МУГЖ П.ЭРДЭНЭЗААН: Охин маань гэрийнхэндээ ХЭЛЭЛГҮЙ шоунд бүртгүүлээд орсон байсан

Admin | 2022-02-20


"Орфей" театр өнгөрсөн онд дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн "Гэм зэм" жүжгийг Монголдоо анх удаа олны хүртээл болгосон билээ. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр дахин энэ оны гуравдугаар сарын 3-27-ы хооронд дахин тоглогдох юм байна. Ингээд "Гэм зэм" жүжгийн Мармеладовийн дүрийг бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзаантай цөөн хором ярилцлаа.

-Таны хувьд "Гэм зэм" жүжгийн зохиолд Мармеладовийн дүрд тоглосон.  Анх дүрийн санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Уг дүрээ аваад жаахан айж байсан. Үйл ажиллагаандаа ороод дүрийн бэлтгэлээ хийгээд явахад өөрийн гэсэн мэдрэмж төрсөн. Ер нь бол тодорхой хэмжээнд нэлээн ахицтай ажилласан гэж бодож байна. Театрын урлагийн нэг онцлог нь тухайн жүжигчин өөрөө дүр дээрээ мэдрэмжүүдээ нэмэн илүү сонирхолтой болгож болдог учир хоёр дахь тоглолтдоо улам хичээж ажиллана.

-Мармеладовийн дүрийн онцлогийн хувьд сайн эцэг, сайн хань шүү дээ. "Гэм зэм" жүжгийн хамгийн өвөрмөц дүр. Тухайн дүрд орж ажиллахад хэр байв?

-Энэ дүр өөрөө последны тост гэдэг нэртэй. Дүрийн өөрийн илэрхийллийн хувьд жаахан хүнд дүр л дээ. Гэхдээ жүжигчин хүн өөрөө мэдрэмжээ зөв аваад, дүрээ сайн ойлгосон тохиолдолд айхтар хүндрэл учрахгүй. Миний хувьд айхтар хүндрэл учраагүй. Тодорхой хэмжээний дүрийн ажиллагаа, мэдрэмж шаардсан учир уг дүр дээрээ хичээж ажилласан.

-Цар тахлын улмаас хошин урлагийн тоглолт бараг хаалттай байлаа. Хошин урлагтаа эргэж тоглох уу?

-Мэдээж тоглолгүй яахав. Аль ч төрөлд тоглож чадаж байвал тоглоно.

-"Гэм зэм" жүжгийг үзэхээр төлөвлөж буй үзэгчдэдээ хандаж?

-Оюуны цангааг тайлах уг жүжгийг заавал үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна. "Гэм зэм" жүжиг нийгмийг болон өөрийгөө таньж мэдэх тал дээр илүү өгөөжтэй, мэдлэгийн асар их уурхай болсон уг жүжгийг ялангуяа залуучуудыг үзээсэй гэж хүсэж байна.

-Таны охин "Voice of mongolia" тэмцээнд амжилттай оролцож байгаа. Тэмцээнд ороход нь хэр дэмжиж байв?

-Гэрийнхэндээ хэлэлгүй шоунд бүртгүүлээд орсон байсан. Эхний шатуудад нэлээн амжилттай оролцож байна. Эцэг хүний хувьд бүх талаар нь охиноо дэмжинэ. Цаашдынх нь шатуудад улам илүү амжилт гаргаасай л гэж хүсэж байна даа.

 

-Охин тань багаасаа дуулах авьяастай хүүхэд байсан уу. Таныг шоконд оруулж буй нэг бичлэг хүртэл байдаг шүү дээ?

-Тийм. Өөрөө төгөлдөр хуурч мэргэжилтэй. Мэдээж би дуулж, бүжиглэх сонирхолтойг нь мэддэг. Гэхдээ миний хажууд эдгээр авьяасаа ил гаргаад байдаггүй л дээ. Яагаад хэлэлгүй тэмцээнд орсон талаар асуухад Гэр бүлийнхнийгээ цочролд оруулж, ямар мэдрэмж авахыг нь харах гээд хэлээгүй" гэж хариулсан. /инээв/

 

А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)