Цахим орчинд хүний эрхийг хязгаарлах хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан ч УИХ хүлээж авах уу

Admin | 2023-01-29


   Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хоёрхон хоногийн дотор буюу гэрлийн хурдаар баталсан нь олон нийтийн зүгээс нэлээд ширүүн дайралтуудыг эрх баригчдад үзүүлэв. Ингэснээр ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуульд хориг тавив. Энэ бол Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гаргасан анхны хориг юм.

Учир нь хүний эрх, олон нийтийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд эсэргүүцэж Ерөнхийлөгчид хориг тавих хүсэлт илгээх саналыг цахимаар хураасан. Уг саналд одоогийн байдлаар 8000 орчим иргэд саналаа өгчээ. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавихаар аргагүйд хүрсэн ч байж болох юм. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавьснаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль шууд хүчингүй болчихгүй. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж санал өгсөн нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд хориг тавих буюу хуулийг буцаах боломжтой. Ямартай ч хаврын чуулганы эхний арав хоногт хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байх.

Гэхдээ уг хуулийг Засгийн газраас санаачилсан ч Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өөрийн биеэр хамгаалж олны ундууцал дундуур зүтгэн батлуулсан билээ. Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхлээр нь хориг тавьсан ч УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь хоригийг дэмжээгүй тохиолдолд хууль жинхэнэ батлагдаж хэрэгжих шатандаа орно гэсэн үг.

Яагаад гишүүдийн санал хүрэхгүй байж магадгүй гэж онцлоод байна вэ гэвэл хоёрхон хоногийн дотор дээрх хуулийг батлахад 39 гишүүн дэмжиж 12 гишүүн дэмжээгүй. Хамгийн сонирхолтой нь хүний эрхийг хамгаалах тухай ч бодит байдал дээр хязгаарлах уг хуулийг дэмжээгүй 12 гишүүний 10 нь АН-ын гишүүн. Нэг нь ХҮН-ын гишүүн Т.Доржханд, нэг нь МАН-ын гишүүн Х.Булгантуяа. МАН-аас уг хуулийг цор ганц гишүүн дэмжээгүй нь Х.Булгантуяа гишүүн.

Ингээд харахаар өөрсдийн дэмжсэн хуулийн эсрэг Ерөнхийлөгчийн таалалд нийцүүлж кноп дарах хүн хэр их байгаа бол. Үүнийг харах л үлдлээ.                                                                                                                                                                                                                                    Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)