М.БАТБААТАР: Төрийн дэмжлэгтэй дотоодын цемент үйлдвэрлэгчид наймаачин авгай шиг үнээ нэмээд байж болохгүй

Admin | 2022-03-22


Хэдийгээр цар тахлын холбогдолтой хязгаарлалтууд цуцлагдсан ч барилгын салбарын хувьд тулгамдсан асуудлууд хэвээр, бүр бугшсаар байгааг үнийн хөөрөгдлөөс харж болно. Иймд барилгын салбарыг тойрсон асуудлаар Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай ярилцлаа.

-Ковидтой холбоотойгоор барилгын материалын үнийн өсөлт нэлээд хүндрэл дагуулсаар ирсэн. Гэвч өнөөдөр дахиад дотоодын цементийн үнэ 30 хувиар нэмэгдэж 256 мянган төгрөг хүрлээ. Барилгын салбарын өнөөгийн бодит нөхцөл байдал ямар байна вэ?

-Барилгын салбарт асуудал их хуримтлагдлаа. Барилга, хот байгуулалтын яам, Засгийн газрын хэмжээнд барилгын салбарын ирээдүйг төлөвлөж байгаа нь харагдаж байна. Тэр нь юу вэ гэхээр дагуул хот байгуулах, Хөшигийн хөндийд үлгэр жишээ загвар хот байгуулах зэрэг төлөвлөгөө тооцоо гаргаад ярьж байна. Энэ бол ирээдүйг төлөвлөж буй байдал. Ойрын 5, 6 жилийн дотор хот байгуулна гэж төлөвлөж. Сайн хэрэг. Гэхдээ өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэдэг шиг өнөөдрөөрөө амьсгалах чухал байна. Барилгын салбарт ямар асуудалд донсолгоо үүсэв, түүнийг хэрхэн шийдэх вэ гэдэгт анхаарал хандуулах нь нэн тэргүүний ажил. Наад зах нь барилгын материал үйлдвэрлэгч зарим аж ахуй нэгжүүд “Би ийм төрлийн материал үйлдвэрлэнэ, дотоодоо хангана” гээд төрөөс хөнгөлттөй зээл аваад, бодлогоор дэмжүүлээд ирсэн. Гэтэл дотоодын цемент үйлдвэрлэгчид нийгэмд донсолгоо үүссэн нөхцөл байдлыг далимдуулаад наймаачин авгай шиг үнээ нэмээд, нэг болиод л салбарын хөгжилд садаа болоод байж болохгүй. Цемент бол барилгын салбарын “талх” юм шүү дээ. Төр ард түмэнд зориулагдсан асуудалд нухацтай, хариуцлагатай, сэтгэлтэй, үүрэгтэй байх ёстой. Тэрнээс үнээ нэмж байгаа аж нэгж болгоныг хөөрхийлөөд байвал хүн болгон үнээ нэмнэ. Наймаачин сэтгэхүй рүү үйлдвэрлэгчид, тэгээд төрөөс бодлогоор дэмжиж буй үйлдвэрлэгчид орвол төр байгаад яах юм. Төрийн бодлого ямар хэрэг байгаа юм. Нөгөөтэйгүүр том бүтээн байгуулалт хийнэ, дагуул хот босгоно гээд барилгынхны анхаарлыг татаад гэрэл гэгээтэй ирээдүйг амлачихсан хэрнээ дотор нь бодлогоор зохицуулах зүйлээ зөнд нь хаяж болохгүй. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” -оо зарлачихсан. Үүнийхээ чиглэлээр зургаан сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ сарын 25-нд “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдэвтэй хэлэлцүүлэг БХБЯ-нд болно. Уг хэлэлцүүлэгт бид ирээдүйгээ яриад байх уу, ирээдүйдээ хүрэхийн тулд өнөөдөр дунд шатанд ямар бодлого, арга зам байна гэдгийг ярих уу. Хамгийн гол нь өнөөдөр дунд шатанд хэрэгжүүлэх арга зам. Тэгж байж маргаашийн тухай яригдана шүү дээ. 

-Удахгүй болох “Хот хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг ялангуяа танай салбарт хамааралтай. Энэхүү хэлэлцүүлэгт танай холбооны зүгээс салбараа төлөөлж ямар саналтай оролцохоор төлөвлөж байна вэ. Тухайлбал, үнийн зөрүүг одоо болтол шийдээгүй л байгаа шүү дээ...?

-Манай холбооны зүгээс гурван асуудлыг гаргаж тавина. Нэгдүгээрт Сангийн яаманд маш их шүүмжлэлтэй хандаж байна. Барилга, хот байгуулалтын яамнаас үнэ өссөн асуудлыг шат шатныхаа хурлаар оруулаад үнийн зөрүүг тооцоод бага дээр нь дар гээд өгч байхад өнөөг хүртэл шийдээгүй. Үнийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаагүй. Одоо цементээс үүдсэн үнийн төсөвт өртөг нэмэгдчихлээ. 2021, 2022 оных нийлээд бараг үнийн индекс 70 орчим хувь өслөө. Би түрүүн хэлсэн. Өмнөх асуудлыг шийдээгүйгээс болоод заавал нэг хувь нөхөж хохирол үздэг. Одоо маш яаралтай “Эдийн засгийн чуулган”-аас өмнө гарц гаргалгааг БХБЯ, Сангийн яам, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг аваад хариуцах ёстой хүмүүс нь шийдвэрлэх хэрэгтэй байна.

-Хоёрдугаарт...?

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын асуудал. Улаанбаатар, хөдөө орон нутгийн хэмжээнд орон сууцны чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулаад тэр чиглэлээрээ тодорхой хэмжээнд санал боловсруулсан олон газар байна. Засгийн газрын зүгээс нэг дэмжлэг байгаа нь дэд бүтцийг нь шийдэж өгье гэж байгаа. Гэвч яг төслийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэгч байгууллагад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, арилжааны банкны хөнгөлөлттэй зээл зэргээр дэмжих байдал мөн зогсонги байдалтай байна. Үүнийг энэ сарын 25-нд болох хэлэлцүүлэг, ирэх сарын 7-нд болох эдийн засгийн чуулганаар ярилцах чухал байна. Монголын барилгачдын нэгдсэн холбооны хэмжээнд санал ирж байна. Орон сууцны хөтөлбөрийг дэмжье. Харин засгийн газраас, нийслэлээс яг яаж дэмжих юм гэдэг тодорхой хариулт нэхдэг. Үүнийг тодорхой болгох Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулагчдын түншлэлийн хууль зэрэг нь тодорхойгүй байгаа болохоор гадна, дотны хүмүүстэй ярилцаж болохгүй байна. Гуравдугаарт барилгын салбар хүний нөөцийн хомсдолд орж байна. Тэгэхээр барилгын салбарт ажиллаж буй ажилчдаа нэг тоолмоор байна. Хичнээн сантекникч, мужаан, инженер манай салбарт байгаа юм гэх зэрэг нарийн тоог гаргаж цахим бүртгэлийн системд оруулах шаардлагатай байна. Улмаар сургалт зохион байгуулж ур чадварын хувьд дээшлүүлэх дараагийн шатны ажлыг үр дүнтэй гүйцэтгэх зорилготой. Хичнээн хүнийг Барилгын коллежид сургах хэрэгтэй байгаа юм, хичнээнийг нь байгууллага өөрсдөө бэлтгэх ёстой юм гэдэг чигийг тодорхойлох нь зүйтэй. Ингэснээр мэргэжилтэй ажилчдын бодлогоо зөв тодорхойлох юм.

-Тооллого хийх нь танай холбооны ажил юм биш үү. Заавал төр оролцохгүйгээр тоолж болно биз дээ?

-Зөв өө. Барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгачдын нэгдсэн холбоо болон түүний хамтарч ажилладаг түнш 12 холбоо нийлээд энэ асуудлыг шийдвэрлэх хүсэлт гаргасан. Бид хүсэлтийг хүлээж авсан. Тодорхой хэмжээний төсөв хөрөнгийн асуудлыг шийдчихвэл түншлэгч холбоод нийлээд энэ асуудлыг шийдэх боломжтой. Барилгын салбарын нэг онцлог бий. Өмнө нь мэргэжлийн холбоод нэг нэгээрээ яаманд очиж хэл ам хийгээд, хөл толгой нь олдохгүй байсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд энэ байдал цэгцэрсэн. Учир нь 2019 онд БХБЯ шийдвэр гаргаад төрийн зарим чиг үүргийг түншлэл хэлбэртэй болгоё гэсэн санал гарсан. Үүний дагуу 12 холбоо, төрийн бус байгууллага Монголын барилгачдын нэгдсэн холбоонд нэгдсэн . Үүнээс хойш барилгын салбарт тулгарсан ямар асуудал байна үүнийгээ эхлээд өөр хоорондоо ярилцаж шийдвэрт хүрээд дараа нь төрд ханддаг байх зарчмаар ажиллаж байна. Яг энэ ололт дээрээ үндэслээд мэргэжилтэй ажилчдаа шийдвэрлье, хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдвэрлье, барилгын чанарт тавих асуудлыг шийдвэрлье гээд дотооддоо шийдэж болох асуудлыг гаргаж тавьж байгаа. Энэ чиглэлээр дотооддоо хурал, зөвлөгөөн хийгээд нэлээд эрчимтэй ажиллаж байна. Тиймээс төр засаг Монголын барилгачдын нэгдсэн холбоо түүний хамтрагч 12 холбоодын гаргаж ирсэн дээрх асуудлуудыг анхааралдаа аваач ээ гэж хүсэх байна. Бид улс төрөөс ангид салбарын асуудлыг оновчтой бөгөөд цомхон хэлбэрээр тавих сонирхолтой байна. Аливаа асуудлыг хурц тэмцлийн хэлбэрээр тулгаж шийдүүлэх бус бодлогын түвшинд зөв замаар шийдүүлэх нь салбарын хувьд үр дүнтэй, урт ч настай юм. Бид үүнийг л хаа хаанаа бодолцох хэрэгтэй байна.

-Барилгын салбарт үнийн хөөрөгдөл нэлээд хурцадмал байна. Төрөөс бодлогоор үнийг барих эсвэл зохицуулах боломж байсан уу. Ер нь барилгын салбарын тулгамдаж буй асуудалд төр оролцох нь хэр оновчтой вэ?

-Нэн тэргүүнд төр засаг буюу төрийн эрхийг барьж буй МАН анх сонгуулиар гарч ирэхдээ ямар мөрийн хөтөлбөр тавьсан билээ гэдгээс эхлэх хэрэгтэй. Тэгэхээр барилгын салбарын бодлогын цөмд бүтээн байгуулалтыг өрнүүлж, хүн ардаа хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангахад төрийн оролцоог нэмэгдүүлж бодлого хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Төрийн оролцоотой гэдгийг онцолмоор байна. Барилгын салбарт төр оролцож, хамтарч байж цааш хөгждөг салбар зайлшгүй мөн. Тэрнээс зөнд нь хаяж болохгүй. Нэг хэсэг уг салбарыг ерөөс асуудалгүй юм шиг зөнд нь орхилоо. Гэтэл үүнээс болоод тээвэр, ложистик нь гацлаа. Үүнийг шийдэх гэж хугацаа алдлаа. Бараа материалын үнэ өслөө хадлаа. Дээр нь зарим хүмүүс улсын хөнгөлөлттэй зээлээр үйлдвэр байгуулна гэж барьчихаад гэнэт үнээ нэмээд барилгын салбарыг донсолгож байх жишээтэй. Өшөө ямар ч ид шидийг гаргаж үзүүлэх юм бүү мэд. Үүнд чинь төр оролцохоос аргагүй. Энэ их донсолгоо үүсээд байна гэдэг чинь МАН-ын ард иргэдэд өнөө ээлтэй, ногоон, хямд өртөгтэй орон сууцны бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ гэсэн бодлого доогуураа алдагдаад задрах аюулд хүрч буйн илрэл. Хэрэв энэ замбараагүй үнийн өсөлтийг төрийн бодлогоор цэгцэлж чадахгүй, барилгын материал үйлдвэрлэгчид өөрсдөө шийдэг гээд хаявал ирэх жил орон сууцны үнэ өнөөдрийнхөөс ч өсч магадгүй. Ямар ч зохицуулалтгүй болно. Өнөөдөр үүссэн барилгын материалын үнийн өсөлт зэрэг нь шийдвэрлэж болох асуудал гэдгийг төр засаг мэдрэх хэрэгтэй. Бага дээр нь асуудлыг шийдэх хэрэгтэй. Учир нь хил нээлээ гэхэд хоёр хөршид бараа материалын үнээ нэмсэн зүйлгүй шүү дээ.

-Ядаж дотоодын үйлдвэрлэгчдийн үүнийг төр анхнаас нь хэрхэн бодлогоор зохицуулж болох байв?

-Төрөөс үнээ нэмэхээр бол зээлийн хүүг нэмнэ, эргэн төлөлтийн хугацааг сунгахгүй гэдэг ч юм уу олон зохицуулалт мэдээж хийх боломжтой байсан. Өнгөрсөн жил биднээс хамааралгүйгээр тээвэр ложистик гацсантай холбоотойгоор бараа материалын үнэ нэмэгдсэн. Нэгэнт л гадны нөлөөгөөр үнэ нэмэгдсэн бол барилгын материалын үнийн индексийг тооцоод зөрүүг нь төсөв дээр нь нэмж өгөөд тухайн байгууллагуудыг тендерийнхээ чиглэлээр ажлаа явуулах байдлыг нь шийдээд өгчих ёстой байхгүй юу. Өнгөрсөн жил яалт ч үгүй цар тахлаас үүдсэн үнийн өсөлт гарсан. Үнийн өсөлтийг нь тооцоод нэмэгдсэн төсвийг нь Барилга, хот байгуулалтын яам гаргаж өгөөд байхад одоо хүртэл Сангийн яам шийдвэрлэхгүй гацаасан. Одоо дахиад цементийн үнэ өслөө. Ядархад яр гэгчээр өшөө том асуудал энэ салбарт үүсчихлээ. Нэгэнт цементийн үнэ үндэслэлтэй гэж үзээд байгаа юм бол цементний үнээс болж нэмэгдсэн барилгын материалын үнийн өсөлтийг дахиж гаргаад өмнөх жилийнхтэй нийлүүлээд шийдвэрлэх хэрэгтэй. Хэрвээ шалгаж үзээд “үнийн хөөрөгдөлт, хөөсрөлт байна” гэж үзвэл төр бодлогоороо зохицуулах л ёстой. Ингээд хажуугаас нь хараад суугаад байж болохгүй ш дээ. Барилгын салбарт нэг онцлог бий

-Ямар?

-Тухайн бүтээн байгуулалтыг энэ жил царцаах юм бол ирэх жил түүнийг сэргээхэд өмнөх зарцуулснаас хоёр дахин ихийг зарцуулах шаардлагатай болдог. Тэр цаг хугацаа удах тусам материалын үнийн өсөлт ирнэ гэдгийг төр мэдэрч дор бүр нь зохицуулаад явах ёстой. Гэтэл ямар ч арга хэмжээ авч чадахгүй хаяснаас болж ийм байдал үүсдэг. Төр засаг шийдвэрлэх ёстой асуудлыг тухай бүрт нь судалж үзээд тас гээд л шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэй. Бүтээн байгуулалтын салбарт төр оролцох нь зөв. Гэхдээ оролцох ёстой юман дээр оролцож чадахгүй дүлэгнээд байхаар ирэх цохилт улам хүчтэй болдог. Урьдчилж хардаг л байх хэрэгтэй.

-Тухайлбал...?

-За энэ цементийн үйлдвэр барих нөхдүүдтэй дор хаяж 3, 5 жилийн хугацаатай гэрээ хийхдээ ямар тохиолдолд үнээ нэмэхгүй байх вэ гэдгийг тусгах хэрэгтэй байхгүй юу. Төр урьдаас ярилцаад тохирсон байх л чухал. Хэрэв цементийнхээ үнийг наймаачин шиг нэмээд байвал төр барилгын салбараар дамжуулж ард түмэнд хүргэх орон сууц, цэцэрлэг, сургуулийн өртөг нэмэгдэж хүнд тусна шүү гэдгийг л ойлгуулах, ойлголцсон байх хэрэгтэй.

                                                                                                               Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)