Б.Болдсайхан тэргүүтэй зүрхний эмч нар Киргиз улсад хүүхдүүдэд зүрхний мэс засал  хийжээ

Admin | 2022-02-06


Б.Болдсайхан тэргүүтэй зүрхний эмч нарын баг Кыргызстан улсад хүүхдүүдэд зүрхний мэс засал хийсэн талаар тус улсын "Вечерний Бишкек" хэвлэл мэдээлжээ. 

Тус хэвлэлд "Монголын "Хязгаараас чинад" хүмүүнлэгийн багийнхан Кыргызстанд сайн үйлсийн аян өрнүүлэхээр  хүрэлцэн ирлээ. Энэ тухай Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн албанаас мэдээллээ" гэжээ.

 

Тус мэдээлэлд "Анагаах ухааны доктор, 33 жилийн туршлагатай зүрхний мэс заслын эмч, FAACCP (Америкийн цээжний хөндийн мэс заслын холбоо)-ны гишүүн Б.Болдсайхан, мөн Зүрхний эмч нарын холбооны ерөнхийлөгч, 35 жилийн туршлагатай хүүхдийн зүрх судасны зөвлөх эмч Л.Бямбасүрэн зэрэг алдартай эмч нар хүрэлцэн ирлээ. 

Эмч нар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуягийн санаачилга, дэмжлэгээр хүрэлцэн ирсэн.

"Хязгаараас чинад" хүмүүнлэгийн эрүүл мэндийн байгууллага нь зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хоёр дахь жилдээ үзүүлж байна. 

Монгол эмч нар хоёрдугаар сарын 2-7-ны хооронд Киргиз улсад ажиллана. Энэ үеэр өдөр бүр ажлын уулзалт хийж, амьжиргааны түвшин доогуур гэр бүлийн хүүхдүүдийг үзэж, зөвлөгөө өгч байна. Мөн Бишкект киргиз эмч нартай хамтарч хоёр хүүхдэд мэс засал хийсэн. Хагалгааны дараах хүүхдийн биеийн байдал тогтвортой байна.

 

Мөн Кыргызстаны алслагдсан бүс нутгийн хоёр хүүхдэд Улаанбаатар хотноо хагалгаа хийх бөгөөд бүх зардлыг Монголын тал хариуцна" гэж мэдээлжээ.

Түүнчлэн хоёрдугаар сарын 4-нд Монгол Улсын Элчин сайд, Бүгд Найрамдах Киргиз Улсын Эрүүл мэндийн дэд сайд нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. 

"Хүүхдийн ирээдүй, тэдний эрүүл мэндийн төлөөх хамтын хүчин чармайлт хил хязгааргүй гэдэгт итгэлтэй байна" гэж Б.Болдсайхан эмч хэлжээ. Тэрээр Элчин сайд С.Ганхуяг болон энэхүү айлчлалыг ивээн тэтгэсэн “ДОС Коммюнити Сервис” буяны сан, “Коллпро” ХХК, “Киргизтелеком” ХК, “Новотел” зочид буудлын захиргаанд талархал илэрхийлжээ.

 

"Нийгмийн ач холбогдолтой энэхүү төслийг Киргиз, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна. Ийм төслүүдийг хэрэгжүүлснээр хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны харилцаа, нөхөрлөлд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэж  Элчин сайд С.Ганхуяг хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)