ОХУ-ын цэргийн арми өчигдөр Украины цэргийн байгууламжууд руу агаараас гал нээж дайралт хийсэн нь дэлхий нийтийг цочроогоод буй. Үүнтэй холбоотойгоор манай улс Украин дахь иргэдээ татах талаар яригдаж байна. Тэгвэл тус хотод амьдарч буй Монгол Улсын иргэн Б.Тэгш-Очир “Би Украины Харьков хотод ажиллаж, амьдардаг. Эхнэр маань Украин улсын иргэн. Бид хоёр хүүхэдтэй. Манай хотод монгол оюутнууд суралцдаг. Одоогийн байдлаар хэчнээн монгол оюутан байгааг сайн хэлж мэдэхгүй. Монголоос тусгай үүргийн онгоц явуулбал эх орон руугаа явмаар байна. Нөхцөл байдал тун хэцүү байна. Оросын талаас өглөөнөөс эхлэн пуужин харавлаа. Газар хөдөлж байгаа юм шиг чичирхийлэл мэдрэгдсэн. Хүмүүс айж, сандарч байна. Бид одоо газар доор метронд нуугдаж байна. Хүмүүс метронд чихэлдэж байна" гэсэн юм. Бид түүний ээж Б.Нинжиндунгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та хүүтэйгээ холбоо барив уу?
-Өчигдөр өдөр утсаар холбогдсон. Түүнээс хойш холбоо тогтоож чаддаггүй. Утас нь холбогддоггүй шөнийг үнэхээр хүнд өнгөрөөлөө. Ямар ч байсан утсаар ярьлаа.
-Нөхцөл байдал ямар байгаа талаар хэлсэн үү?
-Хүү маань “Маш хэцүү байна. Метронд байгаа болохоор хүүхдүүд ханиад хүрсэн” гэж хэлсэн. Утас нь тасраад холбоо барихад хүндрэлтэй байна. Хурдхан шиг л хүүхдүүдээ татаж авах юмсан. Гадаад харилцааны яамнаас монгол иргэдээ татаж авна гэсэн байна. Манай бэр Украины иргэн. 2019 онд хуримаа хийсэн юм. Тэгэхээр бас татаж авах эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямартай ч Гадаад харилцааны яам руу хүүгийнхээ чатаар явуулсан бичиг баримтын зургийг аваад явж байна.
-Ач нар нь хэд орчим настай вэ?
-Том нь 3, бага нь таван сартай.
-Нялх хүүхэд зутарч байгаа даа. ГХЯ-тай, эсвэл ойрхон улсад суух Элчинтэй холбогдсон болов уу?
-Хэлээд юу гэхэв. Тэр нялх амьтад ямар аймшигтай нөхцөлд байгаа бол гэж бодохоос тогтож сууж чадахгүй байна. Хүү маань хаашаа хандсанг нь бол мэдэхгүй. Холбоо тасраад байгаа болохоор олон юм ярьж чадахгүй юм.
-Одоо ч гэсэн метронд байгаа гэнэ үү?
-Тэгсэн. Метронд байна гэж хэлсэн. Харьковын иргэд бүгд л метронд хорогдож байгаа бололтой. Гарч болохгүй.
-Дайралт нь одоо ч үргэлжилж байгаа гэнэ үү?
-Тэрийг сайн мэдэхгүй. Өөрсдийнх нь нөхцөл байдлыг асуугаад тийм ч юм асуух сөхөө байсангүй.
-Хоол ундаа яаж болгож байгаа бол?
-Өөрсдөө л аргалж байгаа гэсэн.
Д.Сүрэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14