Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэд цахилгаан бараа зээлээр авахаар банк, ББСБ-ын үүдэнд дугаарлах болжээ. Иргэдийн ярьж буйгаар зурагт нь эвдэрсэн, эсвэл хулгайд алдсан, хуучин зурагтаа солих гэж байгаа зэрэг өөр өөр шалтгаанаар зээл авахаар дугаарлаж байгаа аж. Иргэн С.Даваажав “Би зурагт лизингээр авах санаатай. Хуучин зурагтны маань гэрэл шатчихсан харлаад үзэж болохгүй болсон. Сар шинийн баяраар ямар үзэх юмгүй сууж байлтай биш. Нийгмийн даатгал төлдөг болохоор зээл гарчих байх гээд л дугаарлаад сууж байна” гэв. Харин иргэн Д.Болор “Цалингийн 300 мянган төгрөг байснаараа цагаан сарын баярт зориулаад хэвийн боов, гурил гээд ойр зуурын юм аваад дууссан. Тиймээс зурагтаа зээлээр авъя гэж бодож байна. Зурагтгүй болохоор хүүхэд үзэх юмгүй хэцүү юм” гэлээ. Дугаарлаж буй зарим иргэдэд “Таны орлого хүрэхгүй байна. Зээл өгөх боломжгүй” гэх зээлийн эдийн засагчийн үг нэлээд хүнд тусч байгаа нь царайнаас нь илт. Нэг нь гарахад өөр нэг нь ирж ахиад л дугаарлана. Ийм дүр зураг ялангуяа ББСБ-уудаар их байна.
Ингээд “Нэт Капитал ББСБ”-ын эдийн засагч Т.Жавхаагаас зээлийн ямар үйлчилгээ эрэлттэй байгаа талаар тодрууллаа.
-Цагаан сарын баяр дөхсөн энэ үед иргэд ихэвчлэн ямар төрлийн зээлийн үйлчилгээ авч байна вэ?
-Салбар бүрийн байршлаас шалтгаалаад иргэдийн авч буй зээлийн төрөл харилцан адилгүй байна. Манай салбарын хувьд автомашины зээл ихэвчлэн олгодогоороо онцлогтой. Үйлчлүүлэгч ч ихтэй байдаг.
-Иргэд ихэвчлэн хэдэн төгрөгийн машин зээлээр хүсдэг вэ?
-Автомашины үнэ харилцан адилгүй. Автомашины үнэ тээврийн зардал, гаалийн татвар зэрэг хүчин зүйлээс хамаарч өмнөх жилүүдээс үнэтэй байгаа. Гэсэн хэдий ч цагаан сарын баяртай холбогдуулан иргэдийн автомашин худалдан авах эрэлт ихэсдэг хэвээрээ байна. Өмнө нь бэлэн мөнгөөр машин худалдан авах сонирхол их байсан. Харин энэ жилийн хувьд зээл авах үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн.
-Тэгвэл танай бусад салбаруудад ямар төрлийн зээл зонхилж байна вэ?
-Ихэнхдээ хэрэглээний зээл гарч байгаа. Баярын өдрөөс бусад үед нэг салбар цахилгаан барааны зээл буюу лизингийн үйлчилгээг 4-5 харилцагчид тогтмол гаргадаг. Харин ойрын өдрүүдэд 7-9 харилцагчид зээл олгож байна. Хамгийн их борлуулалттай байгаа нь 35, 40 инчийн зурагт болон хөргөгчний зээлийн үйлчилгээ байна. Иргэдийн орлогоос хамаарч том гэхээсээ илүү хамгийн жижиг зурагт сонгож байна. Нэгдүгээр сарын 15-наас хойш лизингийн үйлчилгээ эрс нэмэгдсэн. Гэхдээ цагаан сарын баярын дараагаар зээлийн гүйлгээ эргээд буурдаг талтай.
-Танайх өөр ямар төрлийн зээлийн үйлчилгээг гаргадаг вэ?
-Мөн хэрэглээний зээлээс гадна үл хөдлөх хөрөнгө, дугаар барьцаалах, машинаа унангаа эргэн төлөлт хийх зэрэг нөхцөлтэй зээл авах тохиолдол их гарч байна.
-9911-тэй дугаарын үнэлгээ болон зээлийн дээд хязгаарыг сонирхож болох уу?
-9911, 9909, 9910 зэрэг дугаар дээр ихэвчлэн зээл олгодог. Дугаарын хойд цифрээс шалтгаалж 100 сая төгрөг хүртэлх зээл олгож байгаа.
Ц.Ганчимэг
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 13 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14