“Утаагүй” түлш үйлдвэрлэдэг М.Ганбаатар даргад Улаанбаатарын утаа харагддаггүй гэнэ

Admin | 2022-01-18


“Тавантолгой түлш” компани 2018 онд байгуулагдсан. Үүнээс хойш нийслэлийн утааг буруулахаар утаагүй сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Ингэж ч байгаа гэж ард түмэн ойлгож ирсэн. Гэвч энэ жил утаагүй түлшний утаа аюулын хэмжээнд хүрчихээд байгааг агаарын бохирдлын мэдээнээс өдөр бүр харж байна. Гэрээсээ гараад нүдээрээ ч харж байна. Харин “Тавантолгой түлш” компанийн дарга М.Ганбаатарт Улаанбаатарын утаа харагддаггүй бололтой. Учир нь тэрээр “Улаан бал” нэвтрүүлэгийн ярилцлагын үеэр “Бид өмнө нь урдах замаа ч хардаггүй утаанд амьдарч байсан. Өнөөдөр уулан дээрээс зураг авчихаад тэрийгээ утаатай байна гэж яриад байна” гэсэн утгатай хариулт өгч байх юм. Сэтгүүлч “Танд утаа харагдахгүй байгаа юм уу” гэж асуухад “Бид утааг өнгөрсөн жилүүдэд 40, 50 хувь бууруулсан. Одоо үлдсэн 50 хувийг багасгахад л анхаарч ажиллаж байна” гэв. Тэгэхээр утаагүй түлш үйлдвэрлэж байгаадаа хэт итгэлтэй даргад маань утаа нь харагддаггүй юм байна. Түүнчлэн “Гэр хорооллын айлуудын яндан нэмэгдсэн. Тэр яндангийн цаана ямар айл байна, юу түлж байна гэдгийг бид харж байгаа шүү” гэж байна. Тэгэхээр утаатай байгаа нь утаагүй түлшнийх биш айлуудад учир байгаа бололтой юм. Угтаа “Тавантолгой түлш” компанийн хийх ажил нь тодорхой. Товчхондоо түлш хийх бүтээгдэхүүн буюу угаасан нүүрсээ “Энержи Ресурс”-аас үнэгүй авчихна. Ковидын үед нэг тонн нь 150 мянган төгрөг байсан шахмал түлшийг 75 мянга болгож хямдруулсан. Үүнээс гарах алдагдлыг “Эрдэнэс-Тавантолгой” нөхөөд олгочихно. Ийм байхад яагаад утаа багатай түлш үйлдвэрлэж чадахгүй байна вэ? Тус компани нийслэлийн түлшний хэрэгцээг хангахад анхаарч ажиллаад түлш хөгжүүлэлтээ орхигдуулсан гэнэ. Анх компанийн байгуулагдсан зорилго нь л утаагүй түлш үйлдвэрлэх байгаагүй гэж үү. Төрөөс хэдэн тэрбумаар нь төсөв гаргаж үйлдвэр барьж, бараг бүх зүйлээ бэлдүүлж байж ийм зүйл яриад сууж байгаа нь дэндүү харамсалтай. Тиймээс М.Ганбаатар даргад хариуцлага тооцох хэрэгтэй. Тэрнээс салбарын яамыг нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргатай нь буулгаад ч утаа буурахгүй. Учир нь утаатай түлшний үйлдвэрлэл үргэлжилсээр л байна. М.Ганбаатарын даргын яриагаар бол угаасан нүүрсээ авчирлаа, үүнийгээ барьцалдуулагч бодистой холиод хатаагаад гүйцээ. Түлш бэлэн. Савлалаа, ачлаа, цэгүүдэд буулгаад иргэдийн гарт хүрлээ. Ийм л товчхон процесс явдаг бололтой. Гэтэл үүнийг дэлхийн хаана ч байхгүй нөү хау, технологи, зөвхөн Монголд нутагшуулсан шинэлэг ажил гээд ярьж байгаа нь үнэндээ ард түмний эгдүүцлийг хүргэж байна. Ард түмний уушги утаанд хордож байхад жишим ч үгүй ийм зүйл яриад сууж байдаг. Төрийн мөнгөөр тоглож суудаг дарга нараас хариуцлага нэхэхгүй бол утаагүй байхад утаатай гэлээ гээд хэнэг ч үгүй ард түмнээ доромжлоод сууж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)