ӨМГӨӨЛӨГЧ А.ТҮВШИНТӨГС: Хэрвээ хүүхдийн гэмтэл хөнгөн гэж гарвал гэмт хэргийг үйлдсэн жолоочийг буруутгах боломжгүй болно

Admin | 2022-10-19


Хэдхэн хоногийн өмнө "Ланд Круйзер" маркийн машинтай жолооч 2 хүүхэд гэмтээж, 7 машин мөргөсөн ноцтой осол гаргасан. Тус жолооч эмэгтэй бөгөөд автомашин жолоодох эрхгүй байсан гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн. Тухайн машин 12 настай хоёр охиныг мөргөсөн. Хохирогч охидын нэг нь гэртээ, нөгөө нь эмнэлэгт эмчлүүлж буй. Эмнэлэгт эмчлүүлж буй охин хагалгаанд орсон талаар ээж нь хэвлэл мэдээллийнхэнд ярьсан. Гэтэл шүүх эмнэлэг хөнгөн хэлбэрийн гэмтэл хэмээн дүгнэлт гаргасан нь олны бухимдлыг төрүүлээд буй.  Тэгвэл манай улсад тухайн жолоочид ямар хариуцлага хүлээлгэх хууль эрхзүйн орчин үйлчилдэг талаар өмгөөлөгч А.Түвшинтөгсөөс тодрууллаа.

-Согтуу жолооч 2 хүүхэд гэмтээж, 7 машин мөргөсөн ноцтой осол гарсан. Энэ тохиолдолд жолооч ямар хариуцлага хүлээх хуулийн заалттай байдаг вэ?

-Манай улсын Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн талаар зохицуулсан байдаг. Дээрх тохиолдлын хувьд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт хамаарна. Энэхүү гэмт хэргийн үндсэн шинж нь нэгдүгээрт, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх, хоёрдугаарт, энэхүү зөрчлийг гаргасны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг. Дээрх тохиолдлын хувьд нийт иргэд ихээхэн анхаарал хандуулж, хэрхэн шийдвэрлэх талаар ажиглаж байна. Албан ёсоор мэдээлэл гараагүй боловч эхний байдлаар хохирогчид хөнгөн гэмтэл буюу хохирол учирсан гэсэн мэдээлэл явж байна. Хэрвээ энэ үнэн бол тус зөрчлийг гаргасан жолоочийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй болно. Учир нь хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангахгүй, гэмт хэргийн үндсэн материаллыг шинжийг бүрдүүлээгүй тул тус гэмт хэргийг үйлдсэн гэж прокурор яллах боломж байхгүй. Үүнтэй адил кэйсийг энэ онд Дээд шүүхээс шийдвэрлэсэн байдаг. Тус кэйсээс анхаарч харах зүйл нь Эрүүгийн хуулийн 27.10.1 дэх заалтын үндсэн 2 шинжийг хангахгүй бол хүндрүүлэх бүрэлдэхүүн нөхцөлийг хэрэглэж, ялыг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн үг. Хэдийгээр жолоочийн хувьд жолооны үнэмлэхгүй байсан гэж мэдээлэл байгаа боловч энэ нь Эрүүгийн хуулийн 27.10.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэл болж чадахгүй. Иймд гэмтлийн зэрэг буюу хохирлоос хамаарч, ямар хуулийн хариуцлага оногдуулах вэ гэдгийг тодорхойлж боломжтой болно.

-Ганц хуулийн заалт бус хэд хэдэн хуулиар хэрэг үүсэхгүй гэж үү?

-Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эсхүл эд хөрөнгө хохирч байдаг. Дээрх тохиолдлын хувьд хохирогчид хүндэвтэр хохирол учраагүй тул Эрүүгийн хуулийн 27.10.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох боломжгүй. Мөн тус гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу 50 сая төгрөгөөс дээш хэмжээний хохирлыг учруулсан нь шууд гэмт хэрэг болж чадахгүй. Харин жолоочийн хувьд жолооны үнэмлэхгүй буюу жолоодох эрхгүй этгээд тул зөрчлийн тухай хуульд заасны дагуу 200.000 төгрөгөөр торгуулах шийтгэлтэй. Мөн Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулсан. Үүнээс гадна хурд хэтрүүлсэн, замын тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн зэрэг зөрчлүүд байгаа тохиолдолд тус бүрд нь зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцдог. Хохирлын асуудлыг зөрчлийн хамт шийдвэрлэх ёстой. Хэрвээ энэ асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол иргэний шүүхэд хандаж эдийн болон эдийн бус хохирлоо нэхэмжлэх боломж бий.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулж байгаа тул Эрүүгийн хуулийн 27.10.1 дэх заалтаас өөр эрүүгийн хуульд заасан зүйл, заалтыг баримтлан зүйлчлэх боломж энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. Учир нь энэхүү гэмт хэрэг нь санаатай болон болгоомжгүй гэсэн холимог гэм буруугийн хэлбэрийг шаарддаг. Иймээс Эрүүгийн хуулийн 11 бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэх нөхцөл харагдахгүй байна. 

-Та цахим хуудастаа үүнтэй төстэй жишээ бичсэн байсан. Тэгэхээр дээрх тохиолдолд хэргээс хөнгөн гарах эрхзүйн орчинтой гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Монгол Улсын Дээд шүүх дээрх тохиолдолтой төстэй хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал, Иргэн Б.Г том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, 12 хүний авто машиныг мөргөж, нийт дүнгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулжээ. Прокуророос иргэн Б.Г-ийн уг үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн ч анхан шатны шүүхээс Б.Г-г гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэн цагаатгажээ. Прокурор иргэн Б.Г-г яллахдаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан бол тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид эд хөрөнгийн хохирол дангаар хамаарахгүй, харин уг заалтад “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэмт хэрэг гэж тооцохоор заасан байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан”, эсхүл “эд хөрөнгөд хохирол учруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлж заагаагүй тул Г-ийн үйлдсэн авто тээврийн хэрэгсэл жолоодох үедээ осол гаргаж, бусдын автомашиныг мөргөж, эд хөрөнгөд хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн.

Санаатай болон болгоомжгүй гэсэн холимог гэм буруугийн хэлбэрээр үйлдэгдэж буй гэмт хэргүүдэд оногдуулах ялын бодлого нь санаатай гэм буруугийн хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэгтэй харьцуулахад харьцангуй бага байх жишиг байна. Гэвч аливаа гэмт хэргийн ялын бодлогыг тооцоолохдоо нийгэмд аюултай байдлын шинжийг нь заавал харгалзаж байх ёстой. Манай эрүүгийн хуулийн 27.10.1-д заасан гэмт хэрэг нь нийгэмд учруулах аюулын хувьд харьцангуй их. Гэтэл зорчих эрхийг хязгаарлах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялтай. Харин согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн; хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж; их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкци бий. Гэхдээ Эрүүгийн хуулийн 27.10.1-д заасан үндсэн шинжээ хангаж байгаа тохиолдолд хүндрүүлэх байдлаар ял оногдуулах боломжтой болдог.

2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг зохицуулж байсан. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулийн 215.1-т Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ, мөн хуулийн 215.2-т Энэ хэргийг согтуугаар үйлдсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус зохицуулж байсан.

Дээрх зохицуулалтыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлтэй харьцуулан үзвэл тус гэмт хэргийн үндсэн шинжид хүндэвтэр гэмтэл эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг шаардаж байсан Харин шинэчилэн найруулсан эрүүгийн хуулиар үлэмж хэмжээний хохирол учирсан байх шинжийг хассан. Үүний улмаас зөвхөн бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд л энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж боломжтой болсон. Энэ агуулгаараа ял завших нөхцөлийг бүрдүүлсэн гэж хуульчийн хувьд үзэж байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 215.2-т их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх нөхцөлтэйгээр ял оногдуулах боломж байсан.

Иймд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуулийн 27.10.1 дэх заалтыг илүү сайжруулж боловсронгуй болгож, өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Зам тээврийн ноцтой осол гаргаж бусдыг эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохироосон атал хөнгөн хэлбэрийн шийтгэл оногдуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлж байгаатай л адил юм...?

-Эрүүгийн хариуцлага оногдуулахааргүй бол захиргааны зөрчил буюу зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох арга хэмжээ авдаг. Гагцхүү энэ гэмт хэргийн улмаас олон хүмүүс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө маш их хохирлыг амссаар байна. Ялыг өндөр болгохоос илүүтэйгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн дан ганц бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан материаллаг шинжийг бус эд хөрөнгөд учруулсан хохирлын хэмжээнээс хамааруулах байдлаар тус гэмт хэргийн үндсэн шинжийг өөрчлөн тусгах боломж байна.

-Хүүхдийн биеийн байдал хүнд биш гэсэн дүгнэлт гарсан гээд байгаа. Энэ нь осол гаргасан жолоочид оногдуулах шийтгэл багасах үндэслэл болох уу?

-Аливаа гэмтлийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэргэшсэн шинжээч нар томилж тогтоолгодог. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол нэмэлт, дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргах боломж байдаг. Хэрвээ хүүхдийн гэмтэл хөнгөн гэж гарсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж жолоочийг буруутгах боломжгүй болно. Учир нь Эрүүгийн хуулийн 27.10.1-д заасан гэмт хэргийн үндсэн материаллаг шинж нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах байдаг. Иймээс гэмтлийн зэрэг өөрөө зүйлчлэл болон хууль хэрэглээний хувьд шууд шалтгаалах нөхцөл болно.

                                                                 

                                                                         Д.ДАВААСҮРЭН

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)