Ахлах тогооч А.ОЮУНСҮРЭН: Хэвийн боов хийж байгаа хүн гарч орохгүй, тамхи татах зэрэг  элдэв юм хэрэглэхийг цээрлэдэг

Admin | 2022-01-10


Сар шинийн баяр хаяанд иржээ. Цагаан сарын бууз хийх болон тавгийн идээ бэлтгэх нь баярын хамгийн чухал ажил билээ. Бидний мэдэх хэвийн боовыг ул боов, хавсай зэрэг нутаг нутгийн нэршил өөрөөр дуудагддаг. Хэвийн боовыг Өндөр гэгээн Занабазар анх бүтээсэн гэдэг. Уламжлал, бэлгэдэл, үндэстний ижилслийг илэрхийлэгч хүнсний энэ бүтээгдэхүүн бидэнтэй хамт өнө удаан жилийг туулахдаа ур хийцийн хувьд төдийлөн өөрчлөгдөөгүй юм. Монголчууд эртнээс хэвийн боов буюу хавсайгаа өөрсдөө хийдэг байсан бол одоо орчин үед үйлдвэрийн боов худалдаанд ихээр гарах болжээ. Тиймээс бид уламжлалт технологиор өнөөдөр ч хэвийн боов хийж буй Гандантэгчэнлин хийдийг зорьлоо. Биднийг очиход Гандангийн гал тогоонд шар тостой ул боов аль хэдийнэ хийгээд эхэлчихсэн байлаа. Хаалганы гаднаас л тосонд хайрч боовны үнэр тааламжтай үнэртэж, хүүхэд ахуйд гэр бүлээрээ боов хийж, бэмбээ нухаж буй дурсамж хальт зурас хийх аж. Ингээд олноо алдартай Гандангийн хэвийн боовыг хэрхэн хийдэг болохыг дотогш орж харах гэсэн боловч оруулсангүй. Учир нь боов тосонд хайрч байгаа үед хаалга багахан л онгойлгох эсвэл гадны хүн орвол өнгө үзэмж алдагдана, чанарт нөлөөлнө гэсэн эртний уламжлалыг одоо ч сахидаг юм байна.

Тиймээс Гандантэгчэнлин хийдийн ахлах тогооч А.Оюунсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Гандангийн гал тогоонд 12 дахь жилдээ тогоочоор ажиллаж байгаа бөгөөд боов хийх үйл ажиллагааныхаа хяналт шалгалт, хүлээж авч өгөх, тушаах, зэрэг зохион байгуулалтын ажлыг хийдэг байна.

-Иргэд “Гандан”-гийн гэх тодотголтой хэвийн боовонд авах их дуртай байдаг. Шар тосноос өөрөөр бусдаас ялгагдах онцлог юу байна вэ?

-Мэдээж өглөө бүр лам нар номоо уншиж ариулж, шаналав шингэсэн бүтээгдэхүүн учир онцгой байлгүй яахав. Мөн малчны хотоос авчирсан органик шар тостой учир зөөлөн сайхан амттай болдог. Амт  сайтай байдгаас гадна удаан хугацаанд хадгалахад хатуурч хүн даахын аргагүй болдоггүй. Шаргалтсан бутарч унасан сайхан боов болдог. Тиймээс эрэлт ихтэй, олны ам ч сайшаалтай байдаг биз ээ.

-Шар тосоо хаанаас авдаг вэ?

-Архангай болон Өвөрхангай аймгуудын малчдаас авдаг. Ямар ч хуршсан элдэв амт ороогүй цэвэр шар тосонд чанадаг. Шар тос ул боовны хамгийн чухал орц учир шинэ, чанартай шар тосоор хийх ёстой.   

-Хэвийн боовыг худалдаанд гаргахаас гадна Гандантэгчэнлин хийд дотроо нэлээд хэрэглээ ихтэй байдаг болов уу. Ер нь   энэ жил хичнээн боов хийх төлөвлөгөөтэй байна. Бас л том ажил болдог байх даа?

-Бид 14 хоногийн өмнөөс боовоо хийж эхэлсэн. Цагаан сарын захиалга нэлээн орж ирж байгаа учир энэ жилийн хувьд 40-50 мянган боов хийх зорилготой байна. Хийсэн боов маань эрэлт хэрэгцээ ихтэй, хүрэлцэхгүй байх хандлагатай байна. Цагаан сар дөхөөд ирэхээр ачаалал улам ихэсдэг.

-Гадуур гандангийн боов гэж зараад байдаг. Гандангийн боовыг гадагшаа түгээлтэд гаргадаг уу?

-Гадуур зарагдаж байгаа “гандан”-гийн гэх тодотголтой боовнууд манай боов биш. Энэ асуудлыг манай захиргаанаас анхаарч ажиллаж байгаа. Гандангийн боовыг гадагшаа цех болон хувь хүнд нийлүүлж түгээдэггүй. Зөвхөн өөрсдийн тус гал тогооноос л зарж борлуулдаг. Гандангийн боовыг хэрэглэж заншсан сүсэгтэн олон маань эндээсээ ирээд л авчихдаг.

-Хэвийн боов хийхэд хамгийн чухал орц найрлага болон нарийн арга техникийн тухайд?

- Хамгийн гол түүхий эд нь цэвэр монгол шар тосны орц юм. Мөн олон хүнд хүрэх учир ариун цэврийг маш сайн сахидаг. Боов хийх үйл явцын хамгийн нарийн ажил нь боовоо хэвлэх ажил байдаг. Боовныхоо хоёр ирмэгийхээ хажуу талыг тэнцүү гаргах уу гэх мэт нарийн мэдрэмж шаардагддаг.

-Гандангийн боов үнийн хувьд өмнөх жилийнхээс өөрчлөгдсөн үү?

-Ноднин  жил нэг ширхэг боов 3500 төгрөгийн үнэтэй байсан. Энэ жилийн хувьд 4500 төгрөг болж нэмэгдсэн. Шалтгаан нь мэдээж орц найрлагын үнийн өөрчлөлт байгаа. Шар тос гэхэд л 30 мянган төгрөгөөс давчихсан байна шүү дээ.

-Цагаан сарын тавгийн идээнээс тухайн айлын ирэх жилийн өнгө тодорхойлогдоно гэлцдэг. Хэр үнэний ортой вэ?

-Их идээ буюу цагаан сарын тавгийн идээг хавсай буюу ул боовыг 3,5,7,9 гэх мэт сондгой тоогоор өрж засдаг уламжлалтай. Сайхан тавгийн идээ мэдээж тухайн айлын өнгийг тодорхойлдог. Тийм ч учраас гандангийнхаа боовыг айл бүрт өнгө нэмж, сайхан амттай болгохын тулд ихэд хичээж хийдэг.

-Сүүлийн үед иргэд маань тавгийн идээн дээрээ дугуй еэвэнг тавих болсон. Гэвч дугуй еэвэн нь монгол уламжлал биш гэлцдэг шүү дээ?

-Ер нь бол еэвэн тавих нь зохимжгүй хэрэг. Манай гандангийн хэллэгээр дугуй боов буюу гавжийн дугуй гэх боовыг бид өөрсдөө хийж байгаа. Еэвэнгийн оронд дугуй боовоо худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр еэвэнгийн оронд дугуй боовыг тавих нь зүйтэй.

-Гандангийн хэвийн боов хийх үйл ажиллагаанд хэчнээн хүн оролцож байна вэ?

-Гал тогоонд үндсэн дөрвөн туслах хүн бий. Цагаан сар эхлээд эд ачааллын үед 5-6 хүн нэмэгдэж ирдэг.

-Тоног төхөөрөмжийн хувьд автомат төхөөрөмж бий юу?

-Анх намайг гал тогоонд ажилд ороход бүх зүйл нь уламжлалт аргаар буюу гар аргаар хийгдэж байсан. Одоо зуурмагийн машин л автомат бусад бүх хэвийн боов хийх үйл ажиллагаа нь гар аргаар хийгдэж байна. Үйл ажиллагааны хувьд бүрэн автомат болчихвол ёс заншлаа бодсон ч зохимжгүй, өв уламжлалаа авч үлдэж энэ хэвээр цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байхаа.

-Нэг зуурмагийн машинд хэчнээн боовны бэлдэц ордог вэ?

-Нэг зуурмагийг машинд 150 ширхэг боовны бэлдэц гардаг. Үүнд 50 кг гурил, 7 кг шар тос, 7 кг элсэн чихэр ордог.

-Хэвийн боов хийхэд цээрлэх зүйл бий юу?

-Цээрлэх зүйл бий. Хэвийн боов хийх ажиллагаанд оролцож байгаа хүн дундуур нь гарч орохгүй, тамхи татаж  янз бүрийн юм хэрэглэдэггүй. Ариун цэврийг маш сайн баримтлах учиртай.

А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)