Шинжлэх ухааны эрдэмтдийн мэдээллийг ESAN системд нэгтгэснээр олон улсад гарах, томоохон төслүүдээ хөдөлгөх боломж нээгдэнэ

Admin | 2021-12-07


Д.Даваасүрэн

Уламжлал болгон зохион байгуулагддаг “Шинжлэх ухааны ажилтны өдөр” болж өнгөрлөө. Өнөө жилийн хувьд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоо үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буйгаараа онцлог байв.  Энэхүү арга хэмжээний үеэр эрдэмтэн, судлаачдын туурвисан сор бүтээлүүдийн дээжээр орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоо үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гаргасан юм. Үзэсгэлэнд археологийн ховор олдворууд, Б.Ренчин гуайн хэрэглэж байсан бичгийн ширээ, Сансарын нислэгтэй холбоотой үзвэрүүд дэлгэгдэн, "Шинжлэх ухаан-100" виртуал музей нээлтээ хийсэн нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж байв. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Степпе Линк Холдинг” ХХК-иас шинжлэх ухаан, боловсролын салбарын багш, судлаачдын бүтээлүүдийг хүртээмжтэй болгох, оюуны өмчийг хамгаалах зорилготой ESAN системийг танилцуулсан юм. Тус системийн хөгжүүлэлтийг хийхдээ дэлхийн хамгийн том буюу Европын холбооны DRM/Digital rights management/-г ашиглан контентын оюуны өмчийг хамгаалж байгаа аж. ESAN ХХК хиймэл оюун ухаанд суурилан ESAN, ESAN Edu, CONTENT CENTER платформуудыг хөгжүүлж байна. CONTENT CENTER платформ дээр хийгдэж буй цахимжуулалтын ажлын хувьд хэвлэмэл бичвэрийг крилл, уйгаржин бичгээс цахим руу шилжүүлэх боломжтой. Цаасан хэлбэрээр байгаа материалыг скайнардаад оруулахыг цахимжуулах гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд тект хувилбарыг тэмдэг таних программ ашиглан үг, өгүүлбэр цаашилбал гадаад хэлнээс орчуулсан хувилбарын хуулбарыг хүртэл шалгах боломжтойгоороо шинэлэг технологи юм.

Ингээд шинжлэх ухааны өдөрлөгийн үеэр салбарын ололт, амжилтын талаар Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэлтэй ярилцлаа.

-Энэ удаагийн шинжлэх ухааны ажилтны өдөрлөгийн гол онцлогоос сонирхуулахгүй юу?

-Жил болгон арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин энэ жил Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан технологи үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой байлаа. Арга хэмжээний үеэр шинжлэх ухааны Виртуал музейг нээсэн. 1921 оноос өдгөөг хүртэл шинжлэх ухааны байгууллагууд хэрхэн хөгжсөн түүхэн замнал болоод тухайн байгууллага, хүрээлэнд ямар судалгааны ажил хийгддэг талаар орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан виртуал музейг нээсэн байгаа. Үүнийг олон нийтэд хүргэх зорилгоор tuukhsoyol.com вэб сайтад байршуулсан. Шинжлэх ухааны түүхийн таван ботийг анх удаагаа эрхлэн гаргасан. Шинжлэх ухааны академи болон түүний харьяа хүрээлэнгүүд уг ажлыг эмхэтгэн зохион байгуулсан. Мөн эрт үеэс өнөөдрийг хүртэлх шинжлэх ухааны салбарт гарсан түүхэн ололт амжилтууд бусад холбоотой мэдээ мэдээллийг нэгтгэсэн байгаа. Энэхүү арга хэмжээний нэг хэсэг нь салбарын зөвлөгөөн байлаа. Зөвлөгөөнөөр шинжлэх ухаан технологийн салбарын өнөөгийн байдал ямар түвшинд байна, үүнд төрөөс ямар бодлого баримталж ажиллаж байгаа, технологийн дөрөвдүгээр хувьсгалын үед бид хэрхэн хөл нийлүүлж алхах, судалгааныхаа ажлыг ямар чиглэлд түлхүү анхаарах зэрэг асуудлыг хэлэлцсэн.

-Төр засгийн зүгээс бодлогын шийдвэрүүд гарч байна гэлээ. Ер нь шинжлэх ухааны аль салбарыг түлхүү бодлогоор дэмжиж байна вэ?

-Шинжлэх ухааны аль нэг салбарыг бус бүхлээр нь анхаарах чухал.  Өнгөрсөн есдүгээр сард шинжлэх ухааны салбарт түүхэн том шийдвэр бүхий тогтоолыг Засгийн газраас гаргасан. Энэхүү 329 дүгээр тогтоолд Шинжлэх ухааны салбарын менежментийг боловсронгуй болгох, Шинжлэх ухаан технологийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, энэ салбарт зарцуулж буй санхүүжилтыг оновчтой болгох, үр дүнд суурилсан схемийг бий болгож хөгжүүлэх зэрэг шийдвэрүүдийг тодорхой тусгасан. Мөн зарим эрдэм шинжилгээний байгууллагуудыг шинээр байгуулах, хуучин байгууллагдсан хэдий ч өнөөг хүртэл төсвөөс хараат ирсэн эрдэм шинжилгээний байгууллагуудыг цаашид үйл ажиллагааг үргэлжлүүлэх зэрэг бодлогын томоохон шийдвэрүүд гарсан. Шинжлэх ухаан технологийн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдэж байгаа. БШУЯ-наас санаачилан Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж батлуулахаар бэлтгэл ажил хангагдаад хэлэлцүүлгийн шатандаа явж байна.

-Шинжлэх ухааныг олон улсын түвшинд хөгжүүлэхийн тулд ямар ажил хийгдэж байна вэ?

- Монголын эрдэмтэд сүүлийн жилүүдэд олон улсын сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлэх байдал эрс нэмэгдсэн. Азийн дунджаас аваад үзэхэд мэргэжлийн сэтгүүлүүдэд бүтээлээ нийтлүүлэх, ишлэлээ нийтлүүлэх үзүүлэлтээр 19 дүгээр байрт орж байна. Эрдэм шинжилгээний ажилтнууд цөөн, улсаас олгож буй санхүүжилт бага өнөөгийн бидний нөхцөлд бол энэ үзүүлэлт чамлахааргүй том амжилт юм.Анагаахын шинжлэх ухааны салбарт АШУҮИС болон түүний салбар хүрээлэнгүүд нэлээд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Саяхан АШУҮИС дээр судалгааны хувьд ч, технник технологийн хувьд ч олон улсын жишиг судалгааны хүрээлэнгүүдтэй дүйцэхүйц Био анагаахын хүрээлэн нээгдсэн байгаа. Өнөөдөр дэлхий нийт цар тахалтай тэмцэж олон судалгаа шинжилгээ хийж байна. Бид ч гэсэн мөр зэрэгцээд судалгаа шинжилгээний ажлууд хийгээд явж байна. Тухайлбал, АШУҮИС дээр шүлснээс ковид оношлох оношлуур гаргаж аваад гарааны компани байгуулаад үйлдвэрлээд, үйлдвэрлэл нь анхны хөрөнгө оруулалтаа нөхчихсөн нэлээд амжилттай явж байна. Дотоодын хийсэн оношлуурыг ашиглаад явж байна. Хувийн хэвшлийнхэн мөн судалгаа шинжилгээний тал дээр нэлээн өргөн хүрээтэй ажиллаж байна. Жишээлбэл, “Монос” группын Эм судлалын хүрээлэнгээс “Чун - 7” гэсэн ковидын эсрэг үйлчилгээтэй эмийг гаргаж авахаар судалгааны ажил нэлээд эрчимтэй явж байна. Судалгааны ажлыг боловсрол, шинжлэх ухааны яамнаас дэмжиж ажиллаж байгаа.

-ESAN-тай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

Шинжлэх ухаан технологийн сан бол Монгол Улсын шинжлэх ухаан технологийн салбарт хэрэгжиж байгаа эрдэм шинжилгээний бүтээлүүдийн тайланг итгэмжлэн хадгалах үүргийг гүйцэтгэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 5800 орчим докторын десертаци, эрдэмтдийн бүтээл хадгалагдаж байна. Мөн 1993 оноош хойших  4200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, 18000 орчим шинэ бүтээл, оновчтой саналын талаарх мэдээлэл хадгалагддаг. Үүнийг зүгээр нэг архивлаад фондлоод хадгалах бус цахим санд нээлттэй болгож хэрэгцээтэй мэдээллээр хангах, эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс 4200 орчим тайланг цахимаар нээлттэй тавьсан байгаа. Төрийн өмчийн зургаан их, дээд сургууль, дээрээс нь Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академийн хамтарсан ажлын хэсгийг БШУ-ны сайдын тушаалаар гарсан. Энэ ажлын хэсэг эрдэм шинжилгээний мэдээллийг хэрхэн зөв зохистой ажлуулах, нэгдсэн платформ дээр байршуулж, хуулж мэдээллийг шалгах бололцоог яаж хангах талаар судалгаа хийж ажиллахад чиглэсэн. ESAN хувьд манай залуучууд өөрсдөө санаачилга гаргаад маш амжилттай ажиллаж байгаа платформ гэж хэлж болно. Шинжлэх ухаан технологийн салбарын мэдээллийг энэ платформд байршуулж мэдээллийн бааз суурь бий болгож ажиллахад зайлшгүй судлах, хамтарч ажиллах байгууллага гэж харж байгаа. Энэ их мэдээллийг платформд байршуулснаар эрдэм шинжилгээний судалгааны ажлыг хүлээж авах, тайлагнах, эрдмийн зэрэг олгох бүтээлүүдийг хамгаалах үед хиймэл оюун ухаан ашиглах зайлшгүй шаардлагатай үүсч байгаа. Тиймээс энэ тал дээр ESAN-тай хамтарч ажиллах бололцоотой гэж бодож байна. Бидэнд технологийн дэвшлээ дагаад цахим сангийн мэдээлэл үүсгэх зайлшгүй шаардлагатай үүсч байна.

Э.Болормаа: ESAN системийн технологийн шийдэл, нээлттэй платформ нь Монгол эрдэмтдийн олон судалгааг эдийн засгийн эргэлтэд оруулах гол хөшүүрэг болох юм

Судлаачдын бүтээлийг ESAN цахим системд төвлөрүүлж нэгтгэснээр эрдэмтдийн эрдмийн ажил, оюуны бүтээлийн үнэлэмж нэмэгдэн, инновац технологид тулгуурласан бизнесүүд хөгжих боломж бүрдэж байгааг ESAN төслийн зөвлөх, Доктор, дэд профессор Э.Болормаа онцолсон юм.

-ESAN системийн шинжхлэх ухааны салбарт үзүүлэх ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?

- Хиймэл оюун ухааны технологийг ашиглан монгол эрдэмтдийн олон тооны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа, хөгжүүлэлтийг/R&D/ олон улсын жишигт хүргэхэд ESAN системийг ашиглах бүрэн боломжтой. Эрдэм шинжилгээний өгүүллүүдийг цахим санд төвлөрүүлснээр цөөн тооны салбарын хүмүүсээр хязгаарлагдахгүй бизнес,  аж үйлдвэр, төрийн байгууллагууд цаашилбал хувь иргэнд ч нээлттэй платформыг бий болгож байна. Ийнхүү судалгааны ажлууд зах зээлийн жамаар хөгжиж, чанар чансаа нь нэмэгдэн улмаар эрдэмтдийн бүтээл гадаадад ч үнэлэгдэх боломж бүрдэнэ. Одоогоор салбарын тухайлсан нарийн мэргэжлийн эрдэмтэд л бие биенийхээ судалгааг мэддэг болохоос биш улсын хэмжээнд ямар түвшний судалгааны бааз суурь, нөөц бидэнд байгаа нь хязгаарлагдмал хэвээр байна. Бодлогын хүрээнд ямар түвшинд ахиц гарч, нийгэм улсын хөгжилд ямар нөлөө үзүүлэх зэргийг тодорхойлоход ESAN системд төвлөрөх эрдэмтдийн судалгааны бааз чухал ач холбогдолтой. 21-р зуунд хиймэл оюун ухааныг ашиглаад томоохон өгөгдлийн статистик боловсруулалт хийх нь өргөн хүрээнд ажиллах дэвшилтэд технологи болоод байгаа. ESAN системд бүх төрлийн ном, сурах бичиг хэвлэмэл материалуудаас гадна их, дээд сургууль хүрээлэнгүүдийн бүтээл болох эрдмийн ажлууд орж ирснээр гол дата бааз бүрдэнэ гэж харж байгаа. Дата бааз үүссэнээр салбарын хөгжилд цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн ажил болно.

 

-Шинжлэх ухааны салбарыг олон улсын түвшинд хөгжүүлэх дорвитой нэг алхам гэж ESAN цахим санг үзэж болох нь ээ?

-Анагаах, химийн шинжлэх ухаан хөгжилтэй улс орнуудын хувьд тэргүүлэх чиглэлүүдийн нэг байдаг. Гэтэл манай улсад энэ салбарт хөрөнгө оруулалт, төсөв бага байгаагаас олон улсын жишгийн R&D хөгжүүлэлт муу хийгдэж байна. Монгол эрдэмтдийн олон тооны судалгаа байгаа ч давхцал, хуулбар шалгуур, уялдаа холбоог тогтоох, бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай холбох буюу энгийнээр хэлбэл оюуны зах дээр арилжиж, оюуны өмчийг үнэлгээжүүлэхэд ESAN системийн баазыг ашиглаж болох юм. Хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт л гэхэд өвчтөнүүдийн мэдээллийг эмнэлэг хооронд тодорхой нууцлалын шаардлагыг ханган чөлөөтэй солилцох, шинжилгээний хариу CT, MRI зургуудын санг үүсгэн хадгалж AI технологи ашиглан оношийг батлах, үнэн зөвийн магадлалыг нэмэгдүүлэх зэрэг хязгааргүй боломжууд бий болж байгаа юм. Гол нь энэ олон судалгааг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Тиймээс хөрөнгө оруулагч томоохон байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй байна. Нэгдүгээрт хөрөнгө оруулагчдын хувьд бизнесийн ашигтай. Нөгөө талдаа улсын бодлогод энэ асуудлыг тусгаад ойрын жилүүдэд энэ чиглэлүүдийг түлхүү хөгжүүлнэ гэж тусгаад зорилгоо тодорхойлчих юм бол том судалгаа, төслүүдэд далайцтай хөрөнгө оруулалт хийх нь чухал гэж бид нар хараад байгаа юм.

-“Content Center”-ийн бүтээсэн ESAN систем монголдоо хамгийн сайн хамгаалттай пламформ гэж хэлж болох уу?

-ESAN системийн хувьд үндсэндээ манайд мэргэжлийн түвшний IT инженерүүд тодорхой стратеги, тактикийн хувьд анхнаасаа өргөн цар хүрээтэй ажиллаж энэхүү цахим санг бий болгосон. Орчин үеийн технологийн шийдлээр хөгжүүлэлт хийгдсэн улбар шар хайлтын хамгийн том систем гэж болно. Хайлт хийхэд зөвхөн монгол хэл гэлтгүй гадаад хэлснээс хайлт бүрэн боломжтой. Учир нь гадаад хэлснээс хуулбарласан орчуулгын материал их байдаг. Англи хэл дээрх материалыг монгол хэл дээр хөрвүүлээд судалгаа эсвэл бүтээлдээ ашигласан байдаг. Үүнийг илрүүлэх боломжтойгоороо давуу талтай. Мөн уйгаржин бичгээс крилл рүү хөрвүүлэх, криллээс уйгаржин бичиг рүү хөрвүүлэх, аудио хэлбэрээр сонсох боломжтой. Мөн бид АНУ болон ОХУ-ын томоохон номын сантай хамтарч, цаашид ч хүрээгээтэлж монгол эрдэмтдийн бүтээлийг гадаад зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол нь дотоодын бүтээгдэхүүнүүдийн нууцлалыг хамгаалахад юуны өмнө их анхаарч байгаа. ESAN систем бол өнөөдрийн хувьд Монголын оюуны салбарт хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Оюуны их өвийг ирээдүй хойчдоо тээж яваа том үүрэг, нийгмийн хариуцлагын ажил юм. Тиймээс үүнийг бүтээсэн, бүтээлцсэн хамт олонд талархлаа илэрхийлэх нь зүйтэй байх аа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)