Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод өнгөрсөн долоо хоногт бөхийн төрлүүдийн Панамерикийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. Сонгомол бөхийн төрөлд бүх алтан медалийг АНУ болон Кубын тамирчид хамлаа. Кубын хүнд жингийн бөх Оскар Пино тивийнхээ тав дахь түрүүгээ хүртсэн байна. ДАШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэлтэй, өдгөө 29 настай бөх олон жилийн турш Кубын номер хоёроор явж буй. Оскар Пино олимпын дөрвөн удаагийн аварга, алдарт Михайн Лопесийн сүүдэрт олон жил дарагдлаа.
Хүнд жингийн бөхөөс гадна олимпын аварга Луис Орта Санчес (67 кг) ба Даниэль Хечаваррия (87 кг) нар Кубын багт алтан медаль авчрав. Бусад зургаан жингийн түрүүг америкууд хүртлээ. Далтон Дюффилд (55 кг), Далтон Робертс (60 кг), Юстус Скотт (72 кг), Камаль Бей (77 кг), Спенсер Вудс (82 кг) болон Жозеф Рау (97 кг) нар АНУ-ын багаас түрүү хүртжээ. Харин 63 кг-ын жин оролцогчдын тоо хүрэлцээгүйн улмаас зохиогдоогүй. Сонгомол бөхийн төрөлд багийн дүнгээр АНУ (6-0-1), Куба (3-1-1) болон Мексик (0-1-0) шалгарав.
Америкийн залуу од ээлжит түрүүгээ хүртлээ
Эмэгтэй чөлөөтийн төрөлд мөн л америк нядханууд илүүрхлээ. Өнгөрсөн жил U-20 болон U-23 ДАШТ-д өрсөлдөгчдөө илүүрхэн түрүүлж байсан АНУ-ын 19 настай залуу од Амит Элор (72 кг) ээлжит алтан медалиа зүүв. Тэрбээр бүх дөрвөн барилдаанаа эхний үед дуусгаж, өрсөлдөгчдөд нэг ч оноо алдаагүй байна.
Америкийн багийн хамгийн алдартай бөх болох олимпын алт, хүрэлтэй, дэлхийн гурван удаагийн аварга Хелен Марулис (57 кг) эхний тойрогт Кубын Анжела Мартинест санаандгүй ялагдаж, тивийн аваргаас медальгүй хоцорчээ. Марулис 5:2-оор ялж яваад, хоёрдугаар үеийн төгсгөлд дөрвөн оноо алдаж хожигдсон байна. Кубын бөх гуравдугаар байрт орж, 57 кг-д Эквадорын Луиза Мелендрес түрүүлэв. 53 кг-д бас нэг Америкийн бөх дэлхийн аварга Доминик Пэрриш медальгүй хоцорсон байна. Тэрбээр хоёр барилдаад хоёуланд ялагдал хүлээв. Түүний жинд Эквадорын бөх Люсия Гусман түрүүлжээ. Бусад жинд АНУ-ын Сара Хильдебрандт (50 кг), Сочитль Мота-Перрис (59 кг), Мэллори Велте (65 кг) болон Форрест Молинари (68 кг), Канадын Диане Вейкер (55 кг), Анне Гонсалес (62 кг), Кубын Милаймис Марин (76 кг) нар алтан медаль хүртлээ. Эмэгтэй чөлөөтөөр багийн дүнгээр АНУ (5-1-1), Канада (2-1-3), Эквадор (2-1-1) эхний гуравт шалгарав.
Ж.Барроуз, К.Снайдер нар Панамерикийн аваргаар зургаа дахь удаагаа тодорлоо
Эрэгтэй чөлөөт бөхөөр АНУ-ын баг тивдээ босоо гэдгээ дахин нотоллоо. Америкийн бөхчүүд есөн жинд түрүүлж, нэг хүрэл медальтай тэмцээнээс дуусгалаа. Жордан Барроуз (79 кг) болон Кайл Снайдер (97 кг) нар тивийн аваргын зургаа дахь түрүүгээ хүртсэн байна. Үлдсэн долоон алтыг Томас Гилман (57 кг), Виталий Оружев (61 кг), Янни Диакомихалис (65 кг), Зейн Ретерфорд (70 кг), Кайл Дейк (74 кг), Майкл Маккиавелло (92 кг) болон Доминик Брэдли (125 кг) нар хүртлээ. 86 кг-д зодоглосон Марк Холл Кубын бөх Юриески Торребланкад ялагджээ.
Кубын бөх америкчуудаас үлдсэн ганцхан алтыг хүзүүндээ зүүв. Кубын баг олимпын зургаан жинд бөхөө оролцуулжээ. Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэлтэй Кубын хүнд жингийн лидер Рейнерис Салас Перис хагас шигшээд Венесуэлийн Жозе Робертид 1:4-ийн харьцаагаар ялагдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд гарч ирсэнгүй. Өдгөө 36 настай бөх зодог тайлж буйгаа мэдэгджээ. Эрэгтэй чөлөөт бөхөөр багийн дүнгээр АНУ-ын араас Канад (0-4-2), Пуэрто-Рико (0-3-2), Куба (1-2-2) тус тус орлоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14