НАЙРУУЛАГЧ Г.ЭНХБАТ: “СОНГОУЙЛ 2000X” киног улстөрийн сэдэвтэй гэсэн шалтгаанаар хориглосон

Admin | 2022-02-27


"ТНГРИ” энтертайнментийн бүтээл “СОНГОУЙЛ 2000X” кино нэгдүгээр сарын сүүлээр нээлтээ хийсэн билээ. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас тус киног кино театруудаар цацах, нийтийн хүртээл болгохыг хориглосон  билээ. “СОНГОУЙЛ 2000X” киноны үйл явдал эмгэнэлт инээдмийн киноны төрөлд багтах ч гол санаа нь улс төр, нийгэм, сонгуулийн үйл явцыг харуулсанаараа нээлтээ хийсэн өдрөө л үзэгчдийн анхаарлын татсан юм. Гэвч ийнхүү хориг тавьсан байна. Тус киноны найруулагч Г.Энхбаттай ярилцсанаа хүргэж байна.

 

 

-Киноны нэр олон нийтийн анхаарлыг ихэд татсан. Энэ сэдвийг зоригтой хөндөх болсон шалтгаан нь юу байв?

-Киноны үндсэн жанр  dark comedy  буюу эмгэнэлт инээдэм. Нийгмийн бодит байдлыг уран сайхны аргаар хэтрүүлэг ашиглан үзэгчдэд сонирхолтой байдлаас инээдмийн жанраар хүргэж байгаа нь киноны онцлог. Бидний өдөр тутмын  амьдралд болж байсан, одоо ч болсоор байгаа улс төрийн зарим үйл явдлыг бүтээлдээ уран бүтээлчийн өнцгөөс тусган харуулсан учир үзэгчдийн сонирхлыг их татаж байгаа болов уу.

-Яагаад “СОНГОУЙЛ 2000X” киног кино театрууд болон сувгуудаар цацахыг хориглосон юм бэ?

-Улстөрийн сэдэвтэй гэсэн шалтгаанаар хориглосон. Өөр тодорхой мэдээлэлгүй байна.

-Аль нэг намын захиалгаар хийгдсэн гэх хардлага бий?

-Намын болон хувь хүний захиалгаар уг бүтээлээ хийгээгүй гэдгээ итгэлтэй хэлнэ. Хэт улс төржсөн нэг талыг барьсан агуулгатай биш. Бүтээлд гарах нэр дэвшсэн нам, тойрог, нэр дэвшигч гээд уран сайхны зохиомол үзэгдлүүд.

-Монголд өмнө нь эмгэнэлт инээдмийн жанраар дэлгэцийн бүрэн хэмжээний бүтээл гарч байгаагүй гэж сонссон?

-Богино хэмжээний хэд хэдэн бүтээл байдаг ч уг жанраар бүрэн хэмжээний кино өмнө хийгдэж байгаагүй болов уу.

 

 

 

-Киноны судалгааг хийх явцад асуудал тулгарсан уу?

-Нийгмийн бодит байдлыг голчлон судалсан. Киноны зохиол анх 2018 оны хоёрдугаар сарын 12-нд гарчиг тавигдан эхэлж байлаа. Цар тахлаас шалтгаалаад ажлууд бага зэрэг удааширсан ч зохиол дээрээ сайн тулж ажиллах цаг гарсан. Ийнхүү хоёр жилийн хугацаанд кино зохиолоо бичсэн. Тэр хугацаанд киноны ерөнхий онцлогийг харгалзан нэмэлт болон хасах зүйл их гарсаар өнгөрсөн оны гуравдугаар сард эцсийн байдлаар дууссан. Ингээд долоон сард зураг авалтын ажил эхлэн, үйл явц, эвлүүлэг, өнгө дүрс дуу гээд олон гүйцэтгэлүүд хийгдэж ийнхүү үзэгчдэд хүрэхэд бэлэн болж кино театрт нээлтээ хийсэн.

-Тус бүтээлээр үзэгчдэд юу ойлгуулахыг зорив?

-Ялангуяа залуу хүмүүс бид бодох хэрэгтэй. Үр хойчоо сайн нийгэм, сайхан орчинд амьдруулахын тулд бид ирээдүйгээ худал зүйл сайхнаар яригчдад тав арван төгрөгөөр худалдахаа зогсоох чухал. Боловсрол, зөв бодолтой хүмүүсийг л сонгох хэрэгтэй шүү дээ. Бүтээлийг маань хүлээн авсан үзэгчид буруу сонголтондоо харуусан маргааш нь уйлахгүйн тулд ирээдүй, үр хүүхэд, эх орныхоо төлөө өнөөдөр сонголтоо зөв хийх нь чухал гэсэн гол санааг ойлгож аваасай. Хамгийн тэнэг хүн хамгийн ухаантай зүйл ярихад өөрсдийн төлөөлөл болгон төрд гаргасаар байна. Тэр хүн үнэндээ юу ч хийж чадахгүй байж мэдэх тул судласан сонголт хамгийн зөв. Мөн бид ямар сонголт хийж одоо ийм нийгэмд амьдарч байгаагаа киноноос харна гэдэгт итгэлтэй байна.

-Хэдийгээр кино театруудаар гаргахыг хориглосон ч сошиал хуудсуудаар танай кинонууд цацагдсан байсан уу?

- Тийм ээ. Нэгэнт л хориг тавьчихсан юм чинь гээд бид "СОНГОУЙЛ 2000X" киног youtube, facebook сувгуудад байршуулсан байсан.

                                                                                                                                                                                 Ц.ГАНЧИМЭГ

 

Кино зураг авалтын үеийн зургуудаас сонирхуулж байна:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)