Нийгмийн асуудалд нэгдэж шийдэлд хүргэж суръя

Admin | 2022-02-28


Саяхандаа бид монгол охиныг Өмнөд Солонгосын сурагчид зодсон асуудлыг Хөх ордны Ерөнхийлөгчийнх нь ажлын алба хүртэл анхааруулж чадсан. Үр дүнд нь орхигдсон байсан хэрэг нээгдэж буруутай сурагчид ял сонссон. Хөх ордон цахим хуудсандаа нийгэмд үүссэн томоохон асуудлыг байршуулж олон нийтийн саналыг авдаг. Хэр олон хүн анхаарал хандуулж санал өгснөөс хамаарч төр засаг тухайн асуудлыг анхааралдаа авдаг байна. Энэ бол төр иргэнтэйгээ хамтарч ажиллаж байгаа нэг хэлбэр юм. Японд нийгэмд үүсээд буй олон нийтийн эрх ашиг хөндөгдөх халуун сэдвийг хэвлэл мэдээллийн салбар нэгдэж хэдэн сараар олон талаас нь нүддэг байна. Ингэж төр засгийн хэмжээнд хүргэж олон нийтийн дунд санал асуулга, хэлэлцүүлэг өрнүүлдэг аж. Тухайлбал, сургуулийн орчин дахь сурагчдын гадуурхалтын талаарх сэдэв хамгийн удаан хэлэлцсэн, олон талын хүчин зүйлс нөлөөлдөг өргөн цар хүрээтэй асуудал байж. Иймэрхүү байдлаар олон сар яригдаж шийдэлд хүрсэн асуудал ахиад маргаан дагуулах нь ховор гэнэ. Яг үүн шиг манай хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн нийгэмд үүсээд буй нийтийн эрх ашгийн төлөөх асуудалд нэгдэж хэдэн сараар ч хамаагүй мэдээллэх хэрэгтэй байна. Эс бөгөөс цахим орчин эрчээ авч буй эрин зуунд хоёр өдөр сэвээд бүгд мартдаг байдал хэвээрээ л байх болно. Сая Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд нэлээд сайн “нүдэж” ажилласан. Олон талаас нь асуудлыг гаргаж ирсэн. Гэвч Орос Украины дайны чимээнээр дарагдах нь тэр. Дайн намжихад өөр нэг асуудалд оролцоно. Ингэж сэдэв бүрийг сэвчихээд эргээд шийдэлгүй орхидог нь монголчуудын зан. Энэ дутагдлыг нь улстөрчид нь мэддэг учраас ар хударгаар нь ажиллаад сурчихсан. Хаана ямар сенсаци дэлгэж анхаарлыг өөр тийш чиглүүлэхдээ гаргууд болжээ. Харин ард түмэн бид асуудалтайгаа үлдсэн хэвээр. Зөвхөн Хөгжлийн банк ч биш хүчиндэгч, хүчирхийлэгч, хулгай, авлига, хууль бус үйлдлийг, цаашлаад дэд бүтэцтэй холбоотой асуудал зэргийг олнны анхааралд авчирч шийдэх нь хэтдээ зөв технологи юм. Гэхдээ манайд нэг шийдвэр гаргахдаа 14 хоног санал асуулга явуулаад шийддэг байдлаас арай өөр, далайцтайгаар шүү.

Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)