ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Л.Рэнцэнханд: Тэтгэвэрт гартлаа номын худалдаагаа эрхэлнэ

Admin | 2022-02-23


"Ном уншдаггүй хүн өөрийнхөө амьдралаар л амьдардаг. Харин ном уншдаг хүн 1000 хүний амьдралаар амьдардаг" гэдэг. Бид 13 дахь жилдээ номын худалдаа эрхэлж буй Л.Рэнцэнхандтай ярилцлаа. Түүний хувьд багаасаа л уншиж өссөн ба зургадугаар ангидаа"Зүрхний хилэн", "Онцгой эрх" зэрэг Монголынхоо сор болсон зохиолуудыг уншиж байжээ. 

-Номын худалдаа эрхлээд хэдэн жил болж байна вэ?

-Миний хувьд 2009 оноос эхэлж ном зарж эхэлсэн. 13 дахь жилдээ ном зарж байна. Аав маань 1994 оноос хойш номын худалдаа эрхэлсэн хүн байдаг. Ленинградад сургууль төгсөж ирээд зах зээлийн үед цэргийн байгууллагад ажиллаж байгаад ажлын цомхотголд ороод ажилгүй болж байсан. Түүнээс хойш л ном зарсан гэдэг. Одоо аавынхаа адилаар номын худалдаагаа хийгээд л явж байна.

Номын худалдаа эрхлэгчид бол огцом баяжна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэд яг өөрийнхөө сонирхол хоббинд тулгуурлаж ном зардаг байх гэж боддог. Тэтгэвэрт гартлаа л номоо зарна даа. /инээв/

-Таны номын худалдаанд хэчнээн ном байгаа вэ. Багцаа бий юу?

-10 мянга гаруй ном бий. Ном удаан зарагддаг. Хүмүүс өдөр болгон авдаггүй шүү дээ. Тохиолдлын журмаар юм уу, дэлгүүрт ороод талх авдаг шиг зарагддаг бараа биш. Номыг удах тусам үнэ цэнтэй болдог гэж боддог

-Өдөрт хэчнээн ном зарагддаг вэ?

-Өдөр бүр өөр өөр. Хичээл сургууль орсон үед үйлчлүүлэгч ихтэй байдаг, өдөртөө 10-аас дээш зарагддаг. Хааяа хүнгүй өдөр ч бий.

-Таны хувьд багаасаа л ном уншдаг байв уу. Ямар төрлийн номыг илүү унших сонирхолтой вэ?

-Бидний үед гар утас гэж байгаагүй, номоос өөр үзэж харах зүйл байхгүй байлаа шүү дээ. Телевизор үзье гэхээр ганцхан оросын сувгууд л гардаг байлаа. Тийм ч учраас ихэнх цагаа ном уншихад зарцуулдаг байсан. Монголынхоо зохиолуудыг ихэвчлэн уншдаг. Зургадугаар ангидаа "Зүрхний хилэн", "Онцгой эрх" зэрэг монголынхоо сор болсон зохиолуудыг уншиж байсан. Гаднын зохиолуудаас түгээмэл байдаг буюу сонгодог зохиолуудыг уншдаг. Сайхан төгсгөлтэй зохиол унших илүү дуртай. Монголын орчин үеийн зохиолчид болох Б.Шүүдэрцэцэг, Г.Аюурзана болон Б.Сарантуяагийн зохиолуудаас ихэнхийг нь уншсан. Уншигчын үүднээс нэг юм хэлэхэд манайхан олон ном зохиол гаргаж байгаа нь зарим үйл явдлыг давхцуулах, ижил үзэл санаатай байх зэрэг алдаа гардаг. "Сувдан даруулга" туужыг "Үүлэн хээтэй орчлон" гээд өөрчлөөд гаргаад ирсэн байх жишээтэй.

-Уншсан номуудаас тань сэтгэлд үлдсэн нэг номыг нэрлээч гэвэл?

-Л.Дарьсүрэн гуайн "Онцгой эрх" гээд ном бий. Энэ ном монголын тагнуулын ажиллагааны талаарх ном. Богд хааны үеийн тагнуулын талаар гардаг. Нэг тагнуул Богд хааны алт мөнгөн эдлэлийг авч явж хамгаалах зорилготой хил гараад  нэлээн удаж байж буцаж ирдэг талаар гардаг. Уншаад үзвэл их гоё ном. Энэ ном л сэтгэлд үлдсэн дээ.

-Зарим уншигчид орчин үеийн орчуулгын номуудыг чанаргүй муу орчуулгатай гэлцдэг. Таны хувьд?

-Бидний багад уншиж байсан номууд бол зөвхөн орос руу орчуулагдаад оросоос монгол руу орчуулсан номуудыг уншдаг байлаа. Сүүлийн үеийн номуудыг шууд эх хэлнээс нь орчуулж уншиж байна шүү дээ. Хүмүүс дээр үеийн орчуулгын номуудыг сайн, чанартай гээд байдаг. Миний хувьд эх хэлнээс нь орчуулж байгаа орчуулга бол өөр байгаа юм л даа Орост хамааралтай үйл явдлыг орчуулаагүй ч байх магадлалтай. Жишээ нь "Марко Поло" ном.  Харин эх хэлээс нь орчуулсан хүмүүс түүнийг орчуулж тавьсан байх жишээтэй.

-Уншаад ойлгоход хүн санагдаж байсан ном бий юу?

- Номинчимэд гуайн "Цагаан бороо" зохиолыг уншиж эхэлж байгаа. Эндээс зарим зүйлийг нь давтан уншаад ойлгохгүй зүйл ч олон байна.

-Гэртээ номын сантай юу?

-Нөхөр бид хоёр хоёулаа чөлөөт бөх, самбо, үндэсний бөх, жүдо зэрэг бөхийн хоббитой хүмүүс л дээ. Тэр ч утгаараа бөхтэй холбоотой ном, товхимол цуглуулдаг. Бээжингийн олимпын үеэр уран гулгалтын спортыг тайлбарлаж байсан хүн европын жүдо бөхийн цуврал тэмцээн үздэг гэдэг шиг би европын бүх цуврал тэмцээнийг үздэг.

-Залуучууд ихэвчлэн ямар төрлийн ном худалдан авч байна?

-Залуучууд номыг маш их уншдаг болсон байна. Ихэнхдээ хувь хүний хөгжлийн, хөрөнгө оруулалтын болон уран зохиолын номуудыг худалдаж авдаг.

-Номоо хаанаас яаж цуглуулдаг вэ?

-Шинэ, хуучин аль ч өрлийн ном зардаг. Хүмүүс заавал "Интерном", "Аз хур" орох шаардлагагүйгээр ямар ном хамгийн эрэлттэй байна тухайн номыг авч ирж зарахыг хичээдэг. Номуудаа фэйсбүүкээр болон хуучин номоо зарж солих сонирхолтой хүмүүсээс авч зардаг. Өөртөө байсан номуудаа уншиж дуусаад манайд ирж номоор солих болон зарж болно.

-Байнгын үйлчлүүлэгч бий юу?

- Миний байнгын үйлчлүүлэгч 60 гаруй настай хүн бий. Түүний хувьд дандаа гадаадын шилдэг зохиолуудыг уншдаг. Тэр дундаа Хятад зохиолуудыг уншдаг. Тоосны харшилтай учир өөрөө шинэ ном худалдаж авч уншаад дууссаныхаа дараагаар надад тал үнээр нь зардаг.  Хоёр ном авчраад нэг шинэ ном худалдан авах мөнгөтэй болдог гэсэн үг.

-Таны хувьд ном уншихын сайхан нь юу вэ?

-Нийгэм ийм их стресстэй байхад сайхан ном уншаад л стрессээс сална шүү дээ. Өөрийнхөө оюун санааг эмчлэхэд ном хамгийн сайн эм болдог. Уран зохиол гэдэг чинь сайхан гэгээлэг мэдрэмжийг хүнд өгдөг зүйл шүү дээ. Уншсан зохиол болгоныхоо гол дүрд орж оюун санаагаараа адал явдалтай аялалд гардаг.

 Ном уншдаггүй хүн өөрийнхөө амьдралаар л амьдардаг. Ном уншдаг хүн 1000 хүний амьдралаар амьдардаг.

 

                                                                                                                                   А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)