Д.САРАНЦЭЦЭГ: Цэцэрлэгийн үйлчилгээний 3300 гаруй ажилтныг хэн хариуцаж, хаанаас цалин олгох нь тодорхойгүй байна

Admin | 2021-12-14


Ирэх нэгдүгээр сарын 01-нээс байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг төрийн үйлчилгээний 1-3 зэрэглэлийн ажилчдыг буюу үйлчилгээний ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлэх тухай  асуудал яригдах болсон. Учир нь ирэх жилийн төсөвт тус ажилчдын цалин хөлс тусгагдаагүй билээ. Тэгвэл СӨБ-ын 266 цэцэрлэгийн 3300 гаруй үйлчилгээний ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлсэнээр тэдний хаана харьяалагдах, хэдэн төгрөгийн цалин авах эсэх нь тодорхойгүй байна. Үүнтэй холбоотойгоор өмнө Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос хэвлэлийн бага хурал хийж байсан. Тодруулбал, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг нар болон ҮЭ-ийн хороодын зарим дарга нар мэдэгдэл хийсэн. Тэд “Засгийн газар, УИХ-ын гишүүдэд гаргах шийдвэрээ нээлттэй хэлэлцүүлж, тодорхой тайлбарлаж ажилчдыг, ард түмнээ төрдөө итгэх итгэлтэй байж өөрсдийнхөө хүлээсэн үүргээ эрхийнхээ хүрээнд явуулахыг шаардаж дээрх асуудлыг ямар хуулийн хүрээнд ямар зорилготой гаргаж байгаагаа 12-р сарын 14-ний дотор хэвлэл мэдээллээр болон холбогдох албан тушаалтан ҮЭ-ийн байгууллагад мэдэгдэж мэдээлэл өгөхийг хүсч байна” хэмээн шаардсан байдаг. Уг шаардлагын дагуу өчигдөр буюу 12 дугаар сарын 14-нд Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга СӨБ-ын ҮЭ-ийн гишүүдийг хүлээн авч уулзсан байна.  Уулзалт харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй бөгөөд СӨБ-ын ҮЭ-ийн дарга Д.Саранцэцэг тэмцлээ дахин үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Энэ талаар бид СӨБ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Саранцэцэгээс тодрууллаа.

-Нөхцөл байдал ямар байна вэ, төрийн үйлчилгээний ажилчдыг гэрээт болгохыг эсэргүүцсэн та бүхний эсэргүүцэл шийдэлд хүрэв үү?

-Шаардлагын хариуны эцсийн хугацааг бид 2021.12.14 гэж заасан, өчигдөр 12:30 цагт Боловсролын яамны холбогдох албан тушаалтнуудтай манай төлөөллүүд болох  БШУҮЭХолбооны дарга, манай ажлын хэсгийн гишүүн Мөнх-Эрдэнэ мөн миний бие уулзсан. Гэвч уулзалт харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй учир тэмцлээ дахин үргэлжлүүлнэ. Уулзалтын дараа СӨБ-ын ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн шуурхай хурал зарлаж ажлын хэсгийг яаралтай хуралдуулж эрчимтэй ажиллуулах шийдвэр гаргалаа. Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр цуглаж цаашид яаж ажиллах, гишүүдээ хэрхэн зохион байгуулах талаар ажлын төлөвлөгөө гаргаж, жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрлийн бичгээ холбогдох газар хүргүүлнэ. 

-Үйлчилгээний ажилчдыг төрийн албанаас салгаж хувийн хэвшил рүү оруулж байгаа нь ямар эрсдэлүүдийг дагуулж байна?

-Мэдээж цалин багасах эрсдэл хамгийн өндөр. Хувийн хэвшилд очлоо гэхэд биднийг цаашид олон жилээр ажиллуулна гэсэн баталгаа байхгүй.

Бидний судалгаагаар нийгмийн хамгаалалд 2022 оны урьдчилсан байдлаар Улаанбаатарын 260 гаруй цэцэрлэгээс 86 хүн л буцалтгүй тусламж авахаар байгаа. Буцалтгүй тусламжид 960 гаруй сая төгрөг бий. Нийслэлд уг төсвийг хэмнэх зорилготой энэ бодлогогүй алхмыг хийж байна гэж хардаж байна.

Уг шийдвэрийн цаана маш олон хүний аж амьдрал, сэтгэл зүй хохирч байгаад хэлэх үг олдохгүй байна.

-Сургууль, цэцэрлэгийн амралттай уялдаж уг хуулийн хэрэгжилтийг хэлэлцэж байгаа нь олон нийтийн дунд хардлага үүсгээд байна. Энэ тухайд?

-Ер нь энэ тал дээр хардлага бий. Нэгдүгээрт оны зааг дээр уг хуулийн төслийг хэлэлцэж байна. Бид хөдөлмөрийн хуульд таван засгийн газар дамжин байж нэгэн эерэг зүйл заалтыг оруулж ирсэн нь "бүх ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллана" гэсэн заалтыг оруулж чадсан. Мөн бүх шатандаа нийгмийн түншлэлийг хангаж ажиллана. СӨБ-ын ажилчид хэдэн жил хүлцэнгүй, чимээгүй явж ирсэн. Цэцэрлэгийн үйлчилгээний ажилтнууд тэгж их цалин ч авдаггүй. Жишээлбэл, цэцэрлэг зуны гурван сар амардаг. Энэ хугацаанд хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу 15 хоногийн үндсэн амралт дээрээ ажилласан жилээ нэмээд амардаг. Бусад хугацаанд нь цалингүй л амардаг. Гэтэл гэнэт Засгийн газрын тогтоол гарч ирээд бараа шилжүүлэх гэж байгаа юм шиг “май, энэ засгийн газрын тогтоол он гараад хэрэгжинэ шүү” гээд л авчраад өгөх юм шиг байгаа юм. Энэ нь хүний эрх, үндсэн хуулийг ч зөрчиж буй хэрэг юм.

-Асуудал нааштай шийдэгдэхгүй бол яах вэ, өөр холбогдох албаны хүмүүст мэдэгдсэн үү?

-Хэрэв нааштай шийдэгдэхгүй бол бид цаашдын тэмцлээ үргэлжлүүлнэ гэж шийдсэн. Мөн манай цэцэрлэгийн гишүүд тойргоос сонгогдсон гишүүддээ захидал илгээж Сангийн яам, Хөдөлмөрийн яамдын хүмүүстэй биечлэн уулзаж байгаа. СӨБ-ын Хорооны тэргүүлэгчдийн зүгээс уг асуудлыг Ерөнхийлөгч мэдээгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн сарын 9-ний өдөр бид Ерөнхийлөгчид захидал хүргүүлсэн. Ерөнхийлөгч тус захидлыг хараад УИХ гишүүд, Засгийн газрынхантай ярилцах байх гэж найдаж байна. Уг асуудал дан ганц Улаанбаатар дахь СӨБ-ын асуудал биш орон даяарх сургууль, цэцэрлэгтэй холбоотой. Орон нутгийнхан маань бидэнтэй нэгдэж цахимаар тэмцэл хийж байгаа. Жишээ нь Хөвсгөл аймгийн СӨБ-ынхон цахимаар тэмцэл хийсэн бол Дорнод аймгийн СӨБ-ынхон төв талбай дээрээ цуглаан зохион байгуулсан гэх мэтчилэн уг үйл ажиллагаанд нэгдсээр байна. Тиймээс төр ч гэсэн энэ асуудлыг анхааралтай авах байх гэж итгэж байна.

 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: Одоо үйлчилгээ үзүүлж байгаа төрийн алба хаагчид хоорондоо нэгдэж байгууллагын бүтцэд шилжиж төрд үйлчилгээ үзүүлнэ

 

СӨБ буюу цэцэрлэгийн үйлчилгээний ажилтнуудын цалинг ирэх оны төсвөөс хассан. Түүнчлэн хувийн хэвшилд шилжүүлнэ гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор тус салбарын Үйлдвэрчний эвлэл эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ илэрхийлээд буй. Мөн холбогдох албан тушаалтнуудад хандсан талаар хэлсэн. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ уг асуудалд дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Өнөөдөр ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжиж, төрийн бүтцэд хамаарч байна. Иргэдэд үзүүлэх төрийн бүх үйлчилгээг цомхон, ухаалаг, цахимжсан, ил тод бүтэцтэй болгоно. Орон тооны бүтцийн шинэчлэл дундаас дээш шатаас эхэлнэ. Ялангуяа төрийн өмчийн үйлдвэрийн газруудыг бүтцийн оновчтой, нийгэм эдийн засгийн үр өгөөж өндөр байх, засаглалын хувьд оновчтой  цомхон болгоно. 

Иргэдийн дунд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн төрийн өмчийн төсөвт байгууллагуудын үйлчилгээний ажилчдыг цомхотгоно гэх буруу ойлголт үүсчээ. Төр илүү чадварлаг, цомхон байх хүрээнд дунд урт хугацааны төлөвлөлтүүдийг хийж байгаа. Түүнээс биш боловсролын байгууллагын ажилчдыг шууд  хувийн хэвшил рүү шилжүүлэх боломжгүй.

Үүнд цаг хугацаа бэлтгэл ажил шаардагдана. Судалгаа хийнэ. Шууд цомхотгоод хувийн компаниар явуулах биш одоо үйлчилгээ үзүүлж байгаа төрийн алба хаагчид хоорондоо нэгдэж байгууллагын бүтцэд шилжиж төрд үйлчилгээ үзүүлнэ.  Төрөөс үйлчилгээг нь худалдаж авна гэсэн үг. Ийм хэлбэрийг судалж байна” гэв.

А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)