"Эмзэг цэг-Хяналт шалгалт" арга хэмжээний дүнг танилцууллаа

Admin | 2021-12-06


Нийслэлийн цагдаагийн удирдах газраас "Эмзэг цэг-Хяналт шалгалт" арга хэмжээний дүнгийн талаар танилцууллаа.

2021 оны арванхоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийслэлийн дүүрэг цагдаагийн хэлтсүүдээс офицер 172, цагдаа 367, нийт 519 алба хаагч хяналт шалгалтаар ажиллажээ.

Энэ хугацаанд согтууруулах ундаагаар үйлчилдэг 887, худалддаг 677, бусад 688, нийт 2,242 аж ахуй нэгж, байгууллага, 1,918 иргэнийг шалгаж, цагийн хязгаар зөрчсөн 29, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 25, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 8, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 20, бусад 20 гээд нийт 105 зөрчлийг илрүүлсэн байна.

Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг зарим караоке болон диско баар, ресторан цагийн хязгаарыг зөрчин шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж, иргэдийг архидан согтуурах нөхцөл бүрдүүлсэн байжээ.

Түүнчлэн Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий караоке баарууд Архидан согтуурахтай тэмцэх тухай зэрэг хууль тогтоомжоор хориглосон 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зөрчил илэрчээ.

Эдгээр байгууллагуудад хариуцлага тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)