Манай улс солонгосчуудад УЛСАА НЭЭЖ, солонгосчууд бидэнд ХОЁР АЙМГАА санал болгов

Admin | 2022-05-12


  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-д аялал жуулчлалын салбарыг өөд татахаар ажиллаад ирлээ.

БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах болсон тухайгаа гүйж очиж хэлэв. Хариуд нь бид таваас хэтрэхгүй хүнтэйгээр Өмнөд Солонгосын монголчуудын эчнээ танил Чэжү, бас түүнтэй адил нэг аймгаар аялах эрхтэй болов. Гэхдээ 15 хоногийн хугацаатай гэдэг анхааруулгатай.

Үүний араас буюу өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНСУ-ын шинэ ерөнхийлөгч  Юн Сүк Ёлийг тангараг өргөсний дараа бараалхав. Хариуд нь “Монгол Улсын иргэдийг БНСУ-д зорчиход визний нөхцөлийг хөнгөвчлөхөд анхаарч ажиллана” гэсэн үг сонссон байна. Өнөө л үе үеийн БНСУ-ын ерөнхийлөгчдөөс сонсдог үг. Атал дээрх Монголын төрийн төлөөллүүд баатарлаг гавьяа байгуулсан аятай сайрхаж ажлын тайлангаа тавьж байна. Энэ бол эмгэнэл.

Монголын мянга мянган залуус Өмнөд Солонгосыг зорьж ажиллахыг хүсдэг ч жилдээ ердөө 600 хүнээс хэтрэхгүй нь явдаг. Нэг тоо дурдъя. 2019 онд БНСУ руу ажиллах хүсэлтэй 4000 гаруй иргэн бүртгүүлсэн бол энэ жил 190 мянган хүн бүртгүүлж бүртгэлийн сервер нь хүртэл доголдсон. Харамсалтай нь энэ их тооноос ердөө 1000 хүрэхгүй хүн хөдөлмөрийн гэрээгээр явдаг гэсэн албаны мэдээлэл гарсан. Тиймээс эх оронд нь залуучуудыг ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж чадахгүй бол энэ тоог нэмэх талаар яагаад анхаардаггүй юм бэ.

Өөрсдөө хаалгагүй айл аятай бүхэл бүтэн улсынхаа хилийг дэлгэсэн хэр нь, хүний нутагт хоёр аймагт аялах болсондоо юунд хөөрцөглөөд байдаг юм. Ийм л жижигхэн улс, жижигхэн бодлого яваа гэдгээ ухаарахгүй явна.

Үгүй ядаж Монголчуудынхаа орох, гарах боломжийг нь бага ч гэсэн нээх талаар зоригтой ярьж болдоггүй хэрэг үү. Өмнөд Солонгос визгүй боллоо гээд монголчууд ямар бүгд очоод хэвтчих биш. Бүр больё, тэнд ажиллаж амьдарч буй  монголчуудын эхнэр хүүхдийг хүссэн үедээ очоод уулзчих гарц боломж нээчихвэл хэдэн мянган айлын хагацлын зовлонг нимгэлэх юм даа.

                                                                                                                                                                          Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)