Т.НАРАНБАТ: Амлалтын шинжтэй зүйл ярихгүй л бол сонинд ярилцлага өгч болно

Admin | 2024-03-11


Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны Хуулийн газрын ахлах референт Т.Наранбатаас сонгуульд нэр дэвшигчид хууль зөрчихгүйн тулд юун дээр анхаарах талаар тодрууллаа.

-Сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс хууль зөрчихгүйн тулд юун дээр анхаарч ажиллах ёстой вэ?

-Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгууль явагдах гэж байна. Сонгуультай холбоотой бүхий л харилцааг Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж өгсөн. Харин горилогч гэдэг нэр томьёо энэ хуульд байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэр дэвшигчийн тухай асуудал хөндөгдөнө. Гэвч одоогоор ийм статус байхгүй. Учир нь хуульд заасан болзол, шаардлагыг хангаад, цаг хугацаандаа нам, эвслээсээ нэр дэвшүүлээд, СЕХ-ноос бүртгэснээр нэр дэвшигч гэж яригдана.

Мэдээж энэ жил нэр дэвшинэ гэсэн санаа, зорилго агуулж яваа хүмүүс бий. Эдгээр хүмүүс маань Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд Хууль бус сурталчилгааг хориглох гээд зааж өгснийг л баримтлах хэрэгтэй. Энэхүү заалтад ээлжит сонгуулийн жил эхэлснээс санал авах өдрийг дуусталх буюу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулан сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд найман багц үйлдэл, үйл ажиллагааг хориглосон. Тиймээс эдгээрийг хийх ёсгүй. Хэрэв хийсэн бол тухайн хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болж болно.

-Тэгвэл нэр дэвших бодолтой яваа хүмүүс хурал цуглаан, уулзалт хийх боломжтой юу?

-Болно, гэхдээ хоёрхон зүйлийг л анхаарах ёстой. Энэ уулзалт, цуглаан танай байгууллагын энэ жилийн ажлын төлөвлөгөөнд орсон байх нь чухал. Түүнээс биш гэнэт л нэг нөхөр уулзалт хийгээд байж болохгүй. Дээрээс нь тухайн уулзалт, цуглаанд гарах зардлыг хэн гаргаж байгаа вэ. Энэ их чухал асуудал. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой 36 жагсаалтыг гаргаад 2020 оны Зөрчлийн тухай хуульд нэмэлтээр оруулж өгсөн. Үүнийг эрх бүхий есөн байгууллага хянаж шалгадаг. Мөн хуулийн 48.1 дэх хэсэгт заасан зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүх эцэслэн шийдвэрлэдэг. Дээрх зөрчлийг гаргасан нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчээс хасах эрх зүйн үр дагавартай.

-Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа эхлээгүй энэ үед сонин, хэвлэлд ярилцлага өгвөл хууль зөрчих вий гэсэн болгоомжлолтой байна. Ингэж ярилцлага өгөх нь нээлттэй юү?

-Ярилцлага өгч болно шүү дээ. Гэхдээ нөгөө л сонгогчийн саналд нөлөөлөх амлалтын шинжтэй зүйл ярихыг хуулиар хориглосон зохицуулалттай. Түүнээс биш тухайн хүн өөрийнхөө удам судар, ажлын тайлангаа ярихад нээлттэй. Харин телевиз, сонин, сайтад өгсөн ярилцлагыг нь тавдугаар сарын 14-нөөс хойш давтан гаргахыг хуулиар хориглож өгсөн. Дээрээс нь хуучин бол маш олон шторк явдаг байсан.

Тэгвэл сонгогчдын авах мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор энэ удаад мэтгэлцээн гэдэг арга хэлбэрийг оруулсан. Гэхдээ мэтгэлцээн учраас хоёр ба түүнээс дээш хүн оролцох ёстой. Ингээд тухайн нэр дэвшигч, эвсэл ямар бодлого гаргаж байгаа юм. Үүнийгээ яаж хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрэх вэ гэсэн бодлогын өрсөлдөөн байдлаар явуулна. Тийм ч учраас сонгуулийн нэвтрүүлгүүдийн 50-иас доошгүй хувь нь мэтгэлцээний хэлбэр, форматаар байна гэдгийг хуульчилж өгсөн байгаа.

Монгол УлсынИх хурлынсонгуулийнтухай хуулийн48 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох

48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

48.1.1.Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

48.1.2.Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

48.1.3. Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

48.1.4.Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

48.1.5.Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

48.1.6. Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

48.1.7.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх;

48.1.8.Тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах.

Эх сурвалж: Өдрийн сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)