СУРВАЛЖЛАГА: Өрхийн эмнэлэг ковидын шинжилгээний цэг шиг л ажиллаж байна

Admin | 2022-01-19


Дэлхий дахинаа ковидын дөрөв дэх давлагаа буюу омикроны дэгдэлт эхлээд буй.  Манай улсад ч мөн омикрон хувилбар он гарсаар эрчимтэй тархаж байгаа талаар мэдээлж байгаа. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал ялангуяа өрхийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгдээд байна. Тиймээс бид хотын захын болон төвийн дүүргүүдийн өрхийн эмнэлгүүдийн нөхцөл байдлыг сурвалжлахаар хэд хэдэн эмнэлгийг зорилоо. Бидний очсон эхний өрхийн эмнэлэг Баянгол дүүргийн VIII хорооны өрхийн эмнэлэг байлаа.

Тус өрхийн эмнэлгийн ковидын шинжилгээний тасаг нь B1 давхартаа байрлаж байв. Өрөөний үүдэнд гурван хүн, дотор нь хоёр хүн эмчид үзүүлж байлаа. Эмнэлгийн ачаалал болон ковидын эсрэг багц эмийг олгож байгаа талаар халдвар судлаач, их эмч Э.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-Танай өрхийн эмнэлгийн нөхцөл байдал ямар байна. Ачаалал их байна уу?

-Шинэ он гарахаас өмнө арванхоёрдугаар сард манай шинжилгээ авах тасагт 1-2 эмч шинжилгээгээ хариуцаж ажилладаг байсан. Одоо 3-4 эмч ажиллаж байна. Он гараад эхний долоо хоногт ачаалал харьцангуй бага байсан боловч нэмэгдсээр одоо өдөрт авч байгаа шинжилгээний 40-50 хувь нь ковидын шинжилгээ эзэлж байна.

-Ковидын шинжилгээ өгч буй иргэдийн хэдэн хувь нь эерэг хариу сонсож байна вэ?

-Өнөөдрийн байдлаар манай өрхийн эмнэлэгт 94 хүн ковидын шинжилгээ өгснөөс 70-аас дээш хувь нь эерэг гараад байна. Ковидын шинжилгээ өгч буй иргэдийн тоо өдрөөс өдөрт огцом нэмэгдэж байна. Манай өрхийн эмнэлгийн хувьд  6 эмчтэй. Тэдгээрээс ковидын шинжилгээний тасагт 3-4 эмч ажиллахаар нярай, жирэмсэн, ахмад настан халдварын вакцин, эргэлт зэрэг үндсэн эмнэлгийн үйл ажиллагаанд эмч хүрэлцэхгүй хүндрэлтэй байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ковидын ид ачааллын үе байсан. Одоо буцаад тэр нөхцөл байдалдаа орж байна.

-Тэгэхээр шинэ жилийн баярын үеэр халдвар илүү тархалттай байсан гэж ойлгож болох уу?

-Ер нь бол тийм. Тархалтын байдлыг харахад баярын дараа л эрс нэмэгдсэн үзүүлэлттэй харагдаж байна. Өнгөрсөн зун наадмын дараа халдварын тоо эрс нэмэгдсэнтэй яг ижил үзэгдэл одоо харагдаж байна. Уг нь арванхоёрдугаар сарын эхээр ковидын халдварын тоо эрс буурч байсан боловч оны сүүлээр эрс нэмэгдчихлээ.

-Өрхийн эмнэлгүүдийн цагийн хуваарийг уртасгасан. Яг хэдэн цаг хүртэл ажиллаж байна вэ?

-Шинэ тушаалын дагуу оройн 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Гэхдээ цагийн хуваарь сунгалаа гэхэд эмч нар бид улам л ачаалал нэмэгдэж ядардаг. Ядарч байгаагийн гол шалтгаан нь үйлчлүүлэгч ихээс гадна хүмүүсийн  бидэнтэй харилцаж буй харилцаа бас нөлөөлдөг.

-Хэт их ачаалалтай үед нэмэлт хүч ирдэг үү?

-Ачаалалтай үед нэмэлт ажиллах хүч ирдэг. Гэхдээ шантрах тохиолдлууд маш их гардаг. Шантрахгүй ажиллаж байгаа ч муу ажилласнаасаа болж өөрсдөө хөөгдөх асуудал ч гардаг. Нэмээд эмнэлгийн үндсэн ажилчид биш учраас тэдний ажлын чанар муу байдаг. Энэ мэтчилэн өрхийн эмнэлэгт асуудал их тулгарч байна.

-Ковидын эсрэг эмчилгээний багцыг дахин халдвар авч гэрээр эмчлүүлж байгаа иргэнд өгөхгүй гэсэн мэдээлэл явсан. Танай өрхийн эмнэлгийн хувьд ковидын эсрэг эмчилгээний багцыг өгч байна уу?

-Манай өрхийн эмнэлэг ковидын эсрэг эмчилгээний багцыг хэдэн ч удаа халдвар туссан бай эмийн багцыг өгч байгаа.

9000 мянган хүнтэй хороолол өрхийн эмнэлэггүй байна гэв

Бидний дараагийн очсон өрхийн эмнэлэг бол Сонгино-хайрхан дүүргийн VI хорооны "Гурван гүүр" байлаа. Тус өрхийн  эмнэлгийн хувьд ачаалал ихтэй байгаа нь үүднээсээ л тодорхой харагдсан юм.  Өрхийн эмнэлгийн гадна ковидын шинжилгээ өгөх гэж буй хүмүүсийн урт дараалал үүссэн байлаа. Өрхийн эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн иргэд дотор мөн дугаарлаж, давчуухан зайнд нааш цааш нэгнээ түлхэж зөрөлдөх аж. Үүний хажуугаар эмч нар ч нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү яарч, сандарч гүйлдэх нь ачаалал ихтэйн тод илрэл байлаа. Ингээд “Гурван гүүр” өрхийн эмнэлгийн дарга Ш.Нямхүүтэй ажлынх нь хажуугаар цөөн хором ярилцсан юм.

 

-Танай өрхийн эмнэлэг хүн амтай ихтэй гэлээ. Тэр утгаараа ачаалал их байна уу?

-Бид маш их ачаалалтай ажиллаж байна. Зарим ажилчид маань өвчтэй байгаа. Үлдсэн эмч нар маань чадлынхаа хэрээр ажиллаад л явж байна. Манай VI хороо бусад хороодоос хүн амын хувьд хамгийн их. Дээрээс нь XXXVII хороо, “Содон” хороолол 8000-9000 мянган хүн амтай ч өрхийн эмнэлэггүй. Ингээд манай 9000 мянга гаруй хүн дээр XXXVII хороо болон “Содон” хорооллын иргэдийг бид нэмж эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг.

-Энэ олон мянган хүнийг энэ жижиг эмнэлэгт үздэг хэрэг үү?

-Тэгнэ. Хоёр хорооны хүмүүсийг үзэж байгаа манай жижигхэн өрхийн эмнэлгийн хувьд маш хүнд байна. Гэхдээ бид бүх нөхцөл бололцоогоо дайчлан ажиллаж байна.

-Ковидын эмийн багцыг олгож байна уу?

-Ковидын багцын хувьд бүх хүмүүстээ олгож байна.

Тус өрхийн эмнэлэгт үйлчилгээ авах гэж ирсэн ахмад настан Ш "Би өрхийн эмнэлэг дээрээ тариа хийлгэх гэж ирсэн. Гэтэл дотроо ковид гарсан, эмч нар өвдсөн гээд үүднээсээ оруулахгүй гээд байна. Би тэгээд тариагаа хаана, хэнээр хийлгэх юм болж байна" гэсээр ууттай эм, тариагаа аваад буцаж байлаа.

 

Я.НАРАНБААТАР: Амралтын өдөр ч манай баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна

Бидний дараагийн очсон өрхийн эмнэлэг бол Сонгино-Хайрхан дүүргийн V хорооны "Отгон долоон булаг "өрхийн эмнэлэг байлаа. Тус эмнэлгийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан, их эмч Б.Пүрэвдуламаас тодрууллаа.

-Танай өрхийн эмнэлэгт ковидын халдварын тохиолдол өдөрт хэчнээн бүртгэгдэж байна вэ?

-Он гарснаар ковидын шинжилгээний тасагт ирэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Тандалтын программ дээр өдөрт ковидын 20-30 тохиолдол тогтмол орж ирж байна. Манай өрх өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэд, амьдралын боломж тааруу хүмүүсийг шинж тэмдэг илэрсэн үед шинжилгээг нь өрх дээрээ авч байгаа. Шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж шинжилгээ авч ажиллаж байна. Манай хорооны хувьд хүн ам харьцангуй бага. Гэлээ гээд ажиллах хүч бага учир ачаалалтай л ажиллаж байна.

-Шинжилгээ өгөөд ковидтой гарсан иргэдэд анхны байдлаар ямар үйлчилгээ, зөвлөгөө заавар өгч байна вэ?

-Ковидын багц эмийг өгч байгаа. Харин халдвар аваад эдгээд гурван сар болоогүй болон амьдралын боломж харьцангуй гайгүй бол хувиасаа багц эмээ авах зөвлөмж өгч байгаа. Гэхдээ ихэнх тохиолдолдоо багц эмийг хүн бүрт бүрэн өгөөд явж байна. Ер нь ковидын шинжилгээ өгч буй хүмүүсийн 60-аас дээш хувь нь эерэг хариу гарч байна.

Тус өрхийн эмнэлгийн жолооч Я.Наранбаатар "Өрхийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж байна. Манай өрхийн хувьд хүн ам багатай байдаг ч ажиллах хүч бага учир ачаалалттай ажиллаж байна. Уртасгасан цагаар орой 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Мөн амралтын хоёр өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ дайчлагдан ажиллаж байгаа" гэлээ.

Эмнэлгийн анхан шатны нэгж болох өрхийн эмнэлгүүд ачаалал дийлэхээ больжээ. Шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар дээрх эмч нар ярьж байна. Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн хэлснээр ирэх хоёрдугаар сарын эхээр омикроны хоёр дахь давлагаа үргэлжилнэ гэсэн мэдээлэл ч бий. Ямартай ч өрхийн эмнэлгүүддээ анхаарахгүй бол цар тахлын шинэ үеийг туулахад эмч нар маань сөхөрч унах нь бололтой.

                                                                                                        А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)