Монгол хэл, бичгийн заах арга зүйг стандартжуулна

Admin | 4 цагийн өмнө


   Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон холбогдох мэргэжилтнүүд 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр уулзаж, Монгол хэлний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд санал солилцов.

Уулзалтын үр дүнд хос хэлтэй хүүхдийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийн стандартыг боловсруулж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө эх хэлний бодлогын хэрэгжилтэд онцгой анхаарч, гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ үр хүүхдүүдэд эх хэлээ сурч, уламжлалт ёс заншлаа өвлөн хадгалахыг дэмжиж, эх орондоо ирэх, суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр тусган ажиллаж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар 165000 гаруй монгол хүн хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа ба Гадаад харилцааны яамны мэдээлснээр гадаадын 17 улсад 69 монгол, сургууль, цэцэрлэг, хэл соёлын төвд 290 багш 7500 хүүхдэд монгол хэл соёлыг зааж сургаж байна. Гэвч одоогоор гадаад улс орнуудад амьдарч буй хүүхдүүдэд Монгол хэлийг шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан заах, эзэмшүүлэхэд баримтлах стандартад нийцсэн нэгтгэсэн хөтөлбөр, шалгуур үзүүлэлт байхгүй нь тодорхой хүндрэл дагуулж байна. Энэ нь хүүхдүүд төрөлх хэлээрээ бүрэн дүүрэн суралцах, харилцах, мэдээлэл авах, цаашид өвлүүлэн хамгаалах боломжийг хязгаарлаж буй асуудал юм.Иймд талууд хамтран ажиллаж, хос хэлтэй хүүхдийн Монгол хэлний сургалтын стандартыг боловсруулан, хэрэгжилтийн явц, үр дүнг тогтмол үнэлж, уялдаа холбоотой хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)