Б.ЭНХМАНДАХ: ҮХНӨ Монголын улс төрийн тогтолцооны хувь заяаны нэн тулгамдсан асуудал болоод байна

Admin | 2023-01-12


Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Б.Энхмандахтай ҮХНӨ-ийн талаар ярилцлаа.


-Өнгөрсөн онд Сар шинийн босгон дээр тантай ярилцаж байсан санагдаж байна. Түүнээс хойш улиран одож буй бар жилд улс оронд маань юу болоод өнгөрч байна гэж та бодож байна?

-Монголын өнөөгийн нийгмийн амьдрал бүхэлдээ хувьсамтгай, тодорхойгүй, эргэлзээтэй, түвэгтэй англиар товчилбол VUCA нөхцөл байдал бий боллоо. Бар жилд Монголын нийгэмд эерэгээсээ илүүтэй сөрөг үзэгдлүүд улам бүр газар авсаар нийгмийг гүн гүнзгий хямрал руу түлхэх аюул нүүрлэж байна. Хямралын гол учир шалтгаан нь улс төрийг эдийн засгийн ашиг, сонирхол, мөнгөтэй холбосон хэлхээ холбоог бүрэн тасалж чадахгүй байгаад оршсоор байна. “Хулгайчид Ордонд сууж байна” гэдэг ойлголт олон нийтийн дунд тархаж, парламентын болон улс төрийн намуудын нэр хүнд улстөрчдийн өөрсдийнх нь хэлж, ярьдгаар “уландаа” хүртэл уналаа. Ард олны итгэлийг хүлээн сонгогдсон УИХ-ын гишүүд, сайд дарга нар, тэдгээрийн гар хөл бологсод нь мэдээлэлд ойр байдал, эрх мэдэлдээ дулдуйдан улсын төсвийн хөрөнгө оруулалт, сан, төсөл, хөтөлбөрүүдийн мөнгийг завшин, ашиглахын зэрэгцээ төрийн өмчит компаниудыг “сааж” баяжиж байгаа байдал нь орлогын тэгш бус байдлаас улбаатай баян, хоосны ялгааг улам гааруулж, олон нийтийн ундууцал, дүргүйцлийг дэвэргэж, хүчирхийлэл рүү түлхэх бодит аюулыг бий болгоод байна.

-Тэгвэл энэ хямралт байдлаас гарах арга замыг та хэрхэн харж байна вэ?

-Хөгжлийн гажуудал, алдаа дутагдлыг засахын тулд нэн тэргүүн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Энэ нь өнөөгийн УИХ, ялангуяа эрх баригч МАН-ын удирдлагын толгойн өвчин болон яригдаж байна.

Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, төрт ёсоо, түүний дотор парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх талаар авууштай санаа оноо улс төрийн намууд, улстөрчид, судлаачдын дундаас гарсаар байгаа. Үүний нэг нь Парламентыг хоёр танхимтай болгож, дээд танхимын гишүүдийг сум, дүүргүүдээс шууд сонгож, жилд хоёр удаа хуралдаж, УИХ-ын гаргасан хууль, тогтоомжуудыг хянан үзэж, батлах, эсвэл хүчингүй болгох, улсын төсвийг хэлэлцэж байх хувилбар юм. Нөгөөх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар парламентыг бэхжүүлэх хувилбарыг эрх баригч намын зүгээс нэлээд сонирхож буй нь ажиглагдаж байна. Ингэхдээ 99, 135, 152 гэх мэт олон хувилбарыг судалж буй бололтой. Гэхдээ энэ хоёр арга замын аль алинд УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэхэд улс төрийн нам илүүтэй үүрэгтэй оролцож байгаа өнөөгийн тогтолцоог өөрчилж чадахгүй юм. Үүнийг л сонгогч олон нийт хамгийн ихээр шүүмжилж байгаа гэдгийг улстөрчид шийдэл гаргахдаа мартах учиргүй.

-Тэгээд таны хувьд аль хувилбар нь боломжтой гэж үзэж байгаа юм бэ?

-Парламентаризмын үзэл санааг дэмждэг судлаачийн хувьд Парламентыг хоёр танхимтай болгох, эсвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх аль нэг замаар хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх гэсэн үзэл санааг зарчмын хувьд дэмждэг. Аль алинд нь сул тал бий. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь нэгж саналын нөлөөллийг бууруулах, гүйцэтгэх засаглал тэдний барьцаанаас гарах сайн талтай.

Гэвч тойрог, мандатын тоог нэмэх замаар УИХ-ын чадавхыг бэхжүүлэх арга нь олон нийтийн зүгээс дэмжлэг авахгүй байгаа нь илт ажиглагдаж байна. Нөгөө талаар, цаг, минутаар амьдрал хувьсан өөрчлөгдөж буй XXI зууны өнөөгийн эрчимтэй хөгжлийн хурдыг сум, хорооноос сонгогдсон АИХ-ын хуучин бүтэц гүйцэх боломжгүй гэдэг нь маш ойлгомжтойн зэрэгцээ 500 гаруй гишүүнтэй парламенттай байхаар байгаа нь хуралдааны зохион байгуулалтын хүндрэлтэй байдлыг бий болгох, төсөв зардал, санхүүгийн шинэ дарамтыг төрд бий болгох талтай. Гэхдээ аль аль байр сууриных нь сайн талыг аваад, сул талыг нь арилгаад Парламентат ёсыг улам төгөлдөржүүлж болох юм гэж би боддог.

-Та эдгээрийн дундаж хувилбарыг олсон хэрэг үү?

-Парламентыг төгөлдөржүүлэх өөр олон санал бодлууд байдаг. Тэдгээрийн дотор нийтлэлч, улстөрч Б.Батбаяр (Баабар) УИХ-ын гишүүн байхдаа Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт оруулах өөрчлөлтийн талаар 2000 оны долдугаар сарын 3-ны өдөр өргөн барьж байсан хуулийн төсөл зүй ёсоор сонирхол татаж байгаа юм.

Баабар уг төсөлдөө Монгол Улсын төрийн хууль тогтоох эрх барих дээд байгууллага нь байнгын ажиллагаатай Улсын Их Хуралдай байх бөгөөд Дээд хурал, Төлөөлөгчдийн хурал гэсэн хоёр танхимтай, 81 гишүүнтэй байхаар төсөөлж байжээ. Ингэхдээ Дээд хурал нь 27, Төлөөлөгчдийн хурал нь 54 гишүүнтэй байхыг санал болгосон байдаг.

Дээд хурлын гишүүнийг Монгол Улсын иргэдээс 37 нас хүрсэн нэр дэвшигчдээс нууцаар, шууд зургаан жилийн хугацаагаар сонгодог байхаар төсөл боловсруулагч төсөөлсөн байна. Дээд хурлын гишүүн нь улс төрийн аливаа нам, эвсэлд харьяалагдахгүй, хэрэв харьяалалтай бол Дээд хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаанд уг намын гишүүнчлэлээс түдгэлздэг байх эрх зүйн зохицуулалттай байх аж. Мөн гурван жил тутамд ротаци буюу завсрын нөхөн сонгууль хийх боломжийг ч үгүйсгээгүй юм билээ.

Дээд хурал нь Төлөөлөгчдийн хурлаас баталсан хуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, баримт бичгүүд, улс орны эрх ашиг, сонирхолд нийцсэн эсэхийг эцэслэн нягталсны үндсэн дээр батлах, эс батлах эрхтэй байх ажээ. Энэ бол парламентын хууль тогтоох үйл явцыг олон нийтийн хяналттай, ил тод болгоход чухал алхам байх боломжтой санагдсан.

-Таныг харин гурван танхимтай парламент гээд яриад яваа гэж би бас сонссон. Энэ чинь юу юм бэ?

-Тийм ээ. XXI зуунд монголчууд бид дэлхийн улс төрийн тогтолцоонд нэгэн шинэлэг санаа хэрэгжүүлж, шинийг хийж бүтээж яагаад болохгүй гэж? Тухайлбал, Гурван танхимтай, байнгын ажиллагаатай цахим парламенттай болцгооё гээд байгаа юм.

-Сонин л юм. Тэгээд сонсъё.

-Төрийн байгууллагын бүтцийн хувьд эхлээд XXI зууны монгол парламентаа 118 гишүүнтэй “Улсын Их хурал” нэртэй байна гэж бодоцгооё. Өнөөдөр байгаа 76 гишүүнтэй УИХ-ыг тогтмол үйл ажиллагаатай Парламентын Доод танхим буюу “Төлөөлөгчдийн Танхим” гэж Баабарынхаар нэрлэе. Энэ Танхимын гишүүдийг улс төрийн намууд нэр дэвшүүлж, сонгуулийн пропорциональ тогтолцоогоор сонгодог байж болох юм. Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог бодитойгоор нэмэгдүүлэх, парламентын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг сайжруулах, хууль тогтоох үйл явцын чанарыг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг улам нэмэгдүүлэхийг өнөөдрийн сонгогчид ихэд хүсэмжилж, шаардаж байгаа. Ингэхийн тулд тус бүр 21 гишүүнтэй хоёр Дээд танхимтай байж болмоор санагдана. Үүнд: Нэг нь Зөвлөхүүдийн танхим, нөгөөх нь Эрдэмтдийн танхим. хоёр Дээд танхимтай байлгах гол учир шалтгаан нь эдгээр танхимын гишүүдийг хоёр өөр арга замаар нэр дэвшүүлж, сонгоход оршиж байгаа хэрэг.Эрдэмтдийн танхим болон Зөвлөхүүдийн танхим нь Төлөөлөгчдийн танхимын баталсан хууль, тогтоомжууд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, баримт бичгүүд болон үндэсний эрх ашигт нийцэж буй эсэхийг хянаж, батлах, эс батлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Эдгээр Танхимууд тогтмол үйл ажиллагаатай байх бөгөөд танхимын гишүүд тэгш эрхтэйгээр хуралдааныг ээлж дараалан даргалж, хуралдаанаа цахимаар болон шаардлагатай тохиолдолд танхимд явуулна. Хурлаар хэлэлцэх хуулийн талаар Дээд танхимуудаас гарах дүгнэлтийг гурав хүртэлх гишүүнтэй Ажлын хэсэг боловсруулан тус тусын Танхимын хуралдаанд оруулдаг байна. Зөвлөхүүдийн танхим, Эрдэмтдийн танхим, эсвэл хоёр танхимын нэгдсэн хуралдааны Тогтоол батлагдсанаар Монгол Улсын хууль батламжлагдсанд тооцож, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлдэг байна.

-Тэднийг хэн нэр дэвшүүлж, яаж сонгох хэрэг вэ?

tНэр дэвшүүлэх үйл явц нь Төлөөлөгчдийн танхимаас эрс ялгаатай, тэр ч байтугай өөр хоорондоо ялгаатай байж болно. Үүнд:

tЗөвлөхүүдийн танхимд нэр дэвшүүлэхдээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг иргэдийнхээ дунд явуулсан санал асуулгад үндэслэн 2 (хоёр) хүртэл хүний нэрийг ИТХ-ын хуралдаанаараа хэлэлцэн дэвшүүлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлнэ.

tЭрдэмтдийн Танхимд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, ХЗДХЯ-нд бүртгэлтэй, нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага (ТББ) 1 (нэг) нэр хүнийг дэвшүүлж, СЕХ-нд тус байгууллагын удирдах дээд байгууллагын албан ёсны шийдвэрийг хүргүүлэн бүртгүүлэх боломжтой байх юм. Ингэснээр өнөөг хүртэл улс төрийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцад дан ганц улс төрийн намууд оролцож ирсэн явцуу байдлыг арилгаж, иргэний нийгмийн оролцоо, тухайлбал, хувь хүн иргэд, төдийгүй төрийн бус байгууллагын оролцоог цоо шинээр бий болгоно гэсэн үг. Дээд танхимын гишүүн нь улс төрийн аливаа нам, эвсэлд харьяалагдахгүй, хэрэв харьяалалтай бол Дээд хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаанд уг намын гишүүнчлэлээс түдгэлздэг байх нь эрх зүйн чухал зохицуулалт болно.

-Сонгуулийн санал хураалт яаж явагдана гэсэн үг вэ?

-Дээд танхимуудын нийт 42 гишүүнийг Монгол Улсын нийт сонгогчдын саналаар нууцаар, цахимаар санал хурааж сонгоно. Тиймээс сонгуулийн насны бүртгэлтэй иргэд өөр өөрийн цахим хаягаас шууд санал өгч болохын зэрэгцээ сонгогч өөрөө хүсвэл тойрог, хэсэг дээрээ саналын тусгай хуудсаар саналаа өгч бас болох юм.

-Сонгуулийн санал хураалт болон Парламентын үйл ажиллагааг цахимаар явуулж чадна гэдэгт та итгэж байна уу?

-Эдийн засгийн хөгжил сул дорой хэдий ч Монголын хүн амын дийлэнх нь хүүхэд, залуучууд байдаг, иргэдийн боловсролын түвшин, ялангуяа улс төрийн боловсрол харьцангуй өндөртэй, техник, технологи, түүний дотор харилцаа, холбооны хэрэгсэл эрчтэй хөгжсөн өвөрмөц онцлогтой манай орны хувьд энэ нь боломжтой асуудал санагддаг.

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш төрсөн залуучууд нэгэнт сонгогчид болсон. Тэд XXI зуун гарсаар төрсөн Z үеийнхэнтэй нийлээд УИХ-ын 2024, 2028 оны сонгуулиар нийт сонгогчдын дотор шийдвэрлэгч хувийг эзлэх болно. Монголын хүн ам зүйн өөрчлөлт, чиг хандлагыг судалдаг дотоодын эрдэмтэд, гадаадын зөвлөхүүдийн судалгаанаас үзэхэд ойрын 25 жилд манай хүн ам жилд 1.3-2.1 хувиар өсөх нь ээ. Энэ тоо баримтуудаас харахад өнөөдрийн хүүхэд, залуучууд ирэх сонгуулиудын хувь заяаг шийдэгчид болно оо. Монголын сонгуулийн болон парламентын тогтолцоог шинэчлэх хүн ам зүйн бодит шаардлага байгааг дээрх цөөн жишээнээс харж болно.

XXI зууны сонгогчдын улс төрийн эрэлт хэрэгцээ өнгөрсөн зууны төлөөлөл бидний үеийнхнээс эрс өөр, илүү чөлөөтэй, нээлттэй байх нь зүй ёсны хэрэг.

-Өөр…?

-Нөгөө талаар, 3,4 саяулхнаа монголчууд бид өнөөдөр “E-mongolia”-г амжилттай нэвтрүүлж, бараг бүх иргэн цахим бүртгэл, цахим хаягтай болж, Монгол Улс Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болсноор сонгуулийг цахимаар явуулах үндсэн нөхцөлийг хангасан цөөн орнуудын нэг гэж бахархалтайгаар хэлж болно. Манай иргэд хот, хөдөөгүй цахим банкаар үйлчлүүлж, төрийн үйлчилгээг цахимаар авах нь амьдралын хэвийн үзэгдэл болсоор байна. Өнөөдөр манай хүн амын 80 гаруй хувь нь буюу 2.8 сая хэрэглэгч ухаалаг гар утас хэрэглэж байгаагаараа бид хөрш орнуудаа байтугай хөгжингүй орнуудыг ардаа орхиж, нийгмийн сүлжээний хэрэглээгээрээ ч олныг гайхуулж байна. Тухайлбал, судалгаагаар 15-60 насны хүн амын 10 хүн тутмын 8 нь нийгмийн сүлжээг ашигладаг. Харин нүүр ном буюу фэйсбүүк хэрэглэгчид Улаанбаатар хотын иргэдийн 84 хувь, орон нутгийн иргэдийн 77 хувь буюу улсын хэмжээнд 1.7 саяд хүрээд байна. Тэгэхээр цахим сонгууль явуулах, парламентаа цахимаар ажиллуулах гэдэг монголчууд бидний хувьд санаанд бүрэн багтах асуудал болсон гэж хэлмээр байна.

-Төгсгөлд нь уншигч олонд хандаж юу хэлмээр байна?

-Монголчууд бултаар яривал буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Одоогоор яригдаж буй Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдийн талаар хувилбаруудын ололттой, давуу талуудыг хэрхэн ашиглах тухай тал талаас нухацтай ярилцан зөвлөлдөж, аль болох нийцтэй хувилбарыг сонгох нь Монголын улс төрийн тогтолцооны хувь заяаны нэн тулгамдсан асуудал болоод байна.

Эх сурвалж: Өдрийн сонин https://dnn.mn/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)