ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН: Хүмүүс зөвхөн амжилтаа л постлодог. Тэр амжилтын цаана ямар зовлон туулж вэ гэдэг үнэ цэн нь байдаггүй

Admin | 2022-03-09


“Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Үргээлэг”, “Итгэл”, “Гэрч” зэрэг кинонд тоглож үзэгчдээс үргэлж өндөр үнэлгээ авдаг Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Амарсайхантай ярилцлаа. Тэрээр энэ удаа “Хохирогч” киногоо үзэгчдийн хүртээл болгоод байна. Учир нь жүжигчин Б.Амарсайхан тус олон ангит киноны зохиолыг бичжээ.  Ингээд түүнтэй цөөн хором ярилсанаа хүргэж байна.

-Кино зохиолчид уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд ямар нэг мессеж шидэж байдаг. Та “Хохирогч” киногоороо үзэгчдэд ямар мессеж өгөхийг хүссэн бэ?

-Хүн бүхний амьдралд ямар нэгэн маш их үнэ цэнтэй зүйл байдаг. Зарим хүмүүст гэр бүл, найз нөхөд нь үнэ цэнтэй байдаг шиг улс эх орон нийгмийн хувьд ч мөн адил үнэ цэнтэй зүйл гэж бий. Жишээ нь бидний өмнөх нийгэмд хөдөлмөрийг үнэ цэн гэж боддог, нийгмийн өмчийг шүтдэг байж. Гэтэл өнөөгийн нийгэмд бидний үнэ цэн маань юу болсон бэ гээд харахаар бид ардчилсан улс хэдий ч эрх мэдэл, мөнгө, албан тушаал л үнэ цэнтэй юм шиг болчихсон байна. Хүмүүс зөвхөн амжилтаа л постлоод байдаг. Тэр амжилтын цаана ямар их зовлонг туулж тэр амжилтад хүрсэн бэ гэдэг үнэ цэн нь байдаггүй. Өнгөц харагдаад байдаг. Үүндээ автаад хүмүүс хоёр гурав хуваагдаад хэзээ ч өөрөөрөө байж чаддаггүй. Тэгэхээр нийгмийнхээ үнэ цэнийг зөв тодорхойлохгүй бол бид өөрсдөө эргээд тэр нийгмийнхээ хохирогч болдог. Энэ утгаараа манай киног заавал үзээсэй гэж хүсч байна.

-Тэгэхээр киноны сэдэв таны тархинд үргэлж явжээ гэж ойлголоо. Гэхдээ кино урлагаар хэрхэн илэрхийлэх нь найруулагчийн л авьяас мэдэх байх даа ?

-Зохиолч хүн өөрийнхөө дотор юу бодож байгаа түүнийгээ л уран бүтээлээрээ гаргахыг хичээдэг. Тус киноны зохиолд миний дотроо бодож эмзэглэж явдаг зүйлсийн илэрхийлэл бий. Нийгмийнхээ үнэт зүйл, зорилгын эрэг шураг болсон хүмүүс, ялангуяа залуучууд бид хоосон амжилт, мөнгөний төлөө шударга хөдөлмөрөөр амьдралаа цогцлоохыг хүсэвч бид үнэхээр дор бүрнээ шударга, зөв амьдарч чадаж байна уу. Зөв зан чанарыг бус материаллаг эд зүйлийг нийгмийнхээ үнэт зүйл болгосон хүмүүс бид бүтээсэн нийгмийнхээ аль ч хэсэгт, шатанд өөрсдөө ч мэдэлгүй хохирогч болж байна. Одоохондоо юу илэрхийлэх гээд байгаа нь нууц учир үзэгчдээ киногоо үзээд өөрсдөө дотроо тунгаан бодоосой гэж хүсье.

-Тэгвэл “Хохирогч” ямар төрлийн кино вэ гэдгийг үзэгчдэд сонирхуулж болох уу?

-Манай киноны онцлог нь нууцлаг, ээдрээт драма. Ээдрээгээ одоо хэлж болохгүй байна. Бид эхний таван ангийн үйл явдлыг трейлер болгосон. Аливаа уран бүтээлчийн, найруулагчийн, зохиолчийн нийгмээс асуугаад байгаа зүйлийг киног нь үзэж байж л мэдэрнэ.

-Киноны зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Анх 2021 оны зургадугаар сараас киноныхоо зохиолыг бичиж эхэлсэн. Бид есдүгээр сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 27-н хүртэл хоёр сарын хугацаанд зураг авалтаа хийсэн. Нэгдүгээр сарын 1-нээс монтажаа хийж эхлээд дуусч байна. Манай баг маш цөөхөн, 20 гаруйхан хүнтэй. Зохиолч, найруулагч хүний тархин дотор байсан санааг кино төсөл болгохыг дэмжинэ гэдэг бидний хувьд маш том тус. Нэг хүүхэд төрүүлэхтэй ижил гэж ярьдаг. Тиймээс би VOO-гийн хамт олондоо чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье.

Кино энэ сарын 10-наас буюу өнөөдөр “Voo”-д албан ёсоор байрших бол NTV телевизээр дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн 7 хоног бүр гарч эхлэх юм байна.                                                                                       

                                                                                                        А.МӨНХНАРАН  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)