О.ЦОГТГЭРЭЛ: Залуучууд эх орноосоо дайжиж байгаа гол шалтгаан нь авлига

Admin | 2024-04-01


   УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж гурван асуудлаар нэгдсэн саналтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид өнөөдөр гурван асуудлаар нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Эхнийх нь Мэргэжлийн Нэгдсэн Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Үүгээр иргэний нийгмийн байгууллагын талаарх хуулийн шинэчилсэн найруулгын талаар саналаа хүргүүлнэ. Хоёрдугаарт нь шинэ парламентын хуулийн дэгийн асуудлын талаар, гуравдугаарт сүүлийн үед цахимаар дуулиан тариад байгаа оюуны дайжилт буюу "Brain Drain Index"-ийн талаар үзэл бодлоо илэрхийлэх юм.

Манай улсаас яагаад залуучууд гадагшаа дайжаад байна вэ гэдгийг олон улсын шинжээчид оюуны дайжилт буюу "Brain Drain Index" үзүүлэлтээр тодорхой харуулж байна. 2016 онд энэ үзүүлэлтээр 3.00 байсан бол өнгөрсөн онд 4.20 болтлоо өссөн. Энэ нь манай улсад амьдрах нөхцөл тааруу, залуучуудад боломж олдохгүй байгааг илэрхийлж байгаа юм.  Өмнө нь түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ. Энэ үзүүлэлтийг гаргахдаа хоёр гол хэмжүүр байдаг аж. Эхнийх нь эдийн засгийн буюу цалин орлого хүрэлцээгүйгээс, хоёрдугаарт нь нийгмийн тэгш бус байдалтай холбоотой. Авлига ихсэх тусам л иргэд Монголоос явах хүсэлтэй байгаа нь баримтаар нотлогдож байна. Эрх баригчид найман жил авлигатай тэмцэж байна гэж суртал ухуулга хийгээд байдаг үр дүн нь харагддаггүй. Уг нь тэмцэх тусмаа авлига буурах ёстой байтал эсрэгээрээ авлигын индексээр ухраад байдаг.  Залуучууд ажил хийгээд байгаа мөртлөө л ядуу байна. Уг нь ядуурал гэдэг ажлын байр олдохгүй байгаа тохиолдолд нүүрлэдэг аюул. Гэтэл манай улсад эсрэгээрээ ажилтай байх тусмаа ядуураад байгаа тул залуучууд гадагшаа явах хүсэлтэй байна" гэж ярилаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)