Бүх шатны боловсролын байгууллагын хичээл өнөөдрөөс 100 хувь танхимаар эхэлж буй. Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцэн замын ачаалал эрс нэмэгддэг тул түгжрэлийг бууруулах зорилгоор хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал яригдаж байна. Нийслэлийн боловсролын газраас Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар гэсэн дөрвөн дүүргийн 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналаа гаргаад буй. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар түгжрэлтэй холбоотойгоор боловсролын байгууллагатай хамтран хичээлийн цагийг зохицуулах боломж бүхий судалгаа, туршилтыг хийхийг үүрэг болгосон бөгөөд Их тойруу, Бага тойруу буюу хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай сургуулиудын цагийн хуваарийг зохицуулахаар НБГ-аас тодорхойлсон ч одоогоор ямар нэгэн зохицуулалт хийж, хэрэгжүүлж эхлээгүй байна. Гэхдээ аль болох сурагчдын нас бие, сэтгэхүйн онцлогт тохируулан, шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлан шийдвэр гаргах ёстойг бид зөвлөж байгаа юм. 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш бүтэн хоёр жилийн дараа анх удаа 100 хувь танхимаар хичээллэж байна. Албан ёсны батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу буюу цаг, хуваарь хязгаар оруулахгүй шууд хэрэгжээд эхэлнэ. Анги бүлэгт байгаа хүүхдийн тоо бүрэн танхимдаа хичээллэнэ. Амны хаалтыг тогтмол солих, ангийн агаар сэлгэлт, зай барих боломжийг эрэлхийлэх зохицуулалтыг зөвлөж байна. Харин халдвар илэрсэн болон халдвартай хүнтэй ойр байгаа бол аль болох сургууль, цэцэрлэгт ирүүлэхгүй зайнаас сурах боломжтой байхаар шийдвэрлэсэн. Гадаа хүйтэн байгаа учраас ялангуяа баруун аймгуудад шийдвэр гаргаад Увс аймгийн бага ангийн сурагчид буюу 1-2-р хүүхдүүдийг 11:00 цагт, 3-5-р ангийнхан нь 09:00 цагт эхлэх гэх мэт нар дээр гарсан үед хичээлийг нь эхлүүлэх зохицуулалтыг хүйтний эрч сулартал хийж байна. Бусад аймгаас цар тахал болон хүйтний цаг агаартай холбоотой хичээллэх цагууддаа өөрчлөлт оруулсан талаарх мэдээллийг ирүүлээгүй байна. Хэрэв хүүхэд ойрын хавьтал болсон болон өөрөө халдвар авсан бол тухайн анги бүлгийн хүрээнд зохицуулалт хийнэ. Харин сургуулийг бүхэлд нь хаахгүй" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 23 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14