Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотод арав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шөвгийн найм буюу медалийн төлөөх тоглолт болно. Өчигдөр манай гурван боксчин рингэнд гарч тулалдсанаас 67 кг-ын жинд Б.Мишээлт Армены Гурген Мадоянтай нударга зөрүүлж шүүгчдийн 3:2-ын харьцаагаар ялалт байгууллаа. Манай ширэн бээлийтэн эхний хоёр үед оноогоор хожигдож яваад, сүүлчийн раундад өрсөлдөгчөө илүүрхэж ялалт авчээ. 51 кг-ын Х.Энхмандах Испанийн Мартин Молинад, 75 кг-ын Ж.Отгонжаргал Кубын Эрнандес Мартинест шөвгийн 16-д тус тус ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас арван тамирчин оролцохоор Ташкентийг зорьсноос хоёр ширэн бээлийтэн шөвгийн наймд үлдэж медалийн төлөө тулалдаахаар болж байна.
Өнөөдөр 17:00 цагт эхлэх өдрийн тулааны зургаа дахь тоглолтод 63.5 кг-ын жинд хүч үзэж буй ОУХМ, армийн дэлхийн аварга, Азийн аварга Б.Чинзориг рингэнд гарна. Түүний өрсөлдөгч Кубын алдар цуутай боксчин Лазаро Альварес Эстрада. Өдгөө 32 настай Кубын боксчин 2012, 2016, 2020 оны гурван олимпод дараалан хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргад гурван удаа түрүүлж, хоёр удаа мөнгөн медаль зүүсэн хашир туршлагатай нэгэн.
Хүрэл медалийн төлөө тоглох Монголын хоёр дахь боксчин болох 67 кг-ын Б.Мишээлт 21:00 цагт эхлэх оройн тулааны найм дахь тоглолтод Венесуэлийн Паласио Кристиантай нударга зөрүүлнэ.
“Шигшээ тулаан хүртэлх финал” гэж нэрлэгддэг шөвгийн наймын тоглолтууд хамгийн ширүүн өрсөлдөөнтэй болдог. Учир нь ялсан боксчин медаль хүртэх тул тамирчид бүх хүчээ дайчилж тоглоно. Шөвгийн наймд шалгарсан боксчдын тоогоор Кубын баг тэргүүлжээ. Эрх чөлөөний арлын ширэн бээлийтнүүд боксын спортоор дэлхийд тэргүүлдэг гэдгийг бүгдээрээ мэднэ. Кубын шигшээ багаас ганцхан тамирчин жагсаалаас гарсан бөгөөд 12 боксчин медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад буй. Кубын араас рингэний эзэн Узбекистаны баг жагслаа. Узбекууд 11 жинд медалийн төлөө тулалдана. Дараа нь ОХУ (8), Казахстан (7), Испанийн (6) баг явж байна. Мөн Франц, Гүржээс тав, Иордан, Тажикстан, Болгараас дөрвөн боксчин шөвгийн наймд үлджээ. Харин Киргиз, Энэтхэг, Бразил болон Армениэс гурав, Япон, Венесуэл, Тайланд, Монгол, Хятад, Азербайжан, Замби, Мексикээс тус бүр хоёр ширэн бээлийтэн өнөөдөр медалийн төлөө үзэлцэнэ. Түүнчлэн Тайвань, Шотланд, Австрали, Хорват, Унгар, Беларусь, Колумби, Гана, Итали, Австрийн нэг тамирчин шөвгийн наймд үлдсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14