“Тавантолгой түлш” ХХК-ийн Чанарын хяналтын хэлтсийн дарга Г.Баттулгаас тодрууллаа.
-Сайжруулсан шахмал түлшний чанарын асуудал яригдах боллоо. Түлшний чанарын асуудал яг хаанаа байна вэ?
-Манай зүгээс түүхий эд ч, үйлдвэрийн дамжлагадаа ч асуудал байхгүй. Монгол Улсын MNS5679 батлагдсан стандарт байдаг. Ийм байх ёстой гээд. Тэр бүх стандартандаа нийцээд явж байгаа. Манайд яг үүнээс болоод алдаа гарчихлаа гэдэг зүйл нэг ч илрээгүй. Сая Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Уртнасан үйлдвэртэй танилцсан. Гэр хорооллын айл өрхүүдээр ч явж галлагаатай танилцсан. Тэр үед ямар нэг байдлаар түлш болохгүй байна, энэ технологи нь алдагдчихсан байна гэсэн зүйл гараагүй. Стандартынхаа шаардлагыг хангаад л явж байгаа.
-Яалт ч үгүй өмнөх жилүүдээс утаатай байгаад байна. Энэ тэгээд юутай холбоотой байна вэ?
-Нийслэлийн агаарын бохирдлын газар, БОАЖЯ, Цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэн гээд маш олон газрууд тал талаас нь утаатай тэмцэж байна. Нэгдүгээрт машины утаа, хоёрдугаарт агаарын урсгалтай холбоотой утааг тайлбарлаж байгаа. Дээр нь өөр төрлийн зүйл түлж байгаа асуудлууд гарч байна. Нэлээн олон зүйлээс шалтгаалж байгаа юм байна. Түлш үнэхээр стандартынхаа горимыг зөрччихсөн байна гэсэн зүйл байхгүй.
-Түлш нойтон байна, бутарч унаад байна гэдгийг бас та няцааж байна уу?
-Саяхан НМХГ, БОАЖЯ, Эрчим хүчний яам, Цагдаагийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газрууд өнгөрсөн долоо хоногт шалгалт хийлээ. Тэр шалгалтаар тийм асуудал гараагүй. Бид шалгалтыг түүвэрчилсэн гэнэтийн байдлаар хийсэн. Түлшний тал нь хог байна, нойтон асахгүй байна гэдэг зүйл байгаагүй. Огт утаагүй зүйл биш шүү дээ.
-“Энержи Ресурс”-аас нийлүүлж буй түлшний түүхий эд ямар нэг асуудалтай байна уу?
-“Энержи Ресурс” компаниас манайх түүхий эд буюу мидлингийг нийлүүлдэг. Жил гаруй хугацаанд “Энержи Ресурс” үйл ажиллагаа нь төдийлөн сайн яваагүй. Тийм учраас угаасан нүүрс гараагүй гэсэн үг. Өнгөрсөн жил угаасан нүүрснээс аваад хэрэглэж байна. Ирэх болгонд нь бид шинжилгээнд өгдөг. Үйлдвэрлэсэн түлш болгоны дээжээс долоо хоног бүр шинжилгээ хийдэг. Хариу нь тухайн үедээ гараад явдаг. Шинжилгээний хувьд асуудалгүй байгаа.
-Баруун бүсийн үйлдвэрийн ойролцоох тоос, тортогтой хүнд нөхцөлд амьдарч буй айлууд холбогдох газруудад шаардлага хүргүүлж байгаа юм байна. Танайд ч гэсэн хандсан гэсэн. Эдгээр айлуудад хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?
-Өнгөрсөн жил тухайн айлууд гомдол гаргаснаас хойш манай зүгээс хийсэн тодорхой ажлууд бий. Тухайлбал тортог гаралтыг саармагжуулах, үйлдвэрээс гарч буй тоос, тоосонцорыг сордог шүүлтүүр тавьсан. БОАЖЯ-наас дэмжлэг үзүүлээд шүүлтүүр тавьсан байгаа.
-Яг тортог дунд амьдарч буй айлуудад тулж хийсэн ажил юу байна вэ?
-Засгийн газраас баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх тодорхой шийдвэр гарчихсан байгаа. Намартаа багтаагаад үйлдвэрийг нүүлгэх талаар мэдээлэл хийсэн. Нүүлгэсэн тохиолдолд энэхүү үйлдвэрийг агуулах байдлаар ашиглах ч юм уу ажлууд хийгдэх байх. Мэдээж тодорхой айлууд бий. Гэхдээ ихэнхдээ үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд байдаг. Энэ тал дээр манай мэргэжилтнүүд анхаарч ажиллах байх.
Д.Даваасүрэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 11 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14