СУРВАЛЖЛАГА: Иргэд эд зүйлээ ломбарданд тавиад эргэж авч чадахгүй алдах тохиолдол эрс нэмэгджээ

Admin | 2022-01-27


Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн ихтэй байна. Хэдийгээр төр засгийн зүгээс цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байгаа ч иргэд уламжлалт ёс заншил, өв соёлоо бодолцож айл бүр тавгийн идээ, ууцаа авахаар зах, дэлгүүр зорих аж. Гэртээ баяраа тэмдэглэсэн ч тавгийн идээ, ууц, салат хийх жимс, ногоо гээд чамгүй зардал гарна. Тэгээд ч монголчууд тавгийн идээ, шүүс хэр элбэг дэлбэг байна төдий чинээ жилийн өнгө сайхан байна гэж үздэг ард түмэн билээ. Тиймээс цалинтай нэг нь цалингаа, тэтгэвэрийн хөгшид тэтгэвэрээ, хүүхдийн мөнгөө гээд байдаг бүхнээ цагаан сарын баярт зориулж байна. Гэсэн хэдий ч бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдчихсэн энэ үед байгаа хэдэн төгрөг нь хүрэлцэхгүй ББСБ, ломбард зэрэг газрууд руу ард түмэн арга ядсандаа гүйж байна. Манай редакцийн зүгээс ойрын өдрүүдэд ард түмний бодит байдал ямар байгааг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа ломбардны талаар сурвалжлагыг хүргэж байна.

Хотын төвд байрлах ломбарданд иргэд ихэвчлэн гар утас, нөөтбүүк зэрэг тавьж мөнгө зээлдэг бол гэр хорооллын ломбарданд зурагт, хивс зэрэг ахуй хэрэглээний бараа тавьдаг байна. Ломбардаар үйлчлүүлж буй зарим иргэдтэй ярилцахад Ч.Батболд “Цагаан сар болох гээд үнэхээр авсан цалин хаанаа ч хүрэхгүй байна. Ууц гэхэд л 300 төгрөг. Хамгийн хямд нь шүү. Нэг ширхэг хэвийн 2800 төгрөгөөс хэтэрдэггүй байсан бол 4500 төгрөг гэж байна. Бүх юм үнэд орчихсон. Үнэтэй байна гээд ямар сар шинийн баяраар хоосон суултай биш. Цалингийн зээлээр авсан утсаа ломбарданд тавихаар зогсож байна. Ууцаа ч болтугай авъя” гэв. Г.Энхцэцэг “Манайх цагаан сараа гэртээ тэмдэглэнэ. Гэхдээ гэртээ тэмдэглэнэ гээд хоосон суугаад байхгүй шүү дээ. Бүх л хэрэгтэй юм аа авч л таарна. Дор хаяж 800 мянган төгрөг зарцуулахаар байна. Цалингаа аваад байрныхаа зээлэнд өгчихсөн. Үлдсэн хэдээр нь СӨХ-ийн мөнгөө төлсөн. Одоо ээмэг, бөгжөө тавьж цагаан сардаа бэлдэхгүй бол ёс алдсан хэрэг болно. Хөгшиж аав, ээж маань хамт амьдардаг болохоор насны гомдол болно болохгүй” гэв.

     “Хүмүүсийн амьдрал улам л дордож байна”

Баянзүрх дүүрэг Сансрын тунел орчимд байрлах ломбардны эзэн Л.Туяатай цөөн хором ярилцав.

-Үйлчлүүлэгч их байгаа харагдлаа. Ер нь өдөр бүр ийм их үйлчлүүлэгчтэй байдаг уу?

-Цагаан сарын баяр дөхөхөөр үйлчлүүлэгч ихэсдэг. Шинийн нэгний өмнөх нэг, хоёр хоногт бүр хүн ихэснэ. Би 4-5 жил ломбардаа ажиллуулсан болохоор ч тэр үү ойр хавьдаа таньдаг үйлчлүүлэгч ч олон.

-Ихэнхдээ юу барьцаалж зээл олгож байна?

-Цахилгаан бараанаас эхлээд авчирсан зүйлийг нь аль болох үнэлээд зээл өгчих юмсан л гэж  боддог. Утас, нөөтбүүк, цахилгаан багаж, зурагт  гээд олон зүйл авч байгаа.  Заримдаа үнэ хүрэхгүй зүйлээр ч зээл авах гээд ирдэг. Сайн таньдаг бол хэдэн төгрөг өгөөд л гаргадаг.

-Хэд орчим насны хүмүүс зээл их авч байна. Барьцаалсан эд зүйлээ эргүүлэн хугацаандаа авч чадахгүй тохиолдол гарч байна уу?

-18-аас эхлээд 60, 70 настай хүмүүс ч орж ирдэг. Хүмүүс янз янз. Зарим нь тавьсан зүйлээ авна , авахгүй. Ихэнхдээ залуу хүмүүс ямар нэгэн зүйл барьцаалахдаа буцааж авахгүй янзтай байдаг. Аль болох сайн үнэлүүлж мөнгө аваад, хугацаандаа ирэхгүй алга болдог. Ломбард ажиллуулж байгаа бидний хувьд  сайн мэддэг болчихсон  болохоор барьцаалсан зүйлийг нь цааш зар тавьж худалдах маягаар мөнгөө гаргаж авна. Ер хүмүүс эд зүйлээ эргэж ломбарднаас авах нь багассан. Миний бодлоор хүмүүсийн амьдрал улам л дордож байна.

“Цалин нь ядаж хүнсээ ч цуглуулж хүрэхгүй айл олон мянга бий”

 

Үйлчлүүлэгч О.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Та ямар эд зүйлээ барьцаалж зээл авч байна вэ?

-Утсаа барьцаалж зээл авсан.

-Нууц биш бол ямар шалтгаанаар зээл авав?

-Нууц гээд юу байхав дээ. Мөнгөний хэрэг гараад л авлаа. Би уг нь ажил хийдэг хүн. Гэхдээ хаанаа ч хүрэхгүй юм. Баяр болох ч дөхлөө. Ийш тийшээ явахгүй гэртээ халуун бүлээрээ амрах гээд хэд хоногийн хүнсээ бэлдэх гэсэн хэдэн төгрөг дутаад ингээд явж байна. Би ч гэлтгүй авсан цалиндаа ядаж хүнсээ ч олигтой бэлдэж чадахгүй айлууд хэдэн мянга бий. 

ШӨХТГ-аас ломбардуудад шалгалт хийн зөрчил гаргасан нэгжүүдэд шаардлага хүргүүлсэн билээ. Нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжийн бүртгэлийн чиглэлээс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг хасуулах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа. Гэвч бодит байдал дээр иргэдийн амьдрал ломбардтай салшгүй холбоотой болчихоод байна. Тиймээс иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах зэргээр бодлогын түвшинд ажиллах нь төр засгийн ажил биз ээ.

           Ц.Ганчимэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)