ЖҮЖИГЧИН Т.ХУЛАН: Дүр бүхэн үзэгчдийн сэтгэлд хүрнэ гэж үгүй. Тиймээс зорилгодоо үнэнч л байх хэрэгтэй.

Admin | 2022-03-01


Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Т.Хулантай ярилцлаа. Тэрээр театртаа эргэн ирээд удаагүй байгаа билээ.

-УДЭТ-ынхаа тайзнаа дахин гарах боллоо. Ямар мэдрэмж төрж байна вэ?

-Сэтгэгдэл маш өндөр бөгөөд шинэ мэдрэмж төрж байна. Хэдий өмнө нь ажиллаж байсан ч театр маань улам өнгө төрх орж, шинэ залуу жүжигчид ихтэй болсон учраас сайхан санагдаж байна.

-Та өмнө нь театрт багагүй хугацаанд ажиллаж байсан байх аа. Хичнээн жил ажилласан байдаг вэ?

-2006-2014 он хүртэл буюу найман жил ажилласан. Улмаар театраасаа гарч яг найман жил хувиараа уран бүтээлд ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд ханьтайгаа хамтран хоёр дэлгэцийн уран бүтээл болон хэд хэдэн контент дээр продюсерийн ажлыг гүйцэтгэсэн. Мөн Ц.Хүсэлбаатар, Г.Алтангэрэл найруулагчид, “Оюунлаг” продакшины бүтээлүүд, Боловсрол телевизийн “Гэрлэн дохио” олон ангит кино зэрэг олон сайхан уран бүтээл дээр театраас түр хөндийрсөн хугацаандаа ажилласан байна.

-Театраас хэсэг хөндийрөх үедээ гэр бүлдээ анхаарах боломж хэр байв. Ер нь бие даагаад уран бүтээл хийсэн ч урлагийн ажил тэр дундаа эмэгтэйчүүдэд хүнд, гэр бүл орхигддог гэж ярьдаг шүү дээ? 

-Тийм шүү. Театрт байнгын бэлтгэл, уран бүтээлийн ажил гэх мэтчилэн нэлээн завгүй хуваарьтай байсан. Театраасаа гарсан хэдий ч урлагийн салбарт идэвхтэй байдал маань өнгөрсөн 8 жилийн хугацааг дүгнэхэд илүү идэвхтэй байсан ч гэж хэлж болох юм. Гэр бүл, хүүхдүүдийн хүмүүжил, өөрийн хийхийг хүсч санаачилсан ажлууд, олон зүйл шинээр сурах хүслээ гүйцэлдүүлэх гээд ажлууд ундарсан. Хэд хэдэн киноны продюсер болоод зургийн даргаар ажилласан гээд урьд нь хийж байсан хэвшмэл зүйлүүдээсээ шинийг эрэлхийлж энэ хугацаанд ажиллаж чадсан. Энэ нь миний хувьд том ололт  дэвшил болсон.

-УДЭТ-ын хамт олон ямар бүтээл дээр төвлөрөн ажиллаж байна?

-Өмнө нь тайзнаа тавигдаж байсан Н.Намдагийн бүтээл “Шинэ байшинд” жүжгийг валентины өдрийг тохиолдуулан дахин тоглолоо. Уг жүжигт театрын студи ангийн буюу шинэ залуу жүжигчид маань оролцон тоглосон. Н.Наранбаатар найруулагч найруулгын ажлыг гүйцэтгэсэн. Бид дуу хоолой, тайзны яриа, хөдөлгөөн, бүжиг зэрэг сургуулилтын бэлтгэлдээ ороод явж байна. Театр жүжигчдийг их академик байхыг шаарддаг учир байнгын бэлтгэл, сургуулилттай байж чанартай гүйцэтгэлийг тайзнаа харуулан, үзэгчдэд үнэлүүлэх нь маш чухал явдал. Ер нь жүжгийн бэлтгэл 1-2 сарын хугацаанд үргэлжилдэг.

-Уран бүтээлч таны хувьд идэвхтэй, эрч хүчтэй байдлаа хэрхэн хадгалдаг вэ. Үргэлж л цовоо, эрч хүчтэй байдаг цаад нууцыг сонирхож болох уу?

-Уран бүтээлч бид энэ тохиосон амьдралдаа нэг юм уу хоёр дүрийг олон түмэнд хүргэж, мартагдашгүй сэтгэлд нь хоногшиж чадна гэдэг хамгийн том аз завшаан гэж үздэг. Дүр бүхэн үзэгч олонд таашаагдаж, сэтгэлд нь хүрнэ гэж үгүй. Зорилгодоо үнэнч, хөдөлмөрч байх хэрэгтэй. Энэ л миний нууц гэхээсээ зарчим. Жүжигчний мэргэжлийг өнгөцхөн дүгнэхэд их амар харагдаж болох юм. Гэвч урлагийн салбарт хөл тавин уран бүтээлч хүний байр сууринаас ажиллаж эхэлбэл огт өөр асуудал юм. Ялангуяа эмэгтэй уран бүтээлчдэд тулгарах олон асуудал бий. Үр хүүхдээ төрүүлэн асрах, гэр бүл, орон гэрээ тэтгэн халамжлах давхар карьераа авч явна гэдэг их хэцүү. Сэтгэлийн хүч, оюуны чадамж, эрүүл мэндээ үргэлж хөглөж байж уран бүтээлч хүн тайзнаа урт удаан наслах юм шүү дээ.

-Хөл хорионы үеэр гэр бүлээрээ цагийг маш үр дүнтэй, утга учиртай өнгөрүүлсэн гэж байсан. Энэ тухайд?

-Өмнө нь ажил амьдрал хэвийн үед гэр бүлээрээ тэр бүр нэг дор цуглах , аав нь ажилтай тул хүүхдүүдээ бага үзэгддэг гэх мэт явдлууд их гардаг байлаа. Миний хувьд зохион байгуулах ажилд сонирхолтой учир ажил болон амьдралаа зэрэг зохицуулан, төлөвлөгөө гаргах нь миний дуртай ажил, үүрэг болдог. Мөн хөл хорионы үеэр гэрээсээ ажиллаж сурсан. Ингэснээр гэр бүлдээ илүү их анхаарч, хамтдаа олон сайхан дурсамж бүтээлцэж болох юм байна гэдгийг их мэдэрч, ойлгож авсан даа. Өмнө нь контент гэхэд тийм ч их ач холбогдол өгдөггүй байлаа, чөлөөт цаг ихэссэнтэй холбоотой бяцхан контентуудын санаа боловсруулж түүнийгээ гэр бүлийн гишүүдтэйгээ хэрэгжүүлэх зэрэг олон шинэ хобби, сонирхолтой болсон шүү.

-Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ? Хүмүүжлийн тал дээр таны баримталдаг гол арга барил гэдэг ч юм уу?

-Зарим эцэг эхчүүд хүүхдээ зөнгөөр нь өсгөх байдал ажиглагддаг. Миний хувьд хүүхдийн хүмүүжилд чухал байр сууринаас хандан, тэдэнд зөвөөр нөлөөлөх чухал санагддаг. Бурууг нь засаж, зааварчилгаа өгөх, зөвд чиглүүлэн ярилцах, гэр бүлээрээ хамтдаа өдрийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлэх зэрэг хүүхдүүддээ цаг зав зарцуулж чаддаг ээжүүдийн нэгэн төлөөлөл гэж өөрийгөө дүгнэдэг.

-Гэр бүл гэдгийг өөрийн өнцгөөс цөөн үг, содон байдлаар тайлбарлавал?

-Эвлүүлсэн шоо гэж хэлэх байна. Зарим настан буурлууд тэр олон жилийг хамт туулахын төлөө өөр өөр ертөнцтэй нэгнийгээ ойлгох, харилцан хүндлэх асар их ухаан тэвчээр заан ирсэн нь мэдээж. Бие биенийхээ санаа сэтгэл, зорилго юуг ойлгон дэмжиж олон жилийг ардаа үднэ гэдэг эвлүүлж дууссан шоотой адил санагддаг.

Ц.ГАНЧИМЭГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)