл нь ном унших сонирхлыг нь дэмждэг харагдлаа?

-Миний эргэн тойронд байдаг бүх хүн намайг номд дуртайг мэддэг. Ямар нэг баяр болохоор амттан гэхээсээ илүү ном, тэмдэглэлийн дэвтэр бэлэглэдэг болохоор би баяртай байдаг. Ер нь манай гэрийнхэн миний бүх сонирхлыг дэмжиж аль болох туслах гэж хичээдэг. Тэдэн дундаас хамгийн их дэмждэг хүн бол миний ээж. Ээж маань надтай адил номд дуртай, ном уншдаг хүн байдаг. Ээжийнхээ ном уншиж байхыг харах бүрт улам их ном уншмаар санагддаг.

-Үеийнхээ найзуудад ном унших талаар зөвлөгөө өгвөл?

-Ном унших нь олон давуу талтай гэж би боддог. Номоос ямар нэгэн сургамжит зүйлсийг нь сурч мэдсэнээр хүнийг ойлгодог, энэрэнгүй, зөөлөн хүн болдог. Бас ном уншихын хэрээр үгийн баялаг нэмэгдэж цэгцтэй зөв ярьдаг болдог. Тийм учраас үеийнхээ найзууддаа, дүү нартаа ном уншихыг дадал болгоорой гэж хэлмээр байна.

                                                                                                               А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)