Жүдогийн ДАШТ-ий эхний өдөр манай тамирчид медаль авч чадсангүй

Admin | 2023-05-08


Жүдо бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын нийслэл Доха хотод өчигдөр эхэллээ. Тэмцээн хөнгөн жингийн барилдаанаар эхэлсэн. Өчигдөр Дохагийн татамид эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын тамирчид өрсөлдөж аваргаа тодрууллаа. Монголын багаас эрэгтэйчүүдийн 60 кг жинд зодоглосон Энхтайваны Ариунболд Узбекистаны Дилшодбек Баратовтой шигшээ 32 шатанд таарч вазари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Хоёр тамирчин өнгөрсөн жилийн ДАШТ-ий хагас шигшээд учраа таарахад Э.Ариунболд ялж мөнгөн медаль хүртэж байв.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг хоёр барилдсан. Б.Баасанхүү эхний учраа Чилийн Мэри Ди Варгас Лей, дараа нь Бурундугийн Сигнолин Каняамунеза нарыг ялсан ч, 16-д Казахстаны Абиба Абужакыновад вазари үнэлгээгээр дийлджээ. Харин Г.Наранцэцэг эхний шатанд Тунисийн Умайма Бэдиоуи, хоёрдугаар тойрогт Австрийн Катарина Танзерийг ялаад, 16-д Аманда Лимад нэмэлт цагт цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Өнөөдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам, М.Нандин-Эрдэнэ нар тус тус барилдана.

ДАШТ-ий эхний өдрийн медальтнууд:

Эрэгтэй 60 кг.

  1. Франциско Гарригос (Испани)
  2. Дильшодбек Баратов (Узбекистан)
  3. Георгий Сардалашвили (Гүрж), Харим Ли (БНХСУ)

Эмэгтэй 48 кг.

  1. Нацүми Цунода (Япон)
  2. Ширин Боукли (Франц)
  3. Вакана Кога (Япон), Ассунта Скутто (Итали)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)