Б.БАЛЖИННЯМ: Монгол үндэстнийг илэрхийлэх хамгийн гол бэлгэ тэмдэг бол монгол бичиг

Admin | 2022-02-09


Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах учиртай. 

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад амьдарч буй өвөрмонгол иргэд төрийн албаны шат шатны ажилтнуудад үнэ төлбөргүйгээр монгол бичиг заах уриалга гаргаж, "YesMongolbichig" аяныг эхлүүлэх гэж байгаагаа өнөөдөр мэдээллээ.

Аяныг санаачлагч Б.Балжинням "Монгол Улс 2025 оноос монгол бичгээ сэргээж байгаа тул миний бие энэ төслийг санаачлан эхлүүлэх гэж байна. Монгол бичиг бол манай сүр сүлд. Монгол үндэстнийг илэрхийлэх хамгийн гол бэлгэ тэмдэг бол монгол бичиг. Өөрийн бичгийг заавал сурч, сэргээх ёстой. Зарим хүн өөрийнхөө нэрийг монгол бичгээр бичиж чадахгүй байна. Иймд сэргээх ёстой гэж бодож байна. Сургалт гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ" гэлээ. 

Аяны хүрээнд 21 аймгаар явж, дунд сургуулиудын багш нар болон төрийн албаныханд сургалт явуулах юм байна. Харин нийслэлд хүсэлтээ гаргасан аж ахуйн нэгж, албан байгууллагад үе шаттайгаар сургалт явуулахаар төлөвлөжээ. Уг аянд монгол бичгийн хичээлийг 10 гаруй зааж буй багш нар нэгдэхээ илэрхийлсэн байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)