О.БАТСАЙХАН: Хүмүүст дурсамж бүтээж өгдөг учраас мэргэжлээрээ бахархдаг

Admin | 2022-01-16


Сүхбаатарын талбай дээр 22 дахь жилдээ зураг дарж буй О.Батсайхантай ярилцлаа. Түүний хувьд Өвөрхангай аймагт малчин байсан ба 2000 онд өөрийн зураг дарах сонирхолдоо хөтлөгдөн Улаанбаатар хотод иржээ.

-Орлого хамгийн их байдаг үе хэзээ вэ?

-Мэдээж баярын өдрүүдээр л орлого энгийн үеийнхээс их байдаг. Шинэ жилийн баяраар бүр их орлоготой байдаг. Манайхан чинь баяр болохоор л талбай дээрээ цуглаж уулзацгаадаг болж. Жишээ нь Мартын 8-нд гэхэд л охид, бүсгүйчүүд маань олноор ирж зургаа авахуулдаг. Хаврын улирал бол их сургуулиудын төгсөлтийн үе байдаг учраас ид ачааллын үе байдаг.

-Анх таныг талбай дээр зураг авдаг байсан үеэс одоо хүмүүсийн зураг авахуулах нь харьцангуй багассан уу?

-Ер нь нэлээн багасах хандлагатай байна. Гэхдээ бүр алга болоогүй. 2000-аад оны үед хөдөөнөөс Улаанбаатарт ирсэн хүмүүс маш их авахуулдаг байсан. Анх намайг зураг авч эхлэхэд хүмүүс одоогийнх шиг гоё гоё камертай утасгүй байсан шүү дээ. Одоо ч хүн бүр мэргэжлийн камерны дайтай утас барьдаг болсон байна. Гэхдээ дурсамж гэдэг бол камерт буугаад үлдэх бус биежэх ёстой буюу цаасан хэлбэрээр хадгалагдвал илүү дурсамжтай нандин шүү дээ.

-Ихэвчлэн хэчнээн насны хүмүүс зургаа даруулж байна. Залуучууд зургаа даруулах нь багассан байх?

-Тийм зүйл ажиглагддаг. Зураг даруулж байгаа хүмүүсийн дийлэнх нь 40-өөс дээш насныхан гэхэд буруудахгүй байх. Гэхдээ залуучууд найз нөхдөөрөө уулзалдхаараа зурагаа даруулдаг болсон байна.

-Өдөрт талбай дээр хэчнээн зурагчин ажиллаж байна. Ажлын цагийн хуваарийн хувьд?

-Өнөөдрийн хувьд надтай нийлээд 4-5 зурагчин байна. Баярын өдрүүдэд бид хүнийхээ тоог нэмж ажилладаг. Бид "Гэрэл зургийн дурсамж холбоо"-нд харьяалагддаг. Нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Зөвхөн талбай дээр үйлчлэх зөвшөөрөлтэй хүмүүсийн холбоо юм. Холбооны маань хамгийн ахмад гишүүн буюу үүсгэн байгуулагч Н.Нямжав гэж 80 орчим настай хүн бий. Миний хувьд өглөө 9 цагаас ирээд, орой 17 цагт ажлаасаа буудаг. Манай бусад ажилчид орой 22 цаг хүртэл ажилладаг.

-Гадаа маш хүйтэн байна. Өдөржингөө энд байхад хэцүү байдаг уу?

-Миний ажил л юм чинь зогсож л байна шүү дээ. Дуртай ажлаа хийж байгаа болохоор сайхан байдаг даа. Ажлынхантайгаа эндээ хууч хөөрөөд, өдөртөө хүмүүсийнхээ зургийг дараад л. Даарсан ч сайхан байдаг.

-Таны мэргэжлийн онцлог юу вэ. Зураг дарахад танд ямар мэдрэмж өгдөг вэ?

-Хүнд дурсамж бүтээж өгч байдаг нь л сайхан юм даа. Хоорондоо холбоотой олон жил хамт байсан хүмүүс бие биедээ дурсамж бүтээж өгдөг бол зурагчин бид таних танихгүй бүх л хүмүүст дурсамж бүтээж өгдөг. Энэ л бидний ажлын хамгийн нандин нь. Зураг бол хамгийн сайхан дурсамж. Зурагчин болж олон хүний дурсамжийг бүтээдэгтээ өөрөөрөө бахархаж явдаг даа.

                                                                                                               А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)