Д.СУМЪЯАБАЗАР: Хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд бүгдийн оролцоо чухал

Admin | 2023-05-02


НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн төлөө хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны явцын талаар мэдээлэхдээ таатай байна. Юуны өмнө хоттой холбоотой харилцааны суурь зохицуулалтыг агуулсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан талаар онцлох ёстой. Эрх зүйн энэхүү шинэтгэлийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, санхүүгийн бие даасан байдал хангагдах болон цаашдын хөгжлийг тодорхойлох шинэлэг зохицуулалтууд бий болсон.

Мөн Улаанбаатар хотын хариуцан гүйцэтгэх чиг үүрэг, хэрэгжүүлэх зарчмыг тогтоосноор аливаа асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх, санхүүжилтийг хамтад нь шийдвэрлэдэг болж хариуцлагын механизмыг тодорхой болгосон юм. Улаанбаатар хотын хувьд төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор татвар, төлбөр, хураамжийг нэмэгдүүлэх замаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дарамт учруулахгүй байхыг зорьж, санхүүжилтийн бусад эх үүсвэрийг эрэлхийлж, эрх зүйн шинэлэг зохицуулалтуудыг санаачлан ажиллаж байна" хэмээлээ.

Нийслэл өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулан хөрөнгө босгож болно

Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө хангалтгүй тул эрх зүйн боломждоо тулгуурлан нийслэлийн бонд, үнэт цаас гаргах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгааг хотын дарга онцолсон.

Тухайлбал, хотын эдийн засгийг нэмэгдүүлэх чиглэлээр хуульд заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд богино хугацаанд үнэт цаас гаргаж, өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хөрөнгө босгоно. Харин урт хугацаанд тогтвортой байдлыг хангах үүднээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, бүтээн байгуулалтын төслүүдийг тогтвортой санхүүжүүлэх Нийслэлийн хөгжлийн санг байгуулан, тогтмол хөрөнгө татаж байх шаардлагатай байгаа юм.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Засгийн газраас хоёр талт түнш, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөгжлийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 12, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гурав, нийт 15 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Нийслэлийн зүгээс хөгжлийн төсөл, хөтөлбөр бүрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, шаардлагатай арга хэмжээг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэх бодлого баримталж, үүнд гадаад орнуудын сайн туршлагыг судалж нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд нийт 3.4 тэрбум төгрөг хэмнэв

Төлөвлөлтийг нь боловсронгуй болгох замаар төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр цөөнгүй ажлыг нийслэлд хийж хэрэгжүүллээ. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтан, албан хаагчдын нийт 447 орон тоог бууруулан 2.7 тэрбум төгрөг, суудлын автомашин ашиглаж буй албан тушаалтнуудын автомашины хэрэглээг зогсоосноор 226.7 сая төгрөг,  албан томилолт, зочны зардлыг бууруулах, сургалт семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулах, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг бууруулж ажилласнаар нийт 3.4 тэрбум төгрөгийг хэмнэлээ.

Гарааны 46 компанийг бойжуулан гаргалаа

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нарын ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд нийслэлээс анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Улаанбаатар инновацын төв болон Баянхошуу бизнес инкубатор төвөөр дамжуулан бизнес эрхлэгч, энтрепренер залуусыг дэмжин ажилласны дүнд гарааны 46 компанийг бойжуулан гаргаж, 400 гаруй ажлын байрыг бий болгоод байна. Мөн гарааны бизнес эрхлэгчид орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар бүтээгдэхүүнийхээ анхны загварыг турших орон зай бүхий “Бүтээгчдийн талбар”-ыг байгуулж, хөрөнгө оруулагчдад бүтээгдэхүүний загвараа танилцуулж, эхлэлийн санхүүжилт авах боломжийг бүрдүүллээ.

Салбар бүрд цахим шилжилтийг хийж байна

Иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуй нэгж байгууллагад түргэн шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн бүх салбарт технологийн шийдэл нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх цахим шилжилтийн төлөвлөгөөг Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн чиглэлээр боловсруулж, мэдээллийн технологийн тэргүүлэх 70 гаруй компани, монгол инженерүүдтэй хамтран хэрэгжүүлж буй. Тухайлбал, бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх зорилгоор 74 төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртлыг бууруулах “Онлайн бизнес төв”-ийг байгууллаа. Ийнхүү өдгөө 134 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар олгодог болсон юм.

Мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс төрийн 53 байгууллагын 632 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бөгөөд үүнээс 39 байгууллагын 432 нэр төрлийн төрийн үйлчилгээг www.operator.e-mongolia.mn цахим системээр болон оператор хэлбэрээр үзүүлж байна.

Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний smartcar.mn системээр 15 үйлчилгээний мэдээлэл болон татвар, торгууль, товчоодын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу “Qpay wallet” үйлчилгээнд холбосон банкны картаа ашиглан төлөх боломжийг бүрдүүлсэн.

Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системийг бий болгож, замын ачааллыг хянах, маршрутыг төлөвлөх, тооцоолох боломжийг бий болгох https://ubmap.ulaanbaatar.mn/ системийг нэвтрүүллээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн регистрийн дугаараар бүртгэлтэй гар утасны дугаарт торгуулийн мэдээлэл болон шийтгэлийн хуудас харах холбоосыг мессежээр илгээх ажлыг эхлүүлсэн. Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын ухаалаг системийг нэвтрүүлж, нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжууллаа.

Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор вэб, аппликейшн хосолсон “eBARILGA” цахим систем ашиглалтад орлоо.

Авто замын түгжрэлийг 50 хувь бууруулахыг зорьж байна

Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг арга хэмжээний хүрээнд 12 багц арга хэмжээг төлөвлөж, 2024 онд багтаан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлын 50 хувийг гүйцэтгээд байна.  Тухайлбал:

  • Авто замын гэрлэн дохиотой 161 уулзварт 455 радио давтамж тодорхойлох /RFID/ tag уншигч төхөөрөмж, 1036 уншигч антен суурилуулсан бөгөөд RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болголоо.
  • Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар зургаан байршилд 26.7 км зам барих ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.
  • “Шинэ тойрог зам” төслийн хүрээнд хот тойрсон авто замын хөдөлгөөнийг хоёр жилийн хугацаанд 93 км тойрог замыг бий болгохоор төлөвлөсөн.
  • Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаар Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнасан Чингэлтэйн замын 5.1 км коридорт хэрэгжиж байна.
  • Түгжрэлийг бууруулахаар хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд сургуулийн долоон барилга, цэцэрлэгийн 11 барилга, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын есөн барилгын ажлыг эхлүүлээд байна.
  • Хотын төвийн замын нягтралыг бууруулах зорилгоор эхний ээлжинд 468 машины багтаамжтай ухаалаг системээр тоноглосон их багтаамжийн авто зогсоолыг байгуулахаар судалгаа, тооцооллыг гаргалаа.
  • Дүүжин замын тээврийн төслийн хоёрдугаар шугам буюу 4.2 км дүүжин замыг 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
  • Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх зорилгын хүрээнд 2021-2022 онд 27.669 км шинэ авто зам, гол болон туслах авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 34 км авто зам, 1500 метр Олимпын гүүрэн гарц, 537.2 метр хоёр гүүр, хоёр байршилд нүхэн гарцыг ашиглалтад орууллаа.
  • Улаанбаатарын төвлөрлийг задалж, нэг төвт хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжүүлэн орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулав

2040 он гэхэд Улаанбаатарыг амьдралын таатай орчин бүрдсэн хот болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлэн болоод байна.

Энэ хүрээнд:

  • Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд шинээр "Амгалан", "Шинэ төв", "Сонсголон" гэсэн гурван дэд төв, "Нисэх", "Тахилт", "Дарь-Эх", "Монел", "Бичил", "Ургах наран", "Хайлааст" гэсэн олон нийтийн долоон төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсрууллаа.
  • “Аргалант-Эмээлт” дагуул хот, “Буянт-Ухаа” дагуул хот, “Налуу-Ухаа” дагуул хотыг байгуулахаар нэр, эдэлбэр газрын байршлыг тодорхойлоод байна.
  • Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төв, Дамбадаржаа олон нийтийн төв, Дэнжийн мянга олон нийтийн төв, Шархад олон нийтийн төв, Толгойт олон нийтийн төвийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо

Иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд Улаанбаатар хотод цөөнгүй ажлыг хийгээд байна. Тухайлбал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн хүрээнд нийт 3133 айлын 25 орон сууц ашиглалтад ороод буй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо. Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт төвлөрсөн инженерийн шугам сүлжээний хангамжаар хангагдах боломжгүй дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэхээр гурван байршилд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж байна.

Хотын оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 144 байршилд нийтийн зориулалттай орон сууцны фасад дулаалгын ажил, 47 цахилгаан шатыг шинэчиллээ.

Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийт 187 байршилд 81396 ам метр талбай бүхий 4522 гарааш чөлөөлснөөс 71384 ам метр газарт нь тохижилт хийв. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хааж, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулахуйц хуучирч муудан, өнгө үзэмжгүй хаягийг зөвшөөрөлгүй байрлуулсан 363 самбарыг буулгав. Мөн 3610 айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг хийж байна.

Сэлбэ дэд төвийн 28 мвт хүчин чадал бүхий дулааны станц, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил бүрэн дууссан. Мөн есөн байршилд 10.1 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийг шинээр барьж, гурван байршлын 1.1 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийн засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэсэн.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийг барих төслийн барилга угсралтын ажил 65 хувьтай үргэлжилж буй.

“Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус түгээх 182 байрыг автоматжуулах ажил тус тус хийгдэж байна.

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.7 ам метр болж нэмэгдлээ

Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж талбайг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 5.7 ам метр болж нэмэгдсэн байна.

Энэ хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байсан 10.2 га газрыг ЗДТГ-т шилжүүлэн, зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гаргалаа. Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах “East” төв орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг гаргав.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 32 га талбайн мод үржүүлгийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн 15 аж, ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.  Мөн нийслэлд нэг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж, Туул гол дагуу болон  үерийн далан дагуу гурван байршил, эрүүл мэндийн таван байгууллагын гадна талбайд томоохон тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.

Сэлбэ, Бага Баян  голын хаврын шар ус болон зуны үерийн усыг хуримтлуулан экосистемд  таатай нөлөө үзүүлэх цэнгэг устай 30,000 шоо метрээс багагүй эзлэхүүнтэй Сэлбэ голын урсац тохируулын усан сан байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн       оролцоотойгоор хэрэгжүүлж буй.

Түүнчлэн хог хаягдлын ухаалаг менежмент бий болгох хүрээнд Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хоногт 300 тонн хог хаягдал ангилан ялгах үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулсан. Аюултай хог хаягдлыг түр хадгалах жишиг агуулахын барилга, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 10 тонн хог хаягдал ангилан ялгах хүчин чадал бүхий үйлдвэрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

 

 

Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй, тайван амьдруулах, байгалийн үзэгдэл, ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Мөн хурлаар нийслэлийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө танилцуулсан юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн өмчид 126 айлын орон сууцны барилга байгууламж бүртгэн авах талаар танилцуулсан бөгөөд тус барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авахыг НИТХ-аас дэмжлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)