Р.Эрдоган Туркийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох уу?

Admin | 2023-05-10


Туркийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль энэ сарын 14-нд буюу ням гарагт болно.  Режеп Тайип Эрдоган Турк улсыг тасралтгүй 20 жил удирдаж байгаа төдийгүй 2018 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалтай болгосон. Сүүлийн 10 гаруй жил Туркийн эдийн засаг тогтмол уруудав. Үүнээс гадна сүүлийн жил гаруй болж буй асуудлууд Р.Эрдоганыг дахин сонгогдоход улам хэцүү болгож байна.

Эдийн засгийн буруу бодлого явуулсны улмаас 2022 онд лирагийн ханш долларын эсрэг 70 хувь суларч өнгөрсөн аравдугаар сард тус улсын инфляц 24 жилийн түүхэн дээд түвшин болох 85.5 хувьд тулсан. Энэхүү хэт өндөр инфляц нь Эрдоган төв банкийг утсан хүүхэлдэй болгож бодлогын хүүг тасралтгүй бууруулсны үр дүн гэж судлаачид буруутгадаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард инфляц 44 хувьд хүрч хоёр дахин буурав. Гэхдээ энэ тоо хангалттай биш. Үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байгаа. 2023 оны хоёрдугаар сард Туркт болсон хүчтэй газар хөдлөлтийн гамшиг угаасаа явцгүй байсан Р.Эрдоганы нэр хүндийг улам муутгасан. Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч буцалж буй.

Туркийн Ерөнхийлөгчийн сонгууль 13 дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Гэхдээ сонгуулийн гол өрсөлдөөн сөрөг хүчний зургаан намын нэгдлээс нэр дэвшиж буй Кемал Кылычдароглу болон Р.Эрдоганы хооронд өнөх нь мэдээж. Кемал Кылычдароглу өмнө нь Р.Эрдоганд гурван удаа ялагдаж байсан ч энэ удаад сонгуульд ялалт байгуулбал Туркийн төрийн тэргүүний гаргасан буруу шийдвэрүүдийг засахаа мэдэгдсэн.

Хэдий Р.Эрдоган эдийн засгийн хүнд үед олон буруу шийдвэр гаргасан ч улс төрийн тоглолт сайтай туршлагатай улс төрч гэгддэг. Гэсэн хэдий ч одоогийн үүсээд буй нөхцөл байдал сөрөг хүчинд 20 жилийн дараа засгийн эрхэнд гарах боломжийг нэмэгдүүлээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)