М.МӨНХНАСАН: Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын нь дагуу зарцуулсан уу гэдгийг харуулсан бичиг баримтаа бүрдүүлээд явж байна

Admin | 2022-02-10


Zarig.mn сайтаас Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг /2022.02.11/ "Туушин" зочид буудалд зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлэгт оролцогчдын нэг "Монполимет" ХХК-ийн захирал Н.Мөнхнасангийн байр суурийг хүргэж байна.

Тус компани нь 2014 онд 65 мянган ам.доллар зээлсэн бөгөөд одоогийн зээлийн үлдэгдэл 113.5 тэрбум төгрөг байгаа гэдэг мэдээллийг Хөгжлийн банкнаас өгсөн.

"Монполимет" ХХК-ийн захирал Н.Мөнхнасан “Хөгжлийн банкнаас зээл аваад амжилттай хэрэгжиж байгаа зарим төслүүдийн талаар төрийн байгууллагууд дуугарах болов уу гэж найдаж өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байна.

Хөгжлийн банк авсан зээлүүдээ ил гаргаснаас бус төлөлтүүдийг зарлахгүй байна. Үүнийг ил болгох хэрэгтэй.

"Монполимет" групп 2014 онд “Монцемент” төслийнхөө эхний 80 хувийг гаднаас босгосон. Ингээд Засгийн газраас гаргасан шийдвэрийн үндсэн дээр төслийн 20 хувийг зээлэх нөхцөл бүрдсэн. Хөгжлийн банкнаас МАК, Хөтөл цемент шохойн үйлдвэр зээл авсан гэдгийг дуулаад манайх ч бас зээлийн хүсэлтээ гаргаж байсан.

2014 онд зээлийг төгрөгөөр гаргах тогтоол гарсан ч банк доллароор олгосон. Бид энэ зээлийг дараа жилээс нь төлж эхэлсэн. Тухайн үеийн ханшаар 126 тэрбум төгрөгөөс одоогийн байдлаар 118 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хүү, ханшийн алдагдалтай нь хамт төлөөд байна. Энэ дунд 30-аад тэрбум төгрөгийн ханшийн алдагдлыг аж ахуйн нэгж өөрөө үүрсэн.

Өөрөөр хэлбэл, зээлийн төлөлт хүүтэйгээ нийлээд 50 сая ам.доллар. Тухайн үед ханш 1,943 төгрөгтэй байсан.

Манай төлөлт яагаад ийм өндөр хувьтай байсан гэхээр тухайн үед ханшийн эсрэг авах арга хэмжээг Хөгжлийн банкнаас санал тавиагүй, Монголд хеджинг бүтээгдэхүүн байгаагүй. Бидний авч чадах цорын ганц арга хэмжээ эргэн төлөлтөө хурдан хийх байсан. Тиймээс бид 2018, 2019 онд илүү төлөлттэй явж байгаад 2020, 2021 онуудад цар тахлын улмаас олон хоног хөл хорио тогтоосноор үйлдвэрүүд тэг зогсолт хийсэн. Энэ хугацаанд ямар ч эргэн төлөлт хийх боломжгүй байсан. Одоо хэвийн ажиллах гээд хичээж байгаа ч хяналт шалгалт үргэлжилж байна.

“Монцемент” төслийн эдийн засгийн үр өгөөжийн тухайд, аливаа улсын хөгжил цэцэглэлт цементийн үйлдвэрүүдээсээ эхэлдэг. Хэрэв энэ үйлдвэрүүд байхгүй байсан бол хөл хорионы үеэр барилгын салбар хэрхэн байсан бэ. Нэг ч вагон оруулж ирж чадахгүй нөхцөл байдалтай байлаа шүү дээ. Нэг сая тонн цемент гэдэг 16 мянган вагон гэсэн үг. Тэгэхээр үндэсний үйлдвэртэй байна гэдэг ийм давуу талтай юм.

Хөгжлийн банк үндэсний үйлдвэрүүд дээр 100-аад тэрбум төгрөгийн ханшийн алдагдлаа үүрүүлж байна.

Бид барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, үнийг тогтвортой байлгахыг зорьдог. Бусад бүх барилгын материалын үнэ, тээврийн зардал өссөн. Тэгэхэд дотоодод үйлдвэрлэсэн цементийн үнэ дунджаар 196 мянган төгрөгийн ханштай байна.

АТГ-аас шалгаж байгаа асуудлын тухайд, Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын нь дагуу зарцуулсан уу гэдгийг харуулсан бичиг баримтаа бүрдүүлээд явж байна. “Монцемент” төслийн хүрээнд гурван цогц үйлдвэр баригдаад үйл ажиллагаа явуулж байна.

Энэ бол зүгээр нэг орон сууцны хотхон бариад дараа жил нь ашгаа аваад гарчихдаг төсөл биш юм. Бид маш удаан хугацаанд судалгаа шинжилгээ хийж, гадаадаас хөрөнгө оруулалт босгож байж, үлдсэн 20 хувьдаа Хөгжлийн банкнаас зээл авсан. Харин 80 хувийг нь "Монполимет" групп болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтарч босгосон байсан.  

Олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход барьцаа хөрөнгө шаардлагатай байдаг. Тухайн үед үндэсний томоохон төсөл дээр Засгийн газар оролцохоос өөр аргагүй байсан. Энэ зээлийн хувьд Европын сэргээн босголт хөгжлийн банк барьцаа хөрөнгө шаардахад үйлдвэрээ барьцаалсан. Харин Хөгжлийн банканд түүхий эд болох 200 жилийн нөөцтэй шохойн чулууны ордоо барьцаалж байсан.

Бид Хөгжлийн банктай уулзаад явж байгаа. Энэ жилдээ багтаад тухайн үеийн төгрөгийн ханшаар үндсэн төлбөрөө төлөөд дуусах байх" гэдэг мэдээллийг өглөө. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)