СУРВАЛЖЛАГА: Иргэд 1000, 2000 төгрөгийн шулсан ясаар хоногийн хоолоо залгуулж байна

Admin | 2022-01-11


Долоон буудлын автобусны буудалд дээр шугамын таксичдын “Санзай явна. Санзай явна”, “Сэлх явна, сэлх явна” гэж хашгирах чимээ тэр хавиар нэг хангинана.  Долоон буудал дээр гадаа наймаа эрхлэгчид олон бий. Тэд цагаан идээ, чацаргана, самараас авхуулаад өвөл, хаврын гутал, ноосон бээлий ороолт хүртэл зарж борлуулна. Ер нь зарж болох юу л байна бүхнийг бага гэлтгүй мөнгөөр үнэлнэ.

Эдгээрээс хамгийн эрэлт ихтэй буюу хүн ихтэй нь шулсан яс зарж буй эмэгтэйн "бизнес" байв. Ихэнхдээ өвчүүний яс харагдана. Бага зэргийн махтай харагдаж байгаа яс 2500 төгрөг бол нэг ч махны цөвдөлгүй яс нь 2000 төгрөгийн үнэтэй аж. Мөн үүний хажуугаар жижиглэж ууталсан элэг, уушги зэрэг харагдах бөгөөд 1500 төгрөг гэнэ. Мөн хугацаа нь дууссан гэх жижиглэж хуваасан хиам 2000 төгрөгийн үнэтэй байв.

Худалдагч: Хэдий нохойн хоол нэртэй ч үүгээр хоногийн хоолоо аргацааж амьдардаг айлууд олон бий

Ингээд худалдагч эмэгтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Таны наймаа энэ хавьдаа л эрэлт ихтэй нь юм. Гэхдээ энэ ясыг иргэд өөрсдөдөө авч байна уу, нохойндоо авч байна уу?

-Хүн бол тасрахгүй. 1000, 2000 төгрөг барьж ирээд яс аваад явдаг. Хэдий нохойн хоол нэртэй ч үүгээр хоногийн хоолоо аргацааж амьдардаг айлууд олон бий. Ясаа чанаад шөл гаргачихна шүү дээ.

-Яснаасаа хамаараад өөр өөр үнэтэй байна уу?

-Тийм ээ. Зүгээр хоосон яс 1000 төгрөг. Өвчүүний махны цөвдөлтэй яс 2500 төгрөг. Юу ч үгүй шулсан нь 2000 төгрөг. За тэгээд 1000, 2000 төгрөгөөс хэтрэхгүй дээ. Нохойндоо авч буй хүн ч байна. Гэхдээ цөөхөн.

-Өвчүүний яс хамгийн үнэтэй, иргэд ч их авдаг бололтой?

-Өвчүүний яс шөл гарахдаа хамаагүй илүү. Тиймээс айлууд өвчүүний яс их авна. Шөлөн дээр нь гурил, будаа хаяад идчихнэ. Яг үнэндээ анх намайг зарж эхлэхэд айлууд нохойн хоол хийх гэж яс авдаг байлаа. Өнөөдөр үүгээр чинь хоногийн хоолоо аргацаадаг айлууд их байна. Нэг их гайхах зүйлгүй. Амьдрал ийм л байна.

Ийн хариулт өгөх зуураа ирсэн хүмүүсээс “за алийг нь авах юм” гэж байн байн асууж, тороо онгойлгоно. Цаана нь яг ийм яс болон дотор гэдэс зардаг өөр нэг эмэгтэй харагдах аж. Ирсэн хүмүүс цаад эмэгтэйн зарж буй яс руу явахад араас “Наана чинь ч гэсэн үнэ яг ижил” араас нь дуугарах аж. Энэ ийн ярилцах хооронд 5, 6 хүн ирж яс аваад явлаа. 60 гаруй насны нэг эмээ ирээд “Махтай төгрөгийн өвчүүний яснаасаа нэгийг хийчих. Махны үнэ тэнгэрт гараад дотор гэдэсний үнэ ч хаданд гарчихлаа. Тэтгэвэрийн хөгшид бид мах авч ямар барах биш. Ядаж энийгээ аваад харья даа” гэж худалдагчтай ярьсаар явав. Гартаа 200 төгрөг барьсаар цааш алхав. Өөр нэг хижээл насны эрэгтэй “Алив хө авдаг аа авъя” гээд 4000 төгрөг өгч харагдав. Худалдагч эмэгтэй нижгээд яс торонд хийгээд өглөө. Энэ мэтчилэн хүмүүсийн цуваа үл тасрах ажээ.

                            Хонь, ямааны толгой 1000 төгрөгийн үнэтэй гэв

Өөр нэг газар хонь, ямааны толгой олноор өрөөтэй байх ба үнийн хувьд 1000 төгрөг. Бидний хэлж заншсанаар 100-ийн тороор дүүрэн шахуу махны хаягдал 15000 мянган төгрөгөөр зарагдаж байв.

Тэд эдгээр яс, махны хаягдлаа “Нарантуул” захаас авчирдаг гэнэ.  Иргэдийн худалдан авалт өдөр бүр адилгүй ч энэ төрлийн наймаачид үйлчлүүлэгчээр тасардаггүй ажээ.

                                                                                                           А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)