Хятадын шинэчлэлийн эцэг Дэн Сяопин

Admin | 2023-05-03


Орчин үеийн Хятадын түүхэнд ард түмэндээ үнэнчээр зүтгэсэн онцгой эрхмүүд байдаг. Тэдгээрийн нэг нь Дэн Сяопин юм. XX зууны түүхэнд нэрээ үлдээсэн, дэлхийн түүхэнд бичигдэх Хятад хүмүүсийн дотор Дэн Сяопин нэлээд дээгүүрт бичигддэг. Сун Ятсень, Чан Кайши, Мао Зэдун, Жоу Эньлай, Лю Шаоци нарын дараа Дэн Сяопин ордог. Өнгөрсөн зуунд улсынхаа зогсонги байдалд орсон эдийн засагт зоригтойгоор шинэчлэл хийж, БНХАУ-ыг тогтвортой хөгжилд хүрэхэд түүний байгуулсан гавьяа маш их. Богино хугацаанд тэрбум 300 сая хүн амтай  улсыг хоол хүнсээр бүрэн хангаж, бараа бүтээгдэхүүнээ гадагшаа экспортолж эхэлсэн эдийн засгийн шинэчлэл нь өнөөдөр бусад орнуудад үлгэр дуурайл болж буй.

Дэн Сяопин 1904 оны наймдугаар сарын 22-нд Хятадын өмнөд хэсгийн Сычуань мужийн Пайфан тосгонд мэндэлжээ. Эцэг Дэн Вэньмин үгээгүй ядуу байв. Ээж нь багад нь өнгөрсөн учир эцэг нь хоёр дахиа гэрлэсэн. Дэн Вэньмин том хүү Дэн Сяопиныг Чунчинь дахь сургуулийн бэлтгэл дамжаанд өгчээ. Тэрээр сургуульд шилдэг сурагчдын тоонд орно. Ирээдүйн “шинэчлэлийн архитектор”-ын эцэг хэчнээн ядуу байсан ч, улс төртэй холбоотой нэгэн байв. Тариаланчдын сайн дурын нууц бүлгэмийн идэвхтэй гишүүний хувьд хувьсгал тэмцэлд байнга оролцдог. Тэр “туг баригч” гэсэн хочтой байсан аж.  

Оюутан Дэн Сяопин

Үндэсний хувьсгалч үзлээр хүмүүжсэн Дэн Сяопин 16 нас хүрэхэд нөлөөтэй хүмүүсийн дэмжлэгээр Франц улс руу сурахаар явах сурагчдын тоонд орсон байна. 1920 оны арванхоёрдугаар сарын Францын “Портос” хөлөг онгоц Марсель хотын боомтод ирж зогслоо. Хөлөг онгоцноос Европын зорчигчидтой хамт хэсэг хятад залуус буужээ. Тэд бол коммунист чиглэлийг барьдаг хүмүүс байв. Тэдний дотор дунд зэргийн нуруутай, цайвар царайтай залуу Дэн Сяопин бусдаас онцгой харагдана. Францад тэрээр Хятадын социалист залуучуудын холбоонд гишүүнээр элслээ. Коммунист сонин болон ухуулах хуудас гаргаж, тараах ажилд идэвхтэй оролцож байв. Ингэж суралцахын хажуугаар улс төртэй гүн холбогдож эхэлсэн. Сар бүр гэрээсээ ирдэг мөнгө болон Засгийн газрын олгодог тэтгэлэг өдөр тутмын хэрэглээнд хүрэлцдэггүй. Тиймээс хичээлийн дараа тааралдсан ажлыг хийнэ. “Рено” автомашины үйлдвэрт хар ажил хийж, дулааны төвд галчаар ажиллаж, зоогийн газарт үйлчлэгч хийнэ.

Дэн Сяопин 1924 онд Хятадын Европ дахь Коммунист намын салбарт гишүүнээр элсэв. Тэр жилүүдэд Жоу Эньлайтай нэг өрөөнд амьдарч, үй зайгүй найзууд боллоо. Дараа нь Жоу түүнийг улс төрийн тэмцлийн үеэр хэд хэдэн хэцүү хүнд байдлаас эсэн мэнд аварсан аж. 1926 оны нэгдүгээр сарын 20-нд Францын Засгийн газар янз бүрийн шалтгаанаар Хятадын олон коммунистыг улсаасаа гаргажээ. Тэдний дотор Дэн Сяопин ч байсан. Түүнийг Франц дахь Хятадын залуучуудын байгууллагын удирдагч Хо Лучийн амь насанд халдах хэргийг зохион байгуулсан гэж буруутгав. Цагдаа нар Дэн Сяопины гэрийг нэгжиж, ном сониныг, түүнчлэн түүний дурлан уншиж байсан Н.Бухарины зохиолыг хурааж авсан байна. Гэсэн хэдий ч Францад өнгөрүүлсэн он жилүүд нийгэмд дүн шинжилгээ хийж, өөрийн замналаа сонгоход их тус болж, түүнийг мэргэжлийн хувьсгалч болоход нөлөөлсөн. Дэн Сяопиныг намын шийдвэрээр Берлин хотоор дамжиж ЗХУ руу шилжүүлж, Москва дахь Сунь Ятсений нэрэмжит коммунист их сургуульд богино хугацааны сургалтад явуулжээ. Тэнд түүнээс гадна олон хятад залуу суралцаж байсан. Энэ үеэр Европт хувьсгалын хөдөлгөөн намжиж, харин Алс Дорнодод идэвхжиж байв. ЗХУ-ын Засгийн газар болон Коммунист интернационал тэнд болж байгаа өөрчлөлтийг маш их анхаарч, дэмжсэн. Хэдэн сарын дараа буюу 1926 оны арваннэгдүгээр сард эх орондоо эргэж ирсэн Дэн хэсэг хугацаанд Чан Кайши даргалдаг Гоминданы Хуанпу цэргийн сургуульд хичээл заав. Дараа нь дотоод Хятад руу шилжиж, улс төрийн олон үйл явдал дунд орооцолдож, туршлага хуримтлуулжээ. Иргэний дайны үеэр Улаан армийн бүрэлдэхүүнд хэд хэдэн том тулалдаан оролцсон байна. Хятадыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөх тэмцлийн явцад хэд хэдэн удаа байлдааны оновчтой тактикаар олонд танигдав. 1929 онд Хятадын коммунист намыг хүчээр тараасны дараа алс хязгаарын Гуанси мужид очиж, хувьсгалт хөдөлгөөн зохион байгуулах ажил хийжээ. Тэр 10 жилийн турш Хятадын Улаан армийн бүрэлдэхүүнд суртал ухуулгын ажил явуулсан байна. 1943 онд Хятад-Японы дайны зургаа дахь жилд наймдугаар армийн штабын даргын албыг хашиж, анх удаагаа Хятадын Коммунист намын гол удирдагчдын эгнээнд оржээ.

Мао Зэдун, Дэн Сяопин.

Олон жил үргэлжилсэн иргэний дайн болон хувьсгалын дараа 1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдав. Бүгд найрамдах улсын эхний жилүүдэд Дэн Сяопин намын удирдагч Мао Зэдуны нэр хүндийг ард олны дунд өргөхийн төлөө бүх хүчээ зориулав. Коммунист намын дарга нар болох Мао Зэдун, Жоу Эньлай, Пэн Дэхуа болон Жу Дэ нартай нягт хамтран ажиллаж байв. 1951 онд Хятадын Коммунист намын 30 жилийн ойн үеэр хэвлэлд гаргасан нийтлэлдээ тэрээр “Хятадын хувьсгалын ялалт болон намын ард түмэнтэй нягт харилцаа нь нөхөр Мао Зэдунтэй шууд холбоотой гэдгийг хятадын коммунистууд бүрэн хүлээн зөвшөөрдөг. Тэд Мао даргыг өөрсдийн хамгаалагч хэмээн үздэг” гэж бичжээ.

1954 оны эхэнд Дэнийг Бээжинд дуудаж, хариуцлагатай албан тушаалд томилжээ. Тэрээр Хятадын улс төрийн зөвлөлийн даргын орлогч, мөн Сангийн сайдын албыг хашихаар болов. Гэхдээ тэр сайдын ажлыг нэг жил хийсэн бөгөөд Төлөвлөгөөний улсын комиссын бүрэлдэхүүнд оржээ. Түүнчлэн Дэн Сяопин БНХАУ-ын анхны Үндсэн хуулийн төслийг бэлтгэх комиссын гишүүн болж, өөрийнхөө үнэт зөвлөгөөгөө өгсөн. 1954 оны тавдугаар сард Дэн Сяопины чадвартай зохион байгуулагч гэдгийг үнэлж Хятадын коммунист намын нарийн бичгийн даргаар томилогдож, Төв хорооны хэлтсийн ажилд хяналт тавьж байв.

Яньанд болсон Коммунист намын VII их хурлын дараа Мао Зэдун намын даргын хувьд бүх эрх мэдлийг өөрийн гартаа төвлөрүүлэв. Нэг жилийн дотор Коммунист намын гишүүдийн тоо 10 саяар нэмэгджээ. Намын олон талт ажилд сахилга батыг чангатгаж, ард иргэдийг бүтээн байгуулалтын ажилд дайчлах болов. Ямар ч үед Дэн Сяопин гол үүрэг гүйцэтгэж, Мао Зэдуныг дэмжиж явсан аж. 1958 онд БНХАУ-д томоохон өөрчлөлт явагдлаа. Таван жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлэв. Үйлдвэрлэлийн хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлж, “Их Британийг гүйцэж, ардаа орхих” зорилт тавилаа. Гэвч уг өөрчлөлт “Ардын коммун”-ыг авчирсан ч гэсэн, хөдөлмөрийн зохион байгуулалтад цэргийн-хүнд суртал хандлагыг бэхжүүлсэн аж.

“Ардын коммун”-д хөдөлмөрт хийснээрээ цалин олгохыг болиулсан. Хүмүүсийг тэгшитгэж, хувийн аж ахуйн мал, шувууг нийгэмчилж, газрыг хураан авлаа. Үүний улмаас коммунистуудын “Гурван жил шаргуу ажиллавал, мянган жил жаргана!” гэсэн уриа лоозон ард иргэдийг туйлдуулж орхилоо. 1962 онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өмнөх онтой харьцуулахад хоёр дахин буурсан байна. Үр тарианы хэмжээ 1952 оныхоос хамаагүй дорджээ. Хятадад өлсгөлөн нүүрлэлээ. Тухайн үед Мао Зэдуны бодлогыг хэн нэгэн шүүмжилж эсэргүүцэхэд хэцүү байв. Тэрхүү хүнд хэцүү үед Дэн Сяопин удирдагчийн дэвшүүлсэн бодлогод шүүмжлэлтэй хандаж, тус улсад бий болсон нөхцөл байдал, асуудлыг шийдвэрлэхэд бодит байдлыг харгалзан үзэхийг санал болгожээ. 

1962 онд Хятадын эдийн засаг хямралтай нүүр тулахад Дэн Сяопин “Ардын коммун”-ыг зөв зохион байгуулах санал дэвшүүлэв. Улсын газрыг түрээсэлж, хөдөө аж ахуйн байгууллагууд өөрсдийгөө удирдах, зах зээлийн хөгжилд илүү гарсан бүтээгдэхүүнийг сайн дураараа худалдах аргыг боловсруулсан. Хоёр жилийн дараа тэрээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Жоу Эньлайтай хамт “Дөрвөн шинэчлэл”-ийг санал болгосон. Тухайлбал, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, шинжлэх ухаан, батлан хамгаалахыг нэмэгдүүлэх. Гэвч “Соёлын хувьсгал”-ын жилүүдэд улс төрийн нэг чигийн систем хүчээ авч, прагматик улстөрчдийн ихэнх нь хэлмэгдүүлэлтэд өртлөө. Уг хэлмэгдүүлэлтийг Дэн Сяопин ч тойрон гараагүй. Сонин хэвлэлд “Дэн Сяопины намын даргын хувьд хийж гүйцэтгэсэн ажил албан тушаалд нь нийцэхгүй”, “Нэг хүнийг тахин шүтэх явдлыг шүүмжлэх нь Мао даргын нэр хүндэд хохирол учруулсан”, “1961 онд Мао Зедуны хөдөө аж ахуйн чуулганы үеэр хэлсэн “Муур хар, цагаан байх нь чухал биш. Хамгийн гол нь хулганыг сайн барих нь чухал” гэсэн уриаг шооллоо”, “Ажилчин ангийн тусламжаар “Соёлын хувьсгал”-ын анхны хөдөлгөөнийг дарахыг оролдлоо” хэмээн түүнийг буруутгаж байв. Эрх мэдлийн тэмцлийн явцад Дэнд тохсон улс төрийн буруутгал  “Соёлын хувьсгал” хүч авч байсан үед маш том гэмт хэрэгт тооцогдоно. Гэвч тэрээр төрийн зүтгэлтэн Лю Шаоциг бодвол хөнгөхөн ял авчээ. Дэн Сяопин хүнд ялаас мултрахын тулд өөрөө өөрийгөө шүүмжлэхэд хүрэв. Тэр бүх буруутгалыг хүлээн зөвшөөрчээ. 1966 оны арванхоёрдугаар сард хунвэйбинчуудын (хунвэйбин – “Соёлын хувьсгал”-ыг идэвхтэй хамгаалагчид) зохион байгуулсан “Лю Шаоци ба Дэн Сяопин тэргүүтэй хөрөнгөтний штабын эсрэг тэмцэл” нэртэй хуралд тэрээр өөрийн үзэл бодол, үйл ажиллагаа нь Мао Зэдуны үзэл санаатай нийцэхгүй байгааг хүлээн зөвшөөрөв. Хэлсэн үгэндээ “Миний олон түмнээс салсан нь Төв хорооны надад хүлээлгэсэн итгэлд нийцэхгүй гэдгийг харууллаа. “Соёлын хувьсгал”-ын үеэр гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн. Хэрэв тэгж хэлээгүй бол амьдралаасаа хагацахаар байв. Гэхдээ түүний мэдэгдэл баривчлагдахаас аварч чадсангүй. Түүний гэр бүлийнхэн хунвэйбинчуудын барьцаанд оржээ. Намын даргын хүү Дэн Пуфан тэр үед Цинхуа их сургуулийн оюутан байсан. 1968 онд хунвэйбинчууд түүнийг барьж авч, эцгийг нь хаанаас олж болохыг хүчээр асууж, тамлав. Гэвч түүнийг хэчнээн зодож жанчсан ч гэсэн эцгийнхээ байгаа газрыг хэлсэнгүй. Маш их уурласан хунвэйбинчууд Дэн Пуфаныг байшингийн гурван давхраас шидсэн байна. Үүний улмаас биеийнх нь доод тал нь мэдээгүй болов. Олон эмнэлгээр дамжиж, эмч нар хэчнээн эмчилсэн ч эерэг үр дүн гарсангүй. Дэн Сяопины гэр бүлийн бусад гишүүд болох гурван охин, нэг хүүг алс хязгаарын нэгэн муж руу дахин хүмүүжүүлэхээр нутаг заасан байна. Тэд хэдэн жилийн дараа л Бээжинд буцаж ирсэн.         

“Соёлын хувьсгал”-ын үеэр Дэнийг дэмжсэн дарга нар гэрийн хорионд оруулав. Тэднийг олон нийтийн өмнө гарахыг хориглолоо. Хунвэйбинчууд гэрт хүчээр дайран орж, зодон жанчиж, өмч хөрөнгө эд хогшлыг нь сүйтгэнэ. Гэсэн хэдий ч Дэн Сяопиныг баривчлах тухай тушаал өгсөн хүн хэн гэдэг нь одоо болтол тодорхойгүй. Тухайн үед Хятад улс иргэний дайны ирмэгт тулж ирсэн байв. 1967 оны нэгдүгээр сараас эхэлж төрийн эрх нам засгаас “Хувьсгалын хороо”-нд шилжлээ. Тэднийг заримдаа зэвсэгт хүчин ил тод дэмжиж байсан. Үүний улмаас зэвсэгт хүчин ч, хунвэйбиний янз бүрийн байгууллагууд болон чаофанейчууд (хувьсгалыг дэмжигч залуучууд) ч тус тусдаа хуваагдчихсан. Муж орон нутагт цэргийн мөргөлдөөн гарч байв. Хүмүүсийг бөөнөөр баривчлах кампанит ажиллагаа өрнөлөө. Нийгэмд армийн гүйцэтгэх үүрэг нэмэгджээ. Хятад болон ЗХУ-ын хоорондын харилцаа ч муудсан үе.

Дэн Сяопин эхнэртэйгээ хамт 1966 оны намраас 1973 оны хоёрдугаар сар хүртэл өмнөд зүгийн Наньчан хотод цөллөгт явсан. Хотын захад байдаг тракторын үйлдвэрт ажиллана. Охиных нь дурдатгалд бичсэнээр, эцэг нь төмрийн бутлуурчин, ээж нь жижиг сэлбэг бэлтгэгч хийдэг байжээ. Хятадад улс төр-нийгэм болон эдийн засгийн гүн хямрал хэлмэгдсэн чадварлаг улс төрийн хоригдлуудыг суллахад хүргэлээ. Үүний дараа Дэн Сяопин цөллөгөөс буцан ирж, улс төрийн тавцанд дахин гарлаа. Эхэндээ тэрээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргын 12 орлогчийн нэгээр томилогдлоо. Харин 1975 оны нэгдүгээр сард намын даргын орлогч болон Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын даргын албан тушаалыг хаахаар болжээ. Тэрээр хөдөлмөрийн хуваарилалт болон үйлдвэрлэлийн материаллаг үнэлгээний зарчимд суурилсан “дөрвөн шинэчлэл”-ийн хөтөлбөрийг дахин нэвтрүүлэх ажлыг зоригтойгоор эхлүүлэв. Гэвч Маогийн эхнэр Жян Чиний нөлөөнд автсан нэг талын систем прагматик Дэн Сяопины санааг хэрэгжүүлэхэд боломж олгосонгүй. Үүний үр дүнд нь Дэн гурав дахь удаагаа улс төрийн оргилоос уналаа. Дээр нь 1976 онд оюутнуудын Тяньаньмэний талбайд өрнүүлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн бүтэлгүйтсэний дараа, Дэн Сяопин улс төрийн тавцангаас дахин гарахаас аргагүйд хүрлээ.

Прагматик үзэлтнүүд Мао Зэдун нас барсны дараа л бүрэн ялалтад хүрсэн аж. Дэн Сяопин Хятадын Коммунист намын Төв хорооны 1977 оны долдугаар сард болсон бүгд хурлаар Дээд зөвлөлийн орлогч даргын албан тушаалд томилогдож, Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргын орлогчийн ажлыг хийхээр болов. Төр засаг, намын хоёрдугаар даргын хувьд Дэн Сяопин өөрийнхөө “дөрвөн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд зоригтойгоор дахин үргэлжлүүлэв. Туршлагатай төрийн зүтгэлтэн энэ удаа шинэ аргыг хэрэгжүүлэхийг урьдчилан зохион байгуулсан. Түүний санаачилгаар “Соёлын хувьсгал”-д эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэллээ. Хоёр талт бодлого баримталсан БНХАУ-ын дарга Хуа Гофен албан тушаалаасаа огцорлоо. Дэн Сяопин 1981 оноос эхэлж өндөр албан тушаалд залраагүй ч, нам, төр засгийн бүх эрх мэдлийг өөрийн гартаа төвлөрүүлэв. “Хуарангийн коммунизм” болон тэгшитгэлийг дэмжигчидтэй хийсэн олон жилийн улс төрийн тэмцэлд Дэн Сяопины дэвшүүлсэн санаачилга зөв болохыг цаг хугацаа бүрэн нотоллоо. 1981 онд түүний шууд оролцоотойгоор зохион байгуулагдсан Хятадын Коммунист намын Төв хорооны ээлжит бүгд хурлаар “БНХАУ байгуулагдсанаас хойших Коммунист намын түүхэн дэх зарим асуудлаарх шийдвэрүүд” гэсэн нэртэй маш чухал баримт бичгийг баталлаа. Уг баримт бичигт тус улсыг хямрал уналтад оруулсан “Соёлын хувьсгал”-ыг эрс үгүйсгэв. Мао Зэдуны амьдралын сүүлийн жилүүдэд хийсэн алдааг засан залруулж, түүний Хятадын хувьсгалд оруулсан гавьяа зүтгэлийг шударгаар үнэлсэн аж.     

    АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер, тэргүүн хатагтай Розалин Картер нартай.

Дэн Сяопины эхлүүлсэн эдийн засгийн шинэчлэлийг “гайге” хэмээн нэрлэсэн. Үнэндээ бол энэ нь Хятадын хоёр дахь эдийн засгийн хувьсгал байв. Түүний амьдралын төгсгөлд гэр бүлд нь 16 хүн байсан. Дэн Сяопин охид хөвгүүд болон ач зээ нарынхаа ажилд хэзээ ч оролцож байгаагүй бөгөөд тэдэнд өөрийнхөө албан тушаалыг ашиглаж хэзээ ч тусалж байгаагүй гэдэг. БНХАУ-д тийм амьдралын замналыг баримталсан хүн бараг байдаггүй. Алдарт шинэчлэгч 1997 онд 93 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Одоо түүний нэрийг БНХАУ-ын ард түмэн үргэлж бахархалтайгаар дурсдаг. 

Дэн Сяопины зорилго бол улсынхаа нийгмийн амьдрал болон эдийн засгийн салбарыг эрс шинэчилж дахин өөрчлөн байгуулах байв. Тэрээр үүнийг 1970-аад оноос эхэлж 1980-аад онд үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Эхлээд хоол хүнсний эх үүсвэр болох хөдөө аж ахуй, газар тариаланд гол анхаарлаа хандуулав. Гэр бүлийн түрээсийн аргыг нэвтрүүлснээр тариачид өөрсдийн бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр борлуулах боломжтой болж, бизнесийн бусад чиглэлээр ч ажилладаг болсон. Дараа нь үйлдвэрийн газарт аж ахуйн нягтлан бодох бүртгэл, тооцоог нэвтрүүлэв. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрч, эдийн засгийн чөлөөт бүс байгуулж эхэллээ. Төр засгаас үйлчилгээ үзүүлэх, аялал жуулчлал, техникийн засвар болон дагалдах сэлбэг хэрэгсэл гаргадаг жижиг үйлдвэр, бизнесийг зөвшөөрөх  тухай хууль гаргав. Ийм сайн үйлсийн үр дүнд улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй эдийн засгийн амжилтад хүрсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт хүн амд ногдох хэмжээгээр 10, заримдаа бүр 14 хувь хүртэл нэмэгджээ.

ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачевтай.

Хамгийн гол нь өмнө нь байнга тохиолддог байсан хоол хүнсний хомстол, хүрэлцээгүй байдлыг бүрэн шийдвэрлэсэн аж. Дэн Сяопины улс төрийн бодлогыг сайтар ажиглахад тэрээр улсынхаа хөгжилд капиталист чиг баримжааг оруулаагүй нь тодорхой харагддаг. Түүний гол санаа нь “Хятадыг социалист замаар шинэчлэх” байв. Энэхүү стратегийн дагуу үйлдвэр, аж ахуй, худалдааны системд зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргасан. Тэрээр баруун хөрөнгө оруулалтыг тогтвортой дэмжиж, тэдэнтэй улс төрийн харилцааг бэхжүүлэв. Дэн Сяопин ЗХУ-ын удирдагч Михайл Горбачевын эхлүүлсэн “Өөрчлөн байгуулалт, шинэчлэлт” бодлогыг өндрөөр үнэлсэн. Зөвлөлт холбоот улс задарч унасны дараа тэнд өрнөсөн улс төрийн шилжилтэд хүндэтгэлтэйгээр хандсан. Дэн Сяопин “Хэрэв БНХАУ социализмын замаасаа ухарсан тохиолдолд манай улс хагас феодалын болон колони улс болж хувирах байсан” гэж хэлж байв. Одоо түүний бодлогыг баримталдаг улстөрчид зах зээлийн эдийн засаг болон аж ахуйн төлөвлөгөөт менежментийн зарчмыг бие биетэйгээ уялдуулан баримталж, улс төр, үзэл суртлын амьдрал Коммунист намын нөлөөгөөр явж байна.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)