МАН-ын 30 дахь их хурлыг нээж, Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр "Эрхэм Монголчуудаа,
Намын Их хурлын төлөөлөгчид өө,
Хүндэт зочид оо,
Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос Монгол Ардын Намын 278 мянган гишүүдийг төлөөлж, намын 30-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож буй Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Одоогоос зуун жилийн тэртээ, улс орны маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдсан нэн хүнд цаг үед манай намын Анхдугаар их хурал хуралдаж, “Эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээх явдал бол гол зорилт мөн” хэмээн тунхаглаж байжээ.
Өнөөдрийн манай намын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн их хурал ч Дэлхийн 2-р дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй Цар тахлын амаргүй цаг үед зохион байгуулагдаж байна.
Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, Шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг Та бидэнд ногдлоо.
Өнөөдөр миний бие Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, гарц шийдлийн тухай ЗУРГААН БАГЦ АСУУДЛЫГ ярихаар бэлтгэлээ. Учир нь эдгээр ХӨГЖЛИЙГ ХЯЗГААРЛАГЧ хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт дэвшүүлсэн ЦААСАН ДЭЭР ЦАРЦАЖ үлдэх эрсдэлтэй юм. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх, шинэ зуунаа эхлүүлэх ЗОРИЛГО Ч, “Алсын хараа-2050” хөгжлийн БОДЛОГО Ч энэхүү зургаан асуудалтай ус, агаар, хөрс мэт шүтэн барилдлагатай юм аа.
Нэг. Боомтын сэргэлт
Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай.
Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг.
Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. Эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсч цус харвалтын өмнөх байдалд орсон БООМТУУДЫНХАА БОЙМЫГ тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.
Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм.
Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг ЭРС САЙЖРУУЛАХ томоохон зорилтыг дэвшүүлж байна.
Хилийн боомтуудыг ХУРДНЫ ЗАМААР холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно. Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулцгаая.
Шинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлж, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж, иргэний болон агаарын КАРГО тээврийн дэлхийн хэмжээний компаниудтай харилцан ашигтай ТҮНШЛЭН ажиллацгаая.
Товчоор хэлэхэд боомтын боймыг тайлах болно.
Хоёр. Эрчим хүчний сэргэлтийн тухай
Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэгт нь ойлгомжтой. Эрчээ алдсан эрчим хүчний салбар маань өнөөдөр Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлсийн нэг боллоо.
Бид газрын доорх ертөнц буюу дулаан, цахилгааны эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдвэрлэхгүйгээр газрын дээрх бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй юм аа.
1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч ШИНЭ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс 5 БАЙТУГАЙ 6 ДАХЬ дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна.
Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг ДУУСГАЖ, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллацгаая.
Цахим Монгол, Дижитал үндэстэн болох зорилт бол зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах төдий шийдэл биш юм аа. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шинээр байгуулагдах Цахим хөгжлийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам илүүтэй анхаарах шаардлагатай.
Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Энэ бүтээн байгуулалт манай улсад зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй эрчим хүчний хэрэглээнд шинэ дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.
Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа ЦАГ АЛДАЛГҮЙ ДУУСГАЖ, ашиглалтад оруулах нь ЭРЧЭЭ АЛДСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ салбараа эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой билээ.
Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай
Аль ч улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь Аж үйлдвэржилт билээ. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого бол манай намын зуун дамнасан бодлогын үргэлжлэл юм.
Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал билээ. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа ЖИЛД 15 САЯ арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.
Монгол Улс ЗЭСЭЭ баяжуулж, НҮҮРСЭЭ угааж, АЛТАА цэвэршүүлж, ГАЗРЫН ТОСОО боловсруулж, дотоодын ХҮНСЭЭ ХАНГАЖ, түүхий эд нийлүүлэгч улсаас АЖ ҮЙЛДВЭРЖСЭН улс болох нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.
ГАН БОЛОН ЗЭС боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь ЦӨМ юм.
Эрдэнэтийн зэс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд ГАНГИЙН үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна.
ГАЗРЫН ТОС боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь бидний эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг билээ.
Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаас хоцрохгүй, ӨНДӨР ТЕХНОЛОГИ, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, ДИЖИТАЛ эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН бодлогоо хамтдаа шинээр тодорхойлцгооё.
Үйлдвэржсэн Монголын үйлс бүтэх болтугай.
Монгол ахан дүүс ээ,
Дөрөвдүгээрт би Хот, хөдөөгийн сэргэлтийн тухай ярья
Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг ШИЙДВЭРЛЭХ нь бидний нэн тулгамдсан асуудал боллоо. 13-р зуунд Монгол хүн морин дэл дээр дэлхийг эзэлсэн түүхээр бид бахархдаг, харин 21-р зууны Монголчууд машиндаа түгжирсээр насыг барвал юутай харамсалтай.
Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь амьдарч байна.
Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна.
Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-аас 80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс НЭГ ХОТ УЛС болжээ.
Иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, сүүлийн 10 жилийн алдагдсан боломжийг өртөг 11.8 их наяд төгрөг болсон байна.
Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн 30 жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын АРЧААГҮЙ, хариуцлаггүй байдлын ТӨЛӨӨС юм.
Өнгөрсөн 30 жилд хуримтлагдан архагшсан хууч өвчнийг өвчин намдаах эмээр аргацаах боломжгүй болсныг ард иргэд маань ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ойлгоно гэдэгт итгэж байна. Шулуухан хэлэхэд өвчний голомтыг бүрдүүлж буй зарим асуудлыг МЭС ЗАСЛЫН аргаар багагүй хэмжээний өвдөлт өгч шийдвэрлэхээс өөр гарц үлдсэнгүй ээ.
Зарим томоохон асуудлыг ШУУД АРДЧИЛЛЫН хэлбэрээр ард нийттэйгээ хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байгаа.
Хотын төвлөрөл багасна гэдэг нь ХӨДӨӨГ ХӨГЖҮҮЛНЭ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд ХЭН Ч ШУУД очихгүй нь ойлгомжтой. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, ЭРХЗҮЙН цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай.
Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний ШИНЭ СУУРЬШЛЫН бүсийг ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАРХОРУМ хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч 2022 онд багтаан эхлүүлнэ.
Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, ШИНЭ ХОТ байгуулах их бүтээн байгуулалтыг энэ хавраас эхлүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлно. Аймгийн төвүүдийг бие даасан хот болон хөгжүүлэх, ОРОН НУТАГ төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээж, орон нутгийн удирдлагуудын эрх мэдэл, ҮҮРЭГ хариуцлагыг нэмэгдүүлнэ.
Цар тахлын нөхцөл байдал тогтворжих үед Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлаж, БИЕ ДААН ХӨГЖИХ боломж бүхий эдийн засгийн асуудлыг аймаг бүрд шийдвэрлэж, орон нутагт Ерөнхий сайдын хувиар ажиллах болно.
Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжинэ. ХҮНСЭЭ ДОТООДДОО бүрэн хангах, ХҮНС ЭКСПОРТЛОГЧ улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын 4 дүгээр аяныг орчин цагийн хөгжлийн ШИНЭ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ.
Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн нь нийслэлийн төсвөөс түгжрэлд зарцуулсан 10 жилтэй дүйж байгаа нь бид энэ асуудалд хэрхэн хайнга хандаж ирсний бас нэг илэрхийлэл юм.
Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, ТУЛГУУРТ ГҮҮРЭН байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг 3 чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.
Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон ХУДАЛДААНЫ ТОМООХОН төвүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдэх юм аа.
Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам барих ажлыг ирэх оноос эхлүүлнэ.
Суусан хотоо алхаатай хот болгоход төр-иргэний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Тав. Ногоон хөгжлийн сэргэлтийн тухай
Хөгжил бол байгаль өөрөө юм. Цар тахал дэлхий ээжтэйгээ буруу ХАРЬЦСАНААС үүдэж, хүн төрөлхтөнд өгч буй сануулга байхыг ч үгүйсгэхгүй ээ.
Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг одоо л тодорхойлохгүй бол оройтно.
Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн СОРИЛТ Ч, цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэд бодлогод шилжих боломж олгож байгаа юм.
Бидэнд өөр сонголт байхгүй ээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж, Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, ХОТ СУУРИН газрууд усанд автаж байна. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн ДАВТАМЖ нэмэгдэн, цөлжилт, ган гачиг ЭРЧИМЖСЭЭР байна.
Хүлэмжийн хий нэмэгдсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дэлхийн дулаарал 1 хэмээр нэмэгджээ. Эх дэлхий маань 2-оос дээш хэм дулаарвал бид юу ч хийсэн оройтох болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон чухал санаачилга юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний ДОРОЙТОЛТОЙ тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд бүх нийтээрээ ногоон хөгжлийн хандлагаа өөрчилж, Төрийн тэргүүнээ дэмжиж ажиллацгаая.
Нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү хөдөлгөөнд нэгдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эрхзүйн цогц шинэчлэл хийж, орон нутгийн удирдлагууд, төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд МОД УРГУУЛАХ, АРЧЛАХ байгаль орчныг хамгаалах ажлыг нэмж тусгах болно.
Зам дагаж хөгжил, ус дагаж амьдрал цэцэглэдэг билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ.
Цөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц ШАВХАГДСАН НЬ малчдыг отор нүүдэл хийх, нийслэл хот руу шилжин суурьших гол шалтгаан болж байна.
Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулна.
Бид өвөг дээдсийн унаган байгалаа хайрлан хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт ёс заншлыг эдийн засаг, аж үйлдвэрийн их сэргэлтийн эрин үед олон улсын чиг хандлагатай нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлно оо.
Эрхэм журмын нөхөд өө, Миний бие Монгол Улсын хөгжлийг боомилж буй 5 асуудал, түүний шийдлийн тухай товч дурдлаа. СҮҮЛИЙН тэмээний ачаа хүнд ГЭДЭГЧЛЭН өнөөдөр хөгжлийг хязгаарлагч ХАМГИЙН ТОМ хүчин зүйлийн тухай би эцэст нь ярья.
Хамгийн том хөгжлийг хязгаарлагч хүчин зүйл юу бэ гэж Та бүхэн гайхаж байгаа биз ээ.
Ямар хүчин зүйл боймлогдсон боомтоос, эрчээ алдсан эрчим хүчнээс, алдагдсан аж үйлдвэрийн бодлогоос, түгжирсэн Улаанбаатараас, цөлжсөн уудам талаас илүү байдаг билээ гэж Та эргэлзэж байгаа байх.
Харамсалтай нь хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл төр өөрөө байна.
Зургаа. Төрийн бүтээмжийн сэргэлтийн тухай.
Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай.
1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч, гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм.
Энэ цаг үеийн Шинэ сэргэлтийн бодлого ч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засч төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ ээ.
Бидэнд мөнгө шаардахгүй ч, бүтээмжээ сайжруулах олон боломж бий. Ийм л байх ёстой гээд ДАСЧИХСАН асуудал, ХЭВШСЭН сэтгэлгээ ч цөөнгүй байна.
Хувийн хэвшилд хязгаарлагч хүчин зүйл болдог энгийн жишээ дурдахад ид бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг улирлын онцлогтой. Гэтэл Монгол Улсын төсөв 11 дүгээр сард батлагдаж, төсвийн жил 1 дүгээр сард эхэлдэг. Тендер, сонгон шалгаруулалт, шүүхийн маргаан, бүх шатны шүүхээр заргалдсаар гэрээ ч байгуулж чадалгүй намартай золгодог. Яагаад бид өвлийн улиралд худалдан авалтаа зохион байгуулж, хавар бүтээн байгуулалтаа эхлүүлж, зун, намрыг бүтээмжтэй ашиглаж болохгүй гэж? Яагаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгож болохгүй гэж?
Тиймээс төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлээ ЗӨВ ТОДОРХОЙЛЖ, шийдэл олох нь нэн чухал юм аа.
Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна.
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлнэ. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13