Хүний их эмч Б.БАЯРБЯМБА: Цуйван бол илчлэг өндөр, шим тэжээл багатай хоол

Admin | 2022-03-14


"Цахим эмч" ТББ-ын үүсгэн байгуулагч, хүний их эмч Б.Баярбямбатай ярилцлаа. Түүний хувьд “Цахим эмч” нэрээрээ танил болсон ба нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч нарын нэг юм.

-Эрэгтэйчүүдийн хувьд хоол хүнсний тал дээрх мэдлэг мэдээлэл дутмаг байдаг. Энэ асуудалд хамгийн энгийнээр багахан ойлголт өгөхгүй юу?

-Олон мэдлэг өгөхөөсөө илүүтэйгээр зохистой хооллолтын тухайд бага багаар олон удаагийн давтамжтай идэх нь зохимжтой. Өдөрт 4-5 удаа бага багаар идэх ёстой, өглөөний цайнд 20 хувь гэдэг ч юм уу нарийн тооцоолол гаргачхаар хэцүү болоод ирдэг л дээ. Тэгэхээр үүнийг хялбаршуулаад “таван хурууны аргачлал” хэмээх энгийн ойлголт бий. 

Хүн хоногт 2000 к.каллор илчлэгийг авах ёстой, үүнийгээ атгасан гар гэж бодъё. Эрхий хуруу бол өглөөний цай, долоовор хуруу нь бага үдийн зууш, дунд хуруу өдрийн хоол гэх мэт хурууны уртаараа идэх хоолны хэмжээгээ хянаад явна гэсэн үг. Хамгийн урт хуруу бол дунд хуруу буюу бид өдрийн хоолоо бусад цагийн хоолноосоо илүү их иднэ гэж ойлгоно. Энгийн боловч чухал нөлөөтэй иймэрхүү аргын үр нөлөө өндөр байдаг.

-Монголчуудын хувьд махны хэрэглээ өндөр байдаг шүү дээ. Энэ тухайд?

-Мэдээж манай улсын хувьд махны хэрэглээ маш өндөр байдаг. Махыг их хэрэглэснээр бүдүүн гэдсэнд ачаалал үүсдэг. Мөн хэт махны хэрэглээнээс үүдэн ялзруулагч бодис буюу ашиггүй бактерийн тоо ихэсдэг. Угтаа бол ашигтай ашиггүй бактерийн тоо тэнцвэртэй байх ёстой.

-Бидний хувьд махыг хэрэглээнээсээ хязгаарлахад хэцүү шүү дээ. Тэгэхээр ашигтай, ашиггүй бактериа тэнцвэртэй байлгахын тулд ямар бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй вэ?

-Тэнцвэртэй байлгахын тулд тараг болон цагаан идээ хэрэглэх нь хамгийн зөв арга. Таргийг хөрөнгөөр бүрж бий болгож байгаа учир ашиггүй бактерийг хязгаарлаж тоог цөөрүүлэх ач тустай. Өвөлдөө махаа идээд, зундаа сүү цагаагаа иддэг байхад хангалттай. Тиймд гэдэс цайлгах уламжлалт хоол хүнсээ илүү сэргээж хэрэглэх нь зүйтэй байгаа юм.

-Манайхан өөхийг хэрэглэх нь зөв, буруу гээд олон таамаг дэвшүүлдэг. Ер нь өөхийг хэрхэн хэрэглэх нь зөв бэ?

-Өөх мэдээж хэрэгтэй. 1970 оноос хойш өөхийг дэлхий нийтээрээ ад үзэж, хязгаарлах хандлагатай болсон. АНУ-д гэхэд өөхний хэрэглээ багассанаас үүдэлтэй тархи мэдрэлийн тогтолцооны өвчлөл болон зөнөх өвчлөл ихсэж байна. Хүний тархи тэр чигээрээ өөхөн бүрхүүлтэй байдаг. Өөхийг хэт хязгаарлавал тархи мэдрэлийн тогтолцоо, дааврын тогтолцоонд өөрчлөлт ордог. Хамгийн гол нь сайн өөх, муу өөх хоёрын ялгааг мэдэж авах хэрэгтэй. Бидний уламжлалт хүнс болох малын махнаас гаралтай өвчүү, сүүлний өөх бол сайн өөхөнд орно. Харин үйлдвэрийн аргаар боловсруулсан транс тос хамгийн аюултай. ЕБС болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн үдийн хоолонд улсын төсвийн мөнгөөр транс тос агуулсан хүнсийг бэлтгэж өгч байна. Энэ асуудлыг анхаарах хэрэгтэй байна.

-Монгол эрчүүдийн идэх дуртай хоолонд цуйван хамгийн эхэнд бичигддэг. Цуйван хэр шим тэжээлтэй хоол вэ?

-Цуйван бол илчлэг өндөр, шим тэжээл багатай хоол. Тэгэхээр өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой бус хоол юм.

                                                                                                     А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)