О.АНХМАА: Сайн дурын ажил бол мөнгө цуглуулж бэлэг өгөхийн нэр биш

Admin | 2022-02-13


Хүний хэрэгцээ тоймгүй. Хэсэг хүмүүс хэрэгцээнээсээ хэтэрсэн олон зүйлтэй байхад зарим нь наад захын хэрэгцээгээ ч хангаж чаддаггүй билээ. Харин хэн нэгний хэрэгцээг бусдын тусламжтайгаар босгож олон хүнд тус дэм болж яваа "Инээдэг байшин" ТББ-ын тэргүүн О.Анхмаатай ярилцлаа.

-Таны хувьд уг ТББ-аа хэзээнээс, яагаад нээхээр болов?

-Инээдэг байшин төрийн бус байгууллага маань үйл ажиллаагаа явуулаад найман жил болсон байна. Ерөнхий үйл ажиллагааны чиглэл нь хуучин хувцас аваад хэрэгцээтэй байгаа хүмүүст тараах юм. Анх дүүргүүдийн хороодтой хамтарч өрхийн судалгаан дээр үндэслэн хувцсаа тараадаг байсан бол өнгөрсөн жил оффистой болсон. Хүн харахад хэрэгцээтэй ажил биш юм шиг боловч манайд ирж үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо өдөрт тогтмол 15-аас дээш байдаг. Энэ тоог харвал хүмүүсийн бодол өөрчлөгдөх байх аа.

-Яагаад сайн дурын ажил эхлүүлэхээр болов?

-Миний хувьд хувиараа сайн дурын ажил хийгээд 14 дэх жилээ болж байна. Би өөрөө гэр хороололд өссөн. Тэнд хүүхдүүд ямар байдалтай байдгийг маш сайн мэднэ. Ер нь хүнд бага ч гэсэн дэм болж чадвал тухайн хүн цаашаа амьдрах хүсэлтэй болоод л ирдэг. Үнэхээр том тусламж үзүүлж хөрөнгө санхүүгээр тусалж чадахгүй ч дулаан хувцастай байгаасай гэж бодон энэ ажлаа хийдэг. Сайн дурын ажил бол мөнгө цуглуулаад бэлэг өгөхийн нэр биш шүү дээ.

-Хүмүүс хувцаснаас өөр юу юу авчирч өгдөг вэ?

-Оффистой болсноос хойш дан ганц хувцасны хандив авдаг байх аа болиод бүхий л төрлийн эд зүйлс авдаг болсон. Хайруулын таваг, нүүрний будаг, хүүхдийн живх, ном гэх мэт. Эдгээр маань бүгд л хэн нэгэнд хэрэгцээтэй зүйлүүд.

 

-Хувцас болон эд зүйлс өгөх сонирхолтой хүмүүс яаж холбогдох вэ?

-Байгууллагын оффис маань Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрладаг. Мөн "Инээдэг байшин" ТББ фэйсбүүк пэйж хуудас байгаа. Тэнд холбогдох дугаар болон хаяг байршил бүгд тодорхой харагдана. Цаг товлоод утсаар ярьж байгаад ирэх боломжтой.

-Хуучин хувцас хандивлаж тараах үйл явцад тань болсон санаанаас гардаггүй зүйл бий юу?

- Төрөх эмнэлгээс орой залгасан дуудлага хэзээ ч санаанаас гардаггүй. 18 настай охин анх удаа төрөөд, төрсөн өдрөө над руу залгасан юм.  Тэр охин "гэрийнхэндээ хэлэхээс айгаад хүүхдээ хүнд өргүүлмээр байна, асрамж олоод өгөөч таныг фэйсбүүкээс харсан" гэсэн. Би жаал зуухан идэх уух юм, хүүхдийн живх, толгой боох даавуу, нярайн хэрэглэж байсан хувцас гэх мэт  зүйлс авч очоод охинтой ярилцсан. Тэр өдрөө охины аав ээжийг нь дуудаж шөнөжин бужигнасны эцэст бүгд ойлголцоод эмээ өвөө болсондоо баярлаад одоо тэд маань элэг бүтэн сайхан амьдарч байгаа.

-Таны хувьд ажлынхаа хажуугаар сайн дурын ажил хийдэг юм байна. Шантарч эсвэл сэтгэл эмзэглэмээр зүйл тохиолдож байв уу?

-Би өөрөө барилгын салбарт ерөнхий менежерээр ажилладаг. Орон нутаг руу ажлын томилолт болоод хот дотроо ч ийш тийшээ явах үе олон гардаг. Тийм учраас амралтын өдрүүдээр юм уу оройн цагаар л сайн дурныхаа ажлыг зохицуулдаг. Шантармаар үе мэдээж олон тохионо. Миний утасны дуудлагын дийлэнх хувьд нь "энд тийм зүйл хэрэгтэй байна, хүрээд ирэх үү", "туслаач" гэсэн дуудлагууд байдаг. Сайн зүйлийн хажуугаар муу зүйл бас ажиглагддаг. Зарим хүмүүс эндээс авсан хувцсаа комиссынхоо лангууд дээр зарж байсан удаа бий.

-Оффисынхоо түрээсийн төлбөр болон бусад урсгал зардлынхаа асуудлыг хэрхэн шийддэг вэ?

-Би өөрөө байр, түрээсийнхээ зардлаа төлдөг учраас энэ ажил маань энэ хүрээд зогсох магадлал өндөр байна. Учир нь тог усны хөнгөлөлтийг цуцлах шийдвэр яригдаад байгаа юм шиг байна.  Энэ шийдвэр хэрэгжвэл энэ офисс дахь үйл ажиллагаа зогсоохоос өөр аргагүй.

-Эсрэгээрээ сайн дурын ажил хийхийн сайхан нь юу вэ. Ямар үед урам зориг авдаг вэ?

-Өөрийнхөө чадах хэмжээнд олон хүний амьдралд бодит тус болдог гэж боддог. Маш олон хүнээс урмын үг авч "баярлалаа" гээд инээхэд нь ажлаа цааш үргэлжлүүлэх хүсэлтэй болдог.

 А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)