Хөвсгөл аймгийн Бурхан шашны тэргүүн Дарба бандида гэгээнтэн энэ сарын 23 буюу ирэх ням гаригт ирэх гэж байна. Гэгээнтэн Энэтхэг улсын Сэра дацанд суралцаж байгаа бөгөөд эх орондоо түр саатан морилж байгаа юм. Дарба бандида гэгээнийг Бурхан багшийн 16 архадын нэг Лампармын хувилгаан гэдэг. Түүнээс хойш Энэтхэг, Төвд, Балба, Монгол оронд 18 дүр нь заларч шашин амьтанд тусыг үйлдэж байсан тухай түүний төрөл цадигийн хэлхээ намтарт тодорхой өгүүлсэн байдаг. Ялангуяа Төвдийн 34 дүгээр гандан ширээт Агваанчойжижанцангийн хойд дүрийг халхын анхны Дарба бандид гэгээнээр өргөмжлөн залсан түүхтэй. Гэгээнтний анхдугаар дүр нь 1637 онд Монголд мэндэлсэн байдаг. Түүнээс хойш зургаан дүр тодруулсан бөгөөд өнөөгийн Данзанчойжилодой нь долоо дахь дүр нь ажээ. Гэгээнтний өмнөх дүрүүд Ар халхын Дарва бандида гэдгээрээ олонд алдартай байсан нь түүхийн олон ном, сударт тэмдэглэгдэн үлджээ. Ер нь Дарва бандида гэгээнтэн Монголын хүрээ хийдийн дотор айргийн тавд багтах эртний түүхтэй, өндөр зэрэг хүндлэлтэй, бусад хийд оронд үлгэр жишээ болдгоороо алдартай байжээ.
Дарба бандида гэгээний долдугаар дүрийн Данзанчойжилодой нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд мэндэлсэн байна. Гэгээнтэн Монгол эх нутагтаа дөрөвдүгээр сар хүртэл саатах бөгөөд өвлийн адаг сарын 28-нд Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдэд балин адислагаа, 29-нд Сор залах хурал, шинийн 15-ны цагаан сарын их ерөөлд тус, тус морилох ажээ. Мөн Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх цанид чойрын дацангуудын гавжийн дамжаанд дагсал хаях юм байна. Ням гаригийн өглөө 08:00 цагт Чингэс хаан олон улсын нисэх буудалд буух гэгээнтнийг Гандантэгчинлэн хийд, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам хуврагууд, Хөвсгөл аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлийнхөн, шавь нар, сүсэгтэн олон угтаж авах юм.
Э.Очир
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 9 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14