“Да хүрээ” захад “Приус” машин хамгийн эрэлттэй байх бөгөөд үнэ 19 сая төгрөгөөс эхэлж байна 

Admin | 2 Жилийн өмнө


Монголчууд бидний уламжлал болгон тэмдэглэдэг Цагаан сарын баяр болоход цөөн хоног үлджээ. Энэ үеэр томоохон зах худалдааны төвүүд олны хөлд дарагддаг билээ. Гэвч энэ жилийн хувьд хүмүүсийн худалдан авах чадвар өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад эрс муудсан төдийгүй хүн багатай байгаа талаар наймаачид ярьж байна. Тухайлбал, сар шинийн баярын өмнө машины үнэ тэнгэрт хадаж, үйлчлүүлэгч ч ихтэй байв. Тэгвэл  "Да хүрээ" захын машины ченжүүд  хэд хонож байж ганц машин зарж чадвал "аз" хэмээн ярьж сууна. Машин худалдаж авахаар хайж буй хүн бага байсан хэдий ч "хэтэрхий үнэтэй байна" гэж өөр хоорондоо ярьж байв.

Тус захын машины ченж Г.Бэх-Очир "Энэ жил иргэдийн худалдан авалт маш муу байна. Зах эл хуль байгааг харж байгаа байх. Гаалиас машин ч ховор орж ирж байна. Орж ирэхдээ 4-5 сар болж орж ирнэ. Зарим үед үүнээс ч удаж байгаа. Тээврийн зардал 1.5 саяд төгрөг байсан бол одоо 4.5 сая төгрөг болж нэмэгдсэн.  Тэгэхээр хэт үнэтэй тусахаар хүмүүс машин авч чадахгүй байна. Цагаан сарын дараа машины худалдаа нам зогсдог. Тавдугаар сар хүртэл машин борлуулах гэсэн ойлголт бараг байхгүй дээ. Мөн улирлаас шалтгаалж хүмүүсийн худалдан авалт өсөх, буурах хандлагатай байдаг. Жишээ нь зуны болон урин дулаан цагт хүмүүсийн автомашин худалдан авах нь эрс нэмэгддэг" гэлээ.

        Хамгийн эрэлттэй нь приус машин байна

Машины ченжүүд хамгийн эрэлттэй нь “Hybrid” машин байгааг онцлов. Тэр дундаа приус 20, 30, 40 гэх машинууд эрэлттэй байгаа аж. “Приус-20” дунджааар 19-23 сая төгрөгийн үнэтэй байгаа бол “Приус-30” 23-25 сая төгрөг, “Харриер” (full option) 45-47 сая төгрөгийн үнэтэй байлаа. Монголчууд шатахуун бага зарцуулдаг хэмээн ихэд авах сонирхолтой байдаг.

Ер нь “Hybrid” гэдэг нь эрлийз, хосолмол гэсэн утгатай үг. Яг дан бензинээр ажилдаггүй давхар цахилгаанаар хослон ажилласнаар бензин мотороос ялгарах хорт утааг багасгх эдийн засгийн хэмнэлттэй технологи юм. Хайбрид машин нь шатахуунд хэмнэлттэй, бага хэмжээний мотортой ч гэсэн хүч их шаардагдах газар нэмэлт электрон моторынхоо тусламжтайгаар хангалттай хүч гаргаж чаддаг гээд давуу тал ихтэй байна.

Машины ченж Болд “Зах дээр машин их, худалдан авагчид ховор байна. Машины үнийг үнэтэй байна л гээд уурлаад байдаг бид дурандаа нэмээгүй шүү дээ. Тээврийн зардал хэд нугарч ирж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Жижиг, үнэ хямд машинууд мэр сэр зарагдаж байна. Гэхээд худалдан авагчдын дийлэнх хувь нь хайбрид машин сонирхож байна. Эдийн засаг хүнд, инфляц өндөр энэ цагт үнэтэй машин авах хүн олдохгүй байх нь арга ч үгүй биз. Тэгээд иргэд бэлэн мөнгөөр худалдан авалт хийх нь ховор байна. Ихэнхдээ Банк бус санхүүгийн байгууллагаар дамжиж авдаг” гэв. 

Иргэн А: “Приус-30” машины үнэ 23 саяас буухгүй байна

Машин худалдан авахаар зах дээр ирсэн иргэн А “Би “Приус-20” маркийн машинаа зарчихаад өөр машин авах санаатай явж байна.  Хоёр жилийн өмнө “приус-20” машинаа 14 сая 300 мянган төгрөгөөр авч байсан. Буцаад яг энэ үнэдээ зарсан. Хуучнаа сайжруулаад “приус-30” болгох гэсэн боловч үнийн хувьд 23 саяас буухгүй байна. Хэт өндөр үнэтэй байгаа учраас үнэ судлаад л явж байна” гэсэн юм.

Мөн машины ченж нарын хэлж байгаагаар хүмүүсийн 70-аас дээш хувь нь банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-аар дамжуулан автомашинаа авч байна гэдгийг хэлсэн юм. Уг нь банкны хүү  ББСБ-ын хүүнээс бага. Гэвч бэлэн мөнгө бага дээр нь бичиг баримтын асуудлаас авахуулаад цаг хугацааны хувьд хүндрэлтэй байдаг учир иргэд ББСБ-т хандах сонирхолтой байдаг аж.

 А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)