Их хотын соёлтой залуус гэж бид ярих дуртай. Тэгвэл бид үнэхээр их хотын соёлтой залуус мөн эсэхийг хотын өнгө үзэмжээс бодитоор харах боломжтой. Өдөр бүр ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж яваа Нийслэлийн хот тохижолтын газрын нэгэн ажилтантай энэ талаар ярилцлаа.
-Долоо хоногт хэдэн удаагийн давтамжтай цэвэрлэгээ хийгдэж байна. Нэг ажилтан өдөрт хэдэн (м) талбайг цэвэрлэдэг вэ?
-Өдөр тутам хотын цэвэрлэгээний ажил явагддаг. Нэг ажилтанд өдөрт 600-800 метр орчим талбай ноогддог. Ачаалал ихтэй болон нэгнийгээ нөхөх шаардлагатай үе ч гардаг. Тийм үед өдөрт 1 км гаруй талбайг ажлын 8 цагт багтаан цэвэрлэж дуусдаг.
-Энэ жилийн өвөл цас багатай учраас гудамж талбай цэвэрлэхэд арай хөнгөн байв уу. Цаг уурын байдал ажлын ачаалалд их нөлөөлнө биз?
-Энэ өвөл өнөтэй, тавлаг болж байна. Цас багатай. Хүйтний хувьд ч тогтуун, сайхан өвөл болж дуусах шинжтэй. Ийм үед ажил харьцангуй саад бага явагдаж байна даа.
-Өдөр тутмын ажлаа хийгээд явахад иргэдийн зүгээс ямар хүндрэл учруулдаг вэ?
-Иргэдийн хандлага өмнөх жилүүдийн нөхцөл байдалтай харьцуулбал нэлээд сайнаар өөрчлөгдсөн санагддаг. Байршилаасаа их шалтгаалдаг. Дүүрэг болгон өөр нөхцөл байдалтай, оршин суугчдын амжиргааны түвшин ч өөр. Энэ утгаараа хотын төвд бохирдол харьцангуй бага үүсдэг бол хотын зах хэсгээр ухамсаргүй үйлдэл их гаргадаг гэж хэлж болохоор. Иргэдийн төлөвшил, юманд хандах харилцаа, биеэ авч яваа байдал, хүрээлэн орчиндоо хандах хандлага гээд олон зүйл хүн болгонд өөр. Тэр дундаас нэгнийхээ ажил үүргийг хүндлэж ойлгож чаддаг чадвар хамгийн чухал юм шиг санагддаг. Бидний зүгээс ч “Хоггүй аян” гэх мэт ажлын чиг үүргүүдийг авч хэрэгжүүлэхийг зорьдог.
-Талбай цэвэрлэж байх үед хамгийн тулгамддаг асуудал юу байхав?
-Автомашин дотор зорчиж байгаа иргэд цонхоороо тамхины ишээ зам руу шууд хаядаг. Бидэнд хамгийн том хаягдал болдог зүйл бол тамхины иш. Өдөр бүр цэвэрлэж байгаа хэдий ч өдөр цайндаа орж хэсэг хором амраад ирэхэд дахин маш их тамхины иш бий болчихсон байдаг. Автобусны буудал дээр ч мөн иргэд унаа хүлээнгээ тамхи их татдаг. Татсан тамхины ишээ хогны саванд хийдэггүй иргэн олон. Уг нь автобусны буудал бүрт хогийн сав бий шүү дээ. Ийм байдлаар тамхины иш байнгын хог хаягдал болдог учраас ажлын ачаалалд их нөлөөлнө. Өөр нэгэн хүндрэл учруулдаг зүйл гэвэл автобусны буудлууд дээрх аж ахуйн нэгжүүд. ААН бүр ойрын 50 метр орчим талбайг цэвэрлэх үүрэгтэй. Гэтэл тэрхүү цэвэрлэгээ хангалттай хийгддэггүйгээс бидний ажил нэмэгдэнэ. ТҮЦ-нээсээ хогоо гаргаж л байвал болох нь тэр гэсэн бодолтойгоор ойр орчноо улам бохирдуулдаг. Бие засах, угаадсаа асгах газаргүйгээс болж шингэн бохирдлоо гадаах талбайд шууд асгах гэх мэт асуудлууд нэлээн байдаг. Хөл хөдөлгөөн ихтэй газарт хотын өнгө үзэмжээс эхлүүлээд олон асуудал үүсдэг.
-Үүргээ биелүүлэхгүй байгаа ААН-үүдэд хэрхэн хариуцлага тооцдог бол?
-Мэдэгдэх хуудас хүргүүлдэг. Тэглээ гээд арга хэмжээ авч хариуцлага тооцож, таслан зогсоох, торгууль бичих эрх бидэнд байхгүй учраас үл ойшоох хандлага ажиглагддаг. Тодорхой өөрсдийн эрхийн хүрээнд үүргээ биелүүлэхгүй, орчноо бохирдуулж байгаа ААН-үүдэд мэдэгдэх хуудас өгч ажилладаг. Нэг байгууллагад сарын дотор 2-3 удаа мэдэгдэх хуудас өгсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллаж торгууль хүргүүлэх дамжлагат ажлын эрх мөн бидэнд бий.
-Иргэдэд хандаж хэлэх үг танд бий юу?
-Иргэддээ хандан хэлэхэд ухамсартай байж орчноо бүү бохирдуулаарай. Бидний ажлыг хүндэлснээр таны үр хүүхэд ч мөн цэвэрхэн орчинд амьдрах юм шүү дээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 11 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14