САГСЧИН Д.ДЭЛГЭРНЯМ: Тамирчин хүн талбай дээр сэтгэл зүйгээ тогтвортой байлгах нь амжилтад нөлөөлдөг

Admin | 2022-02-17


Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн "Дээд лиг"-ийн энэ улирлын плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. Лигийн 13 багаас амжилтаараа шалгарч шилдэг найман баг үлдсэн билээ. Шилдэг найман багийн нэгээр шалгарсан Тэнүүн-Өлзий "Металл" багийн ахлагч Д.Дэлгэрнямтай ярилцлаа.

-Нэгдсэн лигийн чухал тоглолтууд үргэлжилж байна. Танай багийн хувьд ямар тактикаар яаж тоглохыг зорьж байна вэ?

-Манай багийн хувьд залуу баг учраас аль болох хурдтай, дайчин тоглолт гаргахыг зорьж байна. Мэдээж сагсан бөмбөгт өрсөлдөгч багтаа тааруулсан тактик, амбиц гэж бий. Бид ч гэсэн маш сонирхолтой өрсөлдөөн гаргахын тулд бэлтгэлээ маш сайн хийж байна.

 

-Эрдэнэтийн уурхайчид багийн тав дараалсан хожлын цувралыг 5:1 болгосон. Уг тоглолтод багаараа ямар арга барилаар тоглосон бэ?

-Тойргийн тоглолтод Эрдэнэтийн уурхайчид багтай маш ширүүн өрсөлдөөнийг үзүүлж багаараа хожил байгуулж чадсан. Энэ тоглолтын хувьд баг тамирчид маань бэлтгэл дээрээ бэлдсэн хувилбар, хамгаалалтын байрлал зэрэг чухал зүйлсийг маш сайн гүйцэтгэж чадсан. Мөн бүгд өөртөө итгэлтэй, дайчин, хурдтай, санаачлагатай байсан нь хожил байгуулахад маш томоор нөлөөлсөн.

-Энэ удаагийн лигийн онцлог ганцхан тойрогтой. Тийм учраас багууд их ачаалал авч байгаа байх?

-Мэдээж ганц тойрогтой учир ядрал, ачаалал маш их авч байгаа. Миний хувьд багаа хожил байгуулахад нь өөрийн зүгээс чадах бүхнээ дайчилж тоглосоор ирсэн. Цаашид ч өөрийн чадах бүхнээ дайчлан тоглох болно. Бүх тоглолт хүч шаардсан хожигдох эрхгүй, өрсөлдөөнтэй болж байна.

-Тэмцээний үеэр тохиолдсон саад бэрхшээл байв уу?

-Нэгдсэн лигт Монголын бүх л сайн сагсчид нэг дор цуглаж өрсөлдөж байна. Саад бэрхшээл байлгүй л яахав. Гэхдээ тэр болгоныг хамтдаа даван гарч үзэгчид, дэмжигчид, спонсорууддаа сайхан тоглолтыг үзүүлэхийг зорьж байна.

-Ер нь багийн спортын төрөлд амжилт гаргах гол хөшүүрэг нь юу байдаг юм бол оо?

-Багийн спортын хамгийн том хөшүүрэг нь ивээн тэтгэгч байгууллага, сагсан бөмбөгийн спортод хайртай, дуртай дэмжигчид маань шүү дээ.

-Тоглолт бүрийн дараа маргаан дагуулдаг нэг зүйл бол шүүгчид. Энэ жилийн хувьд ч шүүгчдийн шүүлтийг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. Энэ тал дээр таны бодол?

-Шүүгчийн асуудал энэ жил маш хурцаар яригдаж байна. Талбай дээр ч гэсэн ойлгомжгүй үлээлтүүд гардаг. Гэхдээ энэ бүгдийг зөвхөн шүүгч нартаа бурууг өгөөд байх бус хамтдаа л урагшлах нь чухал юм шүү гэж боддог. Шүүгч бол сагсан бөмбөгийн салшгүй нэг хэсэг. Тэд байхгүй бол бид тоглож чадахгүй, бид байхгүй бол тэд юу шүүх билээ. Тиймд хэн хэндээ хүндэтгэлтэй байж тус бүрийнхээ ажлыг л хариуцлагатай хийгээсэй гэж хүсэж байна.

-Сагсан бөмбөг сонирхогчид таныг их төлөв төвшин тоглодог гэлцдэг. Тамирчин хүн тоглолтын үеэрх сэтгэл зүйгээ бэлдэх нь чухал байдаг байх?

-Тамирчин бүр талбай дээр өөр өөрийн гэсэн характиртай байдаг. Миний хувьд аль болох зохисгүй үйлдэл гаргахгүй, өрсөлдөгч тамирчдаа болон үзэгчдээ хүндэлж, шүүгч нартай зөв зохистой харьцахыг хичээдэг. Тамирчин хүн талбай дээр сэтгэл зүйгээ тогтвортой байлгах нь амжилтад маш томоор нөлөөлдөг.

-Таныг биеийн хүч, ур чадварын хувьд бусад тоглогчдоос илүү учир шүтэн бишрэгчид тань “Monster Deк” хэмээн хочлодог. Тэнүүн өлзий металл багийн  дэмжигчиддээ хандаж?

-Энэ хочиндоо дуртай. Тэнүүн-Өлзий Металл баг маань олон жил энэ багаараа шат шатны тэмцээнүүдэд оролцож явсаар өнөөдрийн "Дээд лиг" хүртэл дэвшиж ирсэн байна. Энэ хүртэл хамгийн том дэмжлэг үзүүлж, үргэлж хамт байдаг "Тэнүүн-Өлзий" ХХК-ийн захирал Д.Буян-Өлзий ахдаа болон биднийг өдийг хүртэл дэмжиж ирсэн багийнхаа дэмжигчиддээ маш их баярлалаа. Цаашдаа улам илүү хичээх болно оо гэж хэлье.

                                                                                                                                                     А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)