Сэтгэл судлаач Г.ОТГОНЦЭЦЭГ: Өсвөр насныхан дуртай зүйлээ сонирхохоо больж, амьдралын идэвх нь буурвал сэтгэл гутралд орсны шинж

Admin | 2022-03-20


Хүүхэд өсөж торних явцад хамгийн чухал үе нь өсвөр нас байдаг билээ. Хүүхэд энэ үедээ өөрийгөө танин мэдэж цаашдаа ямар хүн болж төлөвших нь шийдэгддэг. Бид энэ удаагийн ярилцлагын буландаа өсвөр насныхны сэтгэл зүй, эцэг эхчүүдийн харилцааны талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Г.Отгонцэцэгтэй ярилцлаа.

-Өсвөр насныхны дунд нэгнийгээ дээрэлхэх, бүр хүний толгой дээр халуун кофе асгаж буй бичлэг цахим орчинд тавигдаж байна.  Иймэрхүү зүйл цахим орчинд тархсанаар эргээд ямар хор ургийг дагуулж байдаг вэ?

-Сөрөг мэдээллийг сэрэмжлүүлэг болгох нэрийдлээр олон удаагийн давтамжтай түгээдэг. Энэ үйлдэл нь өөрөө хэн нэгэнд даган дуурайх сэдэл өгч байдаг. Тэгэхээр асуудлыг түгээн дэлгэрүүлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх нь зөв юм. Мөн өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд асуудлыг ярих биш шийдлийг нь олж юу хийвэл хүүхдийн сэтгэл зүй эрүүл байх уу, яаж хүүхдүүдтэйгээ зөв харилцах, зөв өсгөх, зөвөөр ойлгох гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Асуудлыг түгээн дэлгэрүүлэх нь өөрөө зөв шийдэл биш.

-Өнөөгийн нийгмийн өсвөр үеийнхний сэтгэлзүйн онцлог шинж гэж тусдаа ойлголт байна уу. ?

-Эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрсдийнхөө бага насны үеийн нийгэмд амьдарч байгаа юм шиг санаад байдаг. Угтаа бол өөр нийгэмд төрж өсөж, хөгжиж байна шүү дээ.

Орчин үеийн хүүхдүүдийн ерөнхий зан чанарыг авч үзвэл хүссэн зүйлээ хийхийг илүүд үздэг, хэн нэгнээс хараат бус байх сонирхолтой байна. Мөн илүү дижитал хэв маягтай, EQ өндөртэй, өөрийгөө илэрхийлэх буюу харилцааны ур чадвар илүү давамгай сайн хөгжсөн байдал түгээмэл ажиглагдаж байна.

-Өсвөр насныхны гаргаж буй үйлдэл, шийдвэрт эргэн тойрны хүмүүс хэрхэн нөлөө үзүүлж байдэг вэ?

-Мэдээж хүүхэд ойр тойрныхоо хүмүүсээс суралцаж байдаг. Хүүхэд хэр нээлттэй вэ, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг үү гэдэгт гэр бүлийн орчин маш их хамааралтай. Нэг ёсондоо сэтгэл хөдлөлөө илэрхийлэх загварыг хүүхэд гэр бүлийн орчноосоо суралцдаг. Эцэг эхийнхээ хийж буй үйлдэл, яриаг ухамсаргүйгээр өөртөө суулгаж байдаг.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлзүй, үзэл бодлыг ойлгохын тулд яах ёстой

вэ?

-Өсвөр нас гэдэг бол тогтворгүй нас байдаг. Нэг өдөр хэвийн байсан бол маргааш нь гунигтай болчихсон байх нь бий. Нэгдүгээрт хүүхдийнхээ зан аашийн онцлогийг маш сайн мэдэж байх хэрэгтэй. Бид хэн нэгний онцлогийг мэдчихсэн байхад тухайн хүнтэй харилцахад хялбар байдаг шүү дээ. Үүнтэй яг ижил. Хоёрдугаарт хүүхэдтэйгээ найз байх. Найз байх гэдэг нь хүссэн бүхнийг нь зөвшөөрөх гэдэг утгаар биш мэдрэмжид нь ач холбогдол өгч чаддаг байхад л оршино. Энэ нь хүүхдээ сайн анзаарч тулгамдаж буй асуудлыг нь сайн сонсож, ярилцаж чаддаг байх явдал юм. Өсвөр насны хүүхдэд маш олон шинэ асуудлууд тулгарч байдаг. Таны хувьд жижигхэн санагдсан асуудал хүүхдэд тань маш том асуудал байж болно шүү дээ. Тэгэхээр хүүхдийнхээ юу мэдэрч буйд нь ач холбогдол өгч хүүхэдтэйгээ харилцах хэрэгтэй. Гуравдугаарт эцэг эхчүүд өөрсдийнхөө уур бухимдал, стрессийг зохицуулах хэрэгтэй. Хүүхдээ анхаарахаас гадна өөрсдөө хэрхэн сайн аав, сайн ээж байх вэ гэдэгтээ төвлөрөх хэрэгтэй. Таны бие хүний асуудал ухамсаргүйгээр хүүхдэд тань нөлөөлж байх магадлалтай. Заримдаа эцэг эхчүүд өөрсдийн мэдэлгүй хүүхдэдээ уураа гаргачихдаг шүү дээ. Энэ нь таньд шийдэгдээгүй өөр асуудлууд байгааг илтгэж байж болох юм.

-Сэтгэл гутралд орсон хүүхдэд илрэх энгийн шинж тэмдэг юу байх вэ. Томчууд ихэнхдээ юу болоод байгааг нь мэдээгүй, анзаараагүй гэдэг шүү дээ?

-Хамгийн энгийн шинж тэмдэг нь өмнө нь хийдэг байсан зүйлсдээ сонирхолгүй болж эхлэх. Мөн амьдралын идэвх нь буураад ирдэг.

Хэрэв таны хүүхэд 14 хоногоос дээш байнгын гунигтай, идэвхгүй байвал хүүхдэдээ анхаарах хэрэгтэй юм шүү. Хүүхэд өсгөхөд таниас маш их хугацаа, хичээл зүтгэл, тэвчээр шаардагдана.

Нэн ялангуяа өсвөр насны хүүхэдтэй харилцахад тэднийг ойлгодог болохын тулд багагүй хугацаа шаардлагатай. Үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ харилцахдаа гаргадаг нийтлэг алдаа нь юу байдаг вэ?

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ асуудлыг өөрийнхөө өнцгөөс хараад хүнд асуудлыг нь жижгээр хараад “юун сүртэй юм” гэдэг хандлага гаргах гээд байдаг. Хүүхдийнхээ юу мэдэрч байгаагаа хуваалцах хэрэгцээг нь ойлгож ярилцах хэрэгтэй. Ярилцахдаа зүгээр нэг суугаад сонсох биш чин сэтгэлээсээ сонсож түүнд нь хариулт өгч зөвлөлдөх нь үр дүнтэй байдаг. Бид хүүхдээ эрсдэлт зан үйлээс сэргийлэхийг хүсдэг. Энэ үед эцэг эхчүүдийн авч хэрэгжүүлдэг арга нь хориглох, хориг тогтоох явдал байдаг. Энэ аргын хувьд үр дүн бага. Харин дээр хэлсэнчлэн хүүхэдтэйгээ найз байж, хүүхдийнхээ итгэлийг нь олох чухал. Итгэлийг нь олохын тулд хамгийн түрүүнд хүүхдийн хэлсэн бүх зүйлсийг нууцалдаг байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд тань танд итгэдэг бол өөрт тулгамдсан асуудлаа хамгийн түрүүнд танд хэлдэг болно. Харин хориглох тусам асуудлаа нууна. Мөн хүүхдээ сонсож байх явцдаа хүүхдийнхээ асуудлыг ойлгож байгаагаа илэрхийлэх нь чухал байдаг. Ярилцсаныхаа дараа “ээж нь, аав нь чиний ярьсныг ингэж ойлголоо зөв үү, ийм ийм гарц гаргалгаа байна” гэдэг ч юм уу ярилцлагаа үр дүнтэйгээр дуусгах хэрэгтэй. Нэмээд харилцааны явцад “тохиролцох” гэдэг арга бий. Жишээлбэл Батаагийн аав хүүдээ “орой 22:00 цагт интернет төхөөрөмжөө унтраана шүү” гэвэл хүүхэд зөвшөөрөх байдал нь муу байдаг. Харин “аав нь интернет төхөөрөмжөө 22:00 цагт унтраах саналтай байна, харин чиний хувьд хэдэн цагт унтраавал зүгээр вэ” гэдэг саналыг сонсох хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд санал гаргаж өөрөө тухайн саналаа хэрэгжүүлэх байдал нь нэмэгдэх хандлагатай байдаг.

                                                                                                   А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)