Эрээн-Замын-Үүд хилийн боомтын үйл ажиллагаа нээгджээ

Admin | 2022-02-04


Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагаа нээгдлээ. Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд дахин нээв. Замын-Үүд боомтод өнгөрсөн дөрвөн өдөрт цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулан, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулж, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллажээ. Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойш буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-нээс 31-ний өдрийн байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16280 тн ачаа татан авсан байна. "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр, БНХАУ-ын тал цаашид авах уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Эрээн өртөөнөөс өргөн царигаар манай улсын импортын ачаа, тэр дундаа арматур, ган хийц зэрэг овор хэмжээ ихтэй барилгын материал ачих хүсэлт гаргасан байна. Цаашид Эрээн өртөөний хүчин чадал нэмэгдэж, Монгол Улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэх боломжтой болж байгаа аж. Түүнчлэн Замын-Үүд боомтоос гадна Ханги, Мандал боомтоор нүүрс, төмрийн хүдэр, Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал, Булган боомтоор нүүрсний тээвэрлэлт явагдаж буй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)