Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Admin | 17 цагийн өмнө


   Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.10.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын 74 гишүүний ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа даргалсан.

Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс нэг өдрийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлж, энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хүргүүлснээ буцаан татаж буйгаа мэдэгдэв. Ийнхүү хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг үргэлжилж, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын 88 гишүүний 54.5 хувь нь дэмжлээ. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 53.4 хувь нь, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн хувь нь 54.5 хувь нь тус тус дэмжсэн.

Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжээгүй тул “Хуулийн төсөл буцаах тухай” тогтоол батлагдсанд тооцсон болохыг Х.Булгантуяа дэд дарга мэдэгдээд, тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан. Түүнчлэн гишүүдийн олонх Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд  нэмэлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг  дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүний энэ оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс нэг өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.  

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулав.

Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээний тайланд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нь импортоос хамааралтай, хүртээмж нь газар зүйн байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа, ядуурлын түвшин буурсан ч ядууралд ойрхон байгаа хүмүүс аливаа сөрөг хямрал үүсэхэд өртөх эрсдэлтэй байгаа тул хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжилтийг нь дэмжих тогтолцоо, түүнтэй холбогдох зохицуулалт болон хоол хүнснээс гаралтай халдварт бус өвчлөл бууруулах зорилгоор “хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчны эрүүл аюулгүй байдлын харилцан шүтэлцээг хангах” зарчмыг тусгасан байна. Мөн уг  төслөөр хүнсний сүлжээнээс зохицуулагдаагүй үлдсэн тээвэрлэлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа, түгээлттэй холбогдсон харилцаа, мөн сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийг дэмжих зохицуулалтыг тусгав. Түүнчлэн мэргэшлийн сургалт, мэргэшлийн зэрэг олгох, хүнсний чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжиж, хүнсний зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгаа хийхэд эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог чухалчилж, эрдэм шинжилгээний байгууллага, түүний чиг үүрэгтэй холбогдсон зохицуулалтуудыг тусгасан талаар танилцуулгад дурдлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо иж бүрэн, цогц байдлаар хэрэгжиж, хүнсний баталгаат байдал сайжрах төдийгүй хүнсний экспортын чанар сайжирч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх юм байна. Түүнчлэн хяналтын тогтолцоог оновчтой болгосноор хүнсний сүлжээнд бүхэлд нь буюу хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, тээвэр логистик, гадаад, дотоодын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түгээлт, хэрэглэгчийн хүнсний хэрэглээнд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ.

Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хүнсний хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээнд үндэслэн  хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын чиглэл, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог оновчтой болгох, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог сайжруулах, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай, тэжээллэг, эрүүл хүнсний хэрэглээтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг хууль санаачлагч боловсруулсан бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллагаас  нэмэлт зардал гарахгүй байхаар тусгасныг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байв.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)