Дэнжийн 1000-д байрлах "Хүчит шонхор" зах нийслэлчүүдийг махаар хангадаг гол худалдааны төв юм. Тус захын машины зогсоолын талбайд ачааны машинтай иргэд мах зарж байв. Ингэхдээ хонь, ямааны махыг гулуузаар нь машины тэвшин дээр ачсан байх бөгөөд адуу, үхрийн мах ч элбэг харагдлаа. Үдийн алдад очсон болоод тэр үү худалдан авагч багатай байв. Ялангуяа мах гулуузаар зардаг газар хүн багатай харагдав. Дотогш жижиглэнгийн лангууны хувьд худалдан авагч нэлээдгүй байв. Тэд ихэнхдээ 2 кг, 3 кг мах авч байлаа. Махны худалдагч худалдан авагчийн дунд “Ямар үнэтэй юм бэ”, “Дахиад үнээ нэмчихсэн юм уу”, “Нэг ирэхэд л 1000 төгрөгөөр нэмэгдчихсэн байх юм” гэх ширүүхэн яриа тасрахгүй аж.
“Тэтгэвэрээ маханд өгчихөөр эм тан, гурил будаагаа юугаар авах билээ”
Мах худалдаж авч буй Л.Сүнжидтэй цөөн хором ярилцав.
-Та хичнээн кг мах авах гэж байна вэ?
-3-4 кг үхрийн мах авдаг юм уу. Тэтгэвэр буунгуут л махаа эхлээд авдаг. Энэ жил махны үнэ дийлдэхээ байсан.
-Ямар үнэтэй байна?
-11000-12000 төгрөг гэж байна. Өөх алагласан нь арай үнэтэй, бараан мах нь арай хямд байх шиг байна. Өмнө нь хөгшин бид хоёр тэтгэвэрийнхээ талаар мах авчихад овоо дараа сартайгаа золгодог байсан. Одоо тэтгэвэрээ бүгдийг өгөөд ч хүрэхгүй болсон. Бүх тэтгэвэрээ маханд өгчихөөр эм тан, гурил будаагаа юугаар авах билээ. Авдаг тэтгэвэр нь бага. Авч хэрэглэх хоол ундны үнэ улам л өсөөд байх юм.
Үхрийн мах кг нь 11000-12500 төгрөгийн үнэтэй байна
Ингээд махны ченж Б.Чимэгээгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сар шинийн баяр ойртож байна. Иргэдийн худалдан авалт хэр байна?
-Хүмүүсийн худалдан авалт муу байна. Иргэд "үхрийн ганц хаа авъя" гээд ороод ирдэг. Хаа аваад жин дээр тавихад 300 мянган төгрөг давчихдаг. Тэгэхээр “ийм үнэтэй болж байгаа юм уу, за больё” гээд гараад явчихдаг. Өрөөл мах авдаг байсан бол болиод 5 кг мах аваад л буцаж байна.
-Тухайлбал үхрийн мах кг нь ямар үнэтэй байна вэ?
- Ястай болон цул мах кг нь 12000-12500 төгрөг байна. Хүмүүс ястай махыг цул махтай ижил үнэтэй байна гэж уурладаг. Ястай мах үнэтэй байгаагийн шалтгаан нь ердөө малын тарган туранхайтай холбоотой. Тарган малын мах үнэтэй байх нь ойлгомжтой. Ястай мах үнэтэй байгаад ченж нарыг буруутгаж болохгүй. Малчид ч тарган малын махаа үнэтэй зарж байна. Тэдний ч зөв. Олон сар жилийнх нь хөдөлмөр шүү дээ. Гэхдээ ченжүүд урсгал зардал их гаргадаг. Жишээ нь өдөрт бэлтгэгчид 30 мянган төгрөг, ачигчид 20 мянган төгрөг, тэрэг хөлслөхөд 10 мянган төгрөг төлдөг.
-Шүлхий өвчин ихэнх аймгуудад тархаад байна. Малын шинжилгээний бичгийг нь шалгаж авч байна уу?
-Шүлхийн бичгийг захын орох хаалга дээр эмч нар шалгаж оруулдаг. Ингэхдээ бүх QR код болон гарал үүслийнх нь бичгийг шалгадаг учраас энэ тал дээр санаа зовдоггүй. Шинжилгээний бичиг хамгийн чухал шүү дээ.
-Махны ченжүүдийг малчдаас мах хямд аваад хэд нугалж зардаг гэдэг?
-Малчид махаа ченжүүдэд хямд өгөөд ченжүүдыг үнэ нэмж зардаг гэж ярьдаг. Бид тэгж үнэ нэмж зардаг байсан бол энд хөлдөж үхэх гээд зогсоод байх шаардлагагүй. Малчид чинь тэнэг хүмүүс биш шүү дээ. Тэд чинь энд ирэхээсээ өмнө л махныхаа жин, үнэ ханшийг мэдчихсэн орж ирдэг. Хаврын цагт хөдөө орон нутгаас мах тээвэрлэдэг малчид ховорддог. Үүнтэй холбоотойгоор махны үнийг жаахан нэмэхэд л "ченжүүд махны үнийг тэнгэрт хадаачихлаа" гээд байдаг. Үгүй шүү дээ. Би 1997 оноос хойш махны ченж хийж байна. Аливаа юм хоёр талтай гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Орон нутгаас ирж буй махны 80-аас дээш хувь нь "Хүчит шонхор" захад борлуулагддаг. Энэ утгаараа мянга мянган айл өрхийн аж амьдралыг залгуулж байна. Шат шатандаа л бие биеэ нөхөж, цалинжуулж байдаг. Жишээлбэл бөөний лангууны ченжүүд махаа сайн авч чадаж байвал жижиглэнгийн лангууны худалдаачид борлуулах мах ихтэй байдаг. Лангууны худалдаачид мах ихтэй байна гэдэг тэр махыг зөөдөг, нааш цааш үүрдэг хүмүүс ажилтай байна л гэсэн үг. Гол нь төр засгаас зөв бодлого зохицуулалт хийх л чухал байна.
А.Мөнхнаран
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 13 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14